ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулжээ.
Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулжээ. Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн иржээ.
Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явагдаж байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд үржүүлж байгаа, хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан тухай ХХААХҮ-ийн яамнаас мэдээлж байна.
Монгол Улсын Засгийн газраас уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан бодлого барьж байгаа аж. Ингэхдээ газар тариалан, төвийн бүс орчимд эрчимжсэн мал аж ахуйг мах, сүүний гэсэн хоёр төрлөөр хөгжүүлнэ. Мах, сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонины аж ахуйг бодлогын хувьд дэмжихдээ өндөр ашиг шимтэй, Монгол Улсад нутагшин үржих боломжтой малыг импортлон цэврээр нь үржүүлэх, цөм сүргийн болоод цэвэр чигээр нь ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжих юм байна. Дээрээс нь гахай, шувууны аж ахуйг дэмжинэ.