Sunday, November 24, 2024

Үндэстэн дамнасан корпорациудын татварыг нэмэхээр болжээ

Date:

“Их 7”-гийн бүлэг үндэстэн дамнасан компаниудыг илүү татвар төлөх нөхцөлтэй “түүхэн” тохиролцоонд хүрчээ. Бүлгийн Сангийн сайд нар томоохон корпорацийн татварын доод хэмжээг 15 хувь байлгахаар тохиролцлоо. Ингэснээр аж ахуйн нэгжийн татварын өрсөлдөөнийг эцэслэж, дунд анги, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шударга байдлыг хангах юм.

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулсан Их Британийн Сангийн сайд Риши Сунакийн хэлснээр дэлхийн татварын шинэ систем, цахим эринд тохирсон гэрээ болжээ. Германы Сангийн сайд Олаф Шольц “Татварын шударга ёс, эв санааны нэгдэлд сайн мэдээ түгээлээ. Харин татварын “диваажин”-гийн хувьд муу мэдээ болсон. Компаниуд зарим улсад бага татвар төлдөг байсан бол одоо үүргээ эрх тэгш биелүүлнэ” гэжээ. Улс дамнасан үйл ажиллагаа явуулдаг компаниудад татвар ногдуулах бэрхшээлтэй Засгийн газрууд удаан хугацааны туршид тэмцсэн. “Амазон”, “Фэйсбүүк” зэрэг технологийн корпорацуудын үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн татвар тулгамдсан сэдэв болсон. Компаниуд татварын хэмжээ харьцангуй доогуур улс орнуудад дотоодын салбараа байгуулж, ашиг орлогоо мэдүүлж байв. Ашиг нь ихэвчлэн өөр улсад хийсэн борлуулалтаас бүрддэг байсан ч орон нутгийн татварын хэмжээгээр л төлдөг байсан юм. Үүнийг хууль бус гэх үндэслэлгүй ч “Их 7”-гийн бүлэг компаниудыг ашиг орлогоо мэдүүлэхээсээ илүү бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарж борлуулдаг улс орондоо илүү их татвар төлөхийг зорьжээ. Энэ бол Европын Сангийн сайд нарын олон жилийн мөрөөдөл байсан. Харин одоо цар тахлын улмаас хоосорсон татварын сангаа нөхөх боломжтой боллоо.

Корпорацийн татварын доод хэмжээ 15 хувь нь харьцангуй бага тоо. Цаашид нэмж магадгүй. Гэрээг ОХУ, БНХАУ, Бразил зэрэг өргөн хүрээг хамарсан “Их 20” бүлгийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр нарийвчлан хэлэлцэх юм. Уулзалт Венецид ирэх сард болно. Үндэстэн дамнасан компаниудыг үйл ажиллагааныхаа “тулгуур багана”-д тооцдог улсад татвараа төлөх журам 10 хувийн ашгийн хэмжээтэй компаниудад үйлчилнэ. Ашгийн 20 хувийг үйл ажиллагаа явуулдаг улс оронд дахин хуваарилах аж. Их Британид корпорацийн татвар 19 хувь бөгөөд 2023 онд 25 хувьд хүргэх зорилт тавьжээ. Европын холбооны эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Паоло Жентилони хэлэлцээрийг “Дэлхийн хэмжээнд байгаагүй татварын шинэчлэл хийх алхам” гэж тодорхойлоод Венецийн уулзалтаар баталгаажуулахад хувь нэмэр оруулахаа амлажээ. Ирландад 12.5 хувийн татварын доод түвшинг санал болгодог. Тус улсын Сангийн сайд Пасчал Донохо татварын дүрмийг шинэчлэхдээ 38 гишүүнтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шийдвэрийг харгалзан үзэхийг хүсчээ.

ШИНЭЧЛЭЛИЙГ КОРПОРАЦИУД ДЭМЖЛЭЭ

Технологийн фирмүүд тэдний саналыг хүлээж авсан байна. “Фэйсбүүк”-ийн дэд ерөнхийлөгч Ник Клегг “Их 7”-гийн шаардлагыг зөвшөөрч”Бизнес эрхлэгчдэд баталгаатай болох, дэлхийн татварын системд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн анхны чухал алхам” гэж тодорхойллоо. “Амазон”-ы хэвлэлийн төлөөлөгч “Олон улсын татварын системд тогтвортой байдлыг бий болгоход тусална. “Их 7”-гийн тохиролцоо энэ зорилгод хүрэхэд нэг алхам ойртууллаа” гэсэн юм. “Google” компани албан ёсны цахим хуудастаа “Олон улсын татварын дүрмийг шинэчлэхийг бид дэмжинэ. Улс орнууд тэнцвэртэй, удаан хэрэгжих хэлэлцээрийг удахгүй эцэслэн бататгахын тулд үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ( Сангийн яам) тэргүүн Жанет Йеллен Их Британи, Европын холбооны орнуудаас авдаг үндэсний дижитал үйлчилгээний татварыг цуцалж, шинэчлэхээ мэдэгдсэн. Ийм татварыг Америкийн технологийн аварга компаниудыг шударга бусаар онилсон гэж үздэг. Тэрбээр сүүлийн 30 жилийн хугацаанд улс орнууд үндэстэн дамнасан корпорацуудыг татахын тулд аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээг бууруулсныг онцлон тэмдэглэлээ. Гэсэн хэдий ч түүний хэлснээр Засгийн газрууд “Олон нийтэд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд хангалттай орлого олох тогтвортой татварын системтэй байх ёстой.

Америкийн эрх баригчид зөвхөн хамгийн том үндэстэн дамнасан компаниудад нөлөөлөх татварын шинэ загварыг нэвтрүүлсэн. АНУ 135 оронд, тэр дундаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад санал хүргүүлжээ. “Финансиал таймс” сонинд тэмдэглэснээр энэхүү санаачилга нь дэлхийн аж ахуйн нэгжийн албан татварын доод хэмжээний нэг хэсэг юм. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээг 21 хувиас 28 болгож өсгөхөөр төлөвлөж байгаа тул бизнес эрхлэхэд шаардагдах хамгийн бага татварыг нэгдмэл болгох нь АНУ-ын хувьд нэн чухал юм. Гэхдээ энэхүү алхам нь Америкийн компаниудыг оффшор бүс рүү нүүхэд хүргэж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: mongoliinunen.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...