Thursday, November 21, 2024

Орчуулгагүй хэл буюу бизнесийн соёл

Date:

Улс орон бүр ёс заншил, өв уламжлал, соёл иргэншлээрээ өөр хоорондоо ялгаатай. Үүний адил ажил хэрэг явуулах өөрийн гэсэн арга барилтай байдаг. Тиймээс улс орнуудын ажил хэрэг эрхлэн явуулдаг онцлог буюу бизнесийн соёлын тухай мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Япончууд нөлөөнд автах нь бага

Япончууд өөрсдийн бүлэг дотроо санаагаа чөлөөтэй солилцож нээлттэй байдаг. Бүлэгтээ үнэнч байдал нь тэднийг тодорхой, бодитой болгодог.Гадны нөлөөнд автдаггүй хүмүүс. Тэд өөрсдийгөө бусдын хэрэгцээг урьдчилан мэдэж чаддаг хэмээн бахархдаг.Япончууд бодит байдлаас илүүтэйгээр өөрийн мэдрэмжид итгэдэг.Бүлгийн дундаас гаргасан шийдвэрт хувь хүний санаа бодол давамгайлах нь үгүй.Ер нь бүлгийн хамтач сэтгэлгээ давамгайлдаг.Япон хүний хувьд аливаа зүйлд санаа зовних нь их.Японд ихээхэн хүчтэй тогтносон бүлгийн хамтын ажиллагаа, албан ажлын ёс зүй нь нийгмийн амьдралыг тогтвортой болгож өгдөг.Тэд хүүхэд байхаасаа сэтгэл хөдлөлөө барьж сурах бөгөөд тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор зан байдал нь илэрдэг байна.

Япончууд нэрийн хуудсыг маш чухалд тооцдог. Нэрийн хуудсыг танилцангаа барих боловч бөхийн мэндчилсний дараа солилцоно. Япон хүний нэрийн хуудсыг аваад заавал уншиж үзэх хэрэгтэй. Түүнчлэн нэрийн хуудсыг халаасандаа хийх, хэтэвчиндээ хийгээд өмднийхөө арын халаасанд хийх явдал нь бүдүүлэгт тооцогдоно.Япон хүний дэргэд нэрийн хуудсан дээр тэмдэглэл хийж болохгүй.

Бизнес дайллага нь ихэвчлэн ажил дууссаны дараа баар, ресторан, караоке зэрэг газарт зохион байгуулагдана.Таныг урьсан түншдээ өөрийнхөө өмнөөс хоол захиалахыг зөвшөөрдөг.Хоол идэх үедээ хөгжилтэй байж, дараа нь маш их баярлаж талархсанаа илэрхийлэх хэрэгтэй. Япон айлд орох үедээ үүдэнд нь гутлаа тайлаад гэрийн шаахайнаас өмсөнө. Ариун цэврийн өрөөнд орохдоо ч мөн шаахайгаа солиод, гарахдаа гэрийн шаахайг солин өмсдөг. Оройн зоогийг ерөнхийдөө удаан иддэг ч 23.00 цаг гэхэд дууссан байдаг. Хооллох үедээ савхаар бусдыг заан ярьдаггүй. Энэ улсад бизнесийн зорилгоор бэлэг өгөх явдал түгээмэл. Бэлэг өгөх хамгийн тохиромжтой үе нь эхний жилийн хагас

.Япон хүний хувьд бэлэг гардуулан өгөх ёслол их чухалд тооцогддог. Тэд бэлгийг авсан даруйдаа задалж үздэггүй. Тэр нь таны бэлгийг тоохгүй байна гэсэн үг биш.Сайн бэлгэнд өөрийн орны үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн, гар урлал уран зураг ордог байна. Япон хүнд бэлгээ боодолтойгоор өгөх нь зүйтэй.Япончууд цагаан өнгийн цэцгийг гашуудлын утгаар хэрэглэдэг. Мөн тэгш тоотой бэлэг, цэцэг бусдад өгдөггүй. Тэр тусмаа дөрвийн тоог муу ёрын тоо гэж үздэг учир бэлэгшээдэггүй байна. Тус улсад бизнесийн уулзалтад эрчүүд уламжлалт костьюм болон үдээсгүй гутал өмсөх нь түгээмэл. Бүсгүйчүүд мөн хослол өмсөнө. Гэхдээ өмд өмсдөггүй. Өндөр өсгийтэй туфлийг өдөр тутам өмсөхгүй бөгөөд үнэт эдлэл, сүрчиг, нүүрний будгийг тохируулж багахан хэрэглэдэгбайна.

Солонгосчууд ганцаарчилсан уулзалтад дуртай

Өмнөд Солонгосын соёлын онцлог нь гадаад ертөнцийн нөлөөллөөс хаалттай байх үндсийг тавьж өгдөг. Боловсролын тогтолцоо нь аливаа зүйлд уялдаа холбоотойгоор өөрийн байр сууринаас хандахыг сургадаг.Ямар ч нөхцөл байдалд тухайн хүний оролцоо хүчтэй байдаг. Тэд аливаа асуудалд өөрийн мэдрэмж, зөн билэгтээ тулгуурлан хандана. Үндсэрхэг үзэл нь тэдний амьдралын хэв маяг, итгэл үнэмшилд шингэсэн.Хүн бүр хариуцсан ажлынхаа хувьд өөрийн үүргээ ухамсарласан. Тухайлбал удирдаж байгаа хүндээ итгэл хүндэтгэлтэйгээр хандах, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэг, удирдуулж буй хүмүүстээ шударга, нинжин сэтгэлээр ханддаг зэрэг нь Өмнөд Солонгосчуудын гол онцлог. Бизнест багийн хамтын ажиллагааг чухалд тооцно.Залуус нь ахмадууддаа хүндэтгэлтэй хандах бөгөөд ахмадууд нь залуусыг чиглүүлж өгдөг. Солонгосчууд ихэнх тохиолдолд ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулдаг. Харилцаж байгаа түнштэйгээ гүнзгий харилцаа тогтоох нь бизнест ихээхэн чухал байдаг. Өмнөд Солонгост нас, албан тушаал, цол хэргэм чухал.Бүлэг хэсгээрээ уулзалтад оролцох үед хамгийн өндөр албан тушаалтан нь түрүүлж орох бөгөөд улмаар бусад нь зэрэг дэвийн дагуу дараалан орцгоодог. Тэд нэрийн хуудсыг маш чухалд тооцно. Нэрийн хуудсыг баруун гараараа өгч, авалцдаг.Нэрийн хуудасны ард юм бичиж тэмдэглэдэггүй.

Бизнес зоогийг ихэвчлэн ресторанд зохион байгуулна. Талархлаа илэрхийлэхдээ бөхийн ёсолдог. Солонгос айлд, ресторанд, сүм хийдэд орох үед гутлаа тайлдаг заншилтай. Бусдыг урьсан хүн нь үнийг нь төлдөг. Залуу хүн ахмад хүний өмнөөс мөнгө төлөх нь эелдэгт тооцогдоно. Солонгос хүнд өгөх боломжийн бэлгэнд хувийн хэрэглээний биш гар урлалын зүйлс орно. Солонгос айлд уригдвал жимс, шоколад, жижиг дурсгалын зүйлс өгдөг. Архи дарсны зүйлийг зөвхөн эрчүүдэд өгөх нь зохимжтой. Бэлгийг үргэлж хоёр гараараа өгч, авалцах хэрэгтэй. Бэлгийг өгсөн хүнийхээ дэргэд задалж үздэггүй. Бэлгийн хариуд ижил үнэ цэнэтэй бэлгийг буцааж өгдөг заншилтай. Бизнес уулзалтад эрэгтэйчүүд костюм, зангиа, цагаан цамц ихэвчлэн өмсдөг. Бүсгүйчүүд хослол, цамц, банзал, даашинз өмсдөг байна.

Бэлэг өгөхөөс хоолонд урих нь дээр

Англи хүн ерөнхийдөө олонх асуудлын хувьд маргаанд оролцох дуртай, үзэл бодлоосоо тийм ч амархан татгалздаггүй. Мэдээлэлд өөрийн ойлголт, үзэл бодлын үүднээс нэлээд дүн шинжилгээ хийж боловсруулдаг. Аливаа асуудалд агуулгын талаас хийсвэрлэн хандахаас илүүтэйгээр хууль, дүрэм журмыг баримтлахыг зорьдог. Тэд зөвхөн бодит баримттай зүйлд итгэдэг. Мөн тухайн асуудлын талаар өөрийн мэдрэмжинд бага зэрэг найдна. Асуудлыг дуугүй өнгөрөөхдөө гарамгай хүмүүс. Англичууд ихээхэн бие даасан хүмүүс болохын зэрэгцээ өөрсдийн гаргасан шийдвэрт хариуцлага хүлээж чаддаг. Цагийг нарийн баримталдаг учраас товлосон хугацаанаас хоцорвол сэтгэл нь ихээхэн зовнидог. Сэтгэлийн хөдөлгөөнөө олны дунд харуулаад байдаггүй.

Ажил хэргийн айлчлалаа хэдэн өдрийн өмнө товлож, хүрэлцэн очихын өмнө заавал баталгаажуулна. Бизнес ажил хэргийн үдийн зоогийг ихэвчлэн уушийн газарт хөнгөн хоол идэх хэлбэрээр зохион байгуулдаг. Дээд тушаалын дарга ажилтнууд нь ажил хэргийн зоогийг ресторанд болон тусгай уулзалтын газруудад барьдаг. Англид бэлэг дурсгалыг ажил хэргийн харилцаанд чухал гэж үздэггүй. Бэлэг өгөхөөс илүү хоолонд эсвэл үзвэрт урихад тэд дуртай зөвшөөрдөг. Хэрэв англи айлд уригдсан бол ликёр, шампанск, шоколад авч очиж болно. Дараа нь талархлаа илэрхийлсэн зурвас бичиж зарлагаар явуулах нь хүндэтгэлийн нэг хэлбэр болдог.Бизнес хувцаслалтад уламжлалт хэв маягийн хувцас голдуу өмсдөг. Эрчүүд үдээстэй гутал өмсөх ёстой. Эрчүүдийн цамц халаасгүй, хэрэв халаастай бол тэр нь хоосон байх ёстой гэж үздэг. Эрчүүд судалтай зангиа зүүдэггүй.Түүнчлэн хувцаслалт нь дээд зэргийн чанартай байх ёстой бөгөөд заавал шинэ байх албагүй гэж үздэг байна.

Шүүмжлэмтгий, ихэмсэг францчууд

Францчууд ерөнхийдөө аливаа мэдээллийг амархан хүлээн зөвшөөрдөг, санаа бодлоо ч амархан өөрчилдөг хүмүүс. Тэд соёлын хэм хэмжээг зөрчсөн зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Санаа гаргах нь тэдний хувьд ч чухал бөгөөд тэд аливаа зүйлд үнэлэлт дүгнэлттэй, шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг. Франц хүн асуудлын учир шалтгаанд дүн шинжилгээ хийн шүүмжлэлтэй хандахдаа уран сэтгэмж, логик уялдаа холбоотойгоор авч үздэг. Тэд маргалдах их дуртай. Өв соёлоороо бахархах байдал нь тэднийг биеэ тоосон хүмүүс мэт санагдуулах нь бий. Францчууд ихээхэн бие даасан хүмүүс болохын зэрэгцээ шийдвэрийг аль болох түргэн гаргахыг эрмэлздэг байна. Тэдний боловсрол нь нийгэмд байр сууриа эзлэх гол шалгуур нь болдог. Францчууд нийгэмд эзлэх байрь суурь, зэрэг дэв, албан тушаалд их анхаарна. Нэрийн хуудсанд маш нямбай ханддаг. Бизнес ажил хэргийн зоог нь өглөө, өдөр, оройн зоогны хэдийд ч байж болно. Зоогийг санаачилсан тал төлбөрийг хариуцна.Францчуудын хувьд сайн чанартай ухаалаг сонголттой бэлгэнд ном, хөгжим, дуу хуурцаг ордог. Францчууд хувцаслалтын талаар өндөр мэдлэгтэй, өргөн сонголттой хүмүүс. Тэд сайн чанарын хувцас өмсөх дуртай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...