Friday, November 22, 2024

Кино драмын гуравдугаар төгсөлтийнхөн буюу дурсамж дүүрэн 50 жил

Date:

-Их урлагт зүтгэсэн 50 жил хийгээд УБДС-ийн Кино драмын ангийн 3 дахь төгсөлтийнхөндөө зориулав-

Одоогоос 50-аад жилийн өмнө Гадаад яамны баруун талд нэгэн дүнсгэр саарал байшин саяхан болтол байсан юм. Тухайн цагтаа энэ байшингаас өдөр шөнөгүй хөгжмийн аялгуу цуурайлж байсан нь улсын яруу тунгалаг симфони найрал хөгжим байрлаж байсан хэрэг. Цааших түүхээс үзвэл Улсын киноны хороо байрлаж, 1945 онд бүтээгдсэн “Цогт тайж” уран сайхны киноны Цогтын байшингийн дотор талын зургийг энэхүү байшинд авч байсан түүхтэй юм билээ. 1967 оны намар цагт уг байшингийн зүүн талын хаалгаар УБДС-ийн Кино драмын ангийн гурав дахь элсэлтийн оюутнууд болох 20 гаруй хүн тал талаас цугларч, урлагийн номын дуу анх сонссон түүхээс өгүүлсү.

Бараг л гурван үеийн төлөөлөл гэж болохоор костюмтай, зангиа зүүсэн дарга байрын эрхмүүд, гоё ганган гэж жигтэйхэн дэгэж дэрвэсэн театр чуулгын жүжигчин байсан хүүхэн харцуул, дөнгөж 10 жилийн ширээнээс мултарсан мань мэтийн жулдрайнууд ч бас иржээ. Ангийн багш гэж харахад харц далдирмаар очтон гэрэлтсэн харцтай аж. Мань эрийн дуу нь тэнгэрт нэг хадаж, газарт тас бууна. Яльгүй сайн харвал бяцхан майга хар хүн. За, нөгөө “Хар” Раднаа гээч нь юмсанжээ. Тэрбээр УБДС-ийн Кино драмын ангийн тэнхимийн эрхлэгч, бидний өмнөх хоёр дахь төгсөлтийн багшаар ажиллаж байсан ажээ.

Анхны хичээлээс эхлээд өрөөнд ялаа дүнгэнэж дуулдахаар нам гүм орчинд мань эрийн амнаас юу л унана, энд тэнд шуухитнан бичиж тэмдэглэж суудагсан. Байчихаад “Значит!” гээд матигар хуруугаараа ширээ шаахад айдас хүйдэстэй суудагсан хөөрхийс. Этюд гэнэ ээ. Үг хэлэхгүй, биеэр үзүүлдэг үзүүлбэр юм байх. Ингээд этюд гэдгийг ах нар эхлээд хийж үзүүлэв. Нэг өндөр шар хүн босоод тэшүүрээр гулгаж байгааг гайгүй сайн үзүүлж байснаа гэнэт халтирч унаж байгааг харуулав. Гэтэл Багш “Чи яагаад барлаж байгаа юм” гэнэ. “Барлаж” гэдэг нь гаднаас дуурайж үзүүлэхийг хэлж байгаа юм. Тэгсэн нөгөө нөхөр нь биеийн тамирын багш М.Огоон ах юмсанжээ. Өөрийнхөө чаддаг юмыг үзүүлж байгаа нь энэ. Ер нь хараад байхад чадаж байгаа хүн алга. Малын эмч л гэнэ, сантехникийн слесарь, Урт цагааны цагчин, Тосонцэнгэлийн модны үйлдвэрийн ажилчид гээд олон мэргэжилтнүүд цугласан ч урлагийн дөртэй хүн ховор ажээ. Тэгж байтал бас болоогүй, тайзны ярианы багшаар тайрмал үснийхээ дундаас хойшоо сор татсан цагаан судалтай, айхтар шаардлагатай эрхэмсэг хатагтай ирсэн нь “Сүхбаатар” киноны Янжмаад тоглосон УГЖ Ө.Рэнцэнноров гэнэ ээ. Бараг л өдөржин төгөлдөр хуурын дэргэд биднийг зогсоогоод нэг өнгө дараад “А Э О Ө Ү” гээд үглүүлээд байна. Нөгөөхийг нь чадахгүй өдөржингөө давтаад л давтаад л байна, болж байгаа юм алга. Ер нь яаж энэ ангид сурна даа гэж бодох үе ч байсан.

1968 оны хавар уран чадварын шалгалт дээр БНМАУ-ын Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба, зохиолч, найруулагч Л.Ванган гуай нар ирлээ. Бид шалгалтад дэлхийн сонгодог зургуудаар “Отрывок” бэлтгэж үзүүлсэн юм.

Би алдарт зураач Рембрандтын “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” зургаар “Отрывок” бэлтгэлээ. Тэнэмэл хүүд нь Наранбаатар, эцэгт нь Огоон ахыг авсан санагдана. “Отрывок” гэдэг нь зурагт өмнөх болсон үйл явдлыг харуулаад төгсгөлд нь зураг болж дуусгах даалгавар байлаа. Тус шалгалтын төгсгөлд комиссын хүмүүс өөрсдийн санал бодлоо хэлэв. Нэг намхан дарга босож бидэнд хандаж үг хэлсэн нь нөгөө Л.Ванган гуай юмсанжээ. Тэрбээр цааш нь “Та нар урлаг гэж чухам юу болохыг ойлгох хэрэгтэй. Амьдралыг ажиглаж, түүнээс суралцах хэрэгтэй. Урлаг бол амьдралын бодит тусгалыг дүрээр илэрхийлдэг юм шүү дээ. Манай Маамын хийж байгаа юу юм бэ, сайн ойлгосонгүй. Бодвол Оросын нийгмийн ядуу хүмүүс, угаалгын газрын амьдралыг харуулсан юм болов уу” хэмээн нэлээн ярьснаа биднийг эргүүлж тойруулан харж, “Алив Дашзэвгэ бос. Чи эд нарыг бодвол театрын жүжигчин байсан хүн байна” гэв. Оюутан Дашзэвгэ нь драмын театрт “Гарын таван хуруу” жүжгийн Баяраагийн дүрд тоглосон юм байжээ. “Чи бидэнд нэг тахиа болж харуулаач” гэлээ. Дашзэвгэ ч толгойгоо унжуулж, хөл дээрээ цомцогнон тахиа шиг донгодож тогдогонон гүйж эхлэв ээ. Бид хараад нээрээ л жүжигчин хүн гэдэг өөр юм аа. Яг л тахиа болж байна даа гэж шивнэлдэж суутал зогс гээд “Дашзэвгэ, чи тахианы авир занг гаргах ёстой байсан юм. Баян дээрэнгүй тахиа нэг янз, долигнуур зантай гэвэл нэг өөр, ядуу хоосон тахиа гээд өчнөөн янзаар дүрсэлж болно шүү дээ. Чи зөвхөн тахианы гадна талыг л дуурайлаа. Бид анхаарах хэрэгтэй. Энэ нь хүний зан авир, онцлог дүрээр илэрхийлж, дүрийн дотоод мөн чанарыг харуулах хэрэгтэй” гэж билээ. Бас л нөгөө барлах гээчийг харуулжээ. Барлах гэснээс өнөө цагт захын хошин шогийн жүжигчид гээд барлагчид олширчээ.

Энд дурдсаных Л.Ванган гуайн тухай нэгэн дурсамжийг дэлгэхэд, манай ангийн оюутан Т.Пялзай эгч Л.Ванган багшийн эхнэр юм. Хааяа бид хичээл давтах нэрийдлээр тэднийхээр очно. Тэднийд очиход нэг том өрөөний хаалгаар цухас харвал томоо гэгч дөрвөн талдаа арслангийн дүрстэй хүрэн ширээний цаана хуучин цагийн гоё авжур асааж, бичгийн машиныхаа ард Л.Ванган гуай сууж харагдана. Номын сан нь тасалгаагаа тойроод жигд намхан сонин тавилгатай айл байж билээ. Тэрээр заримдаа гал зууханд орж ирээд бидэнтэй ярилцаж байснаа “Маам, хүүхдүүдэд адууны мах шарж өг” гэдэгсэн. Хичээлээ давтах далимд адууны шарсан мах идэж гэдэс гардагсан. Тэгж байтал тун ч эмгэнэлтэй явдал тохиолдож 1968 оны 11 дүгээр сарын үеэр их зохиолч Л.Ванган таалал төгсөж, урлагийнхан төдийгүй улсын соёл, урлагийн салбарт нөхөгдөшгүй гарз учирч билээ. Ханиа залуу насандаа алдаж, хэдэн өнчин хүүхдүүдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, амьдралын хүнд ширүүнийг туулсан хүн бол бидний сайн эгч, найруулагч Т.Пялзай юм. Тэрбээр нугаршгүй чанараараа амьдралын төлөө тэмцэж, тайзны болон кино урлагийн салбарт хувь нэмрээ оруулсан уран бүтээлч билээ.

Ингээд нэгэн хөгтэй дурсамжийг санахад, 1968 оны хавар цэрэг татлага болдог юм байна. Манай ангийн Д.Наранбаатар бид хоёрт зарлан дуудлага ирлээ. Хоёулаа яаж цэргээс чөлөөлөгдөх вэ гээд татлагын газар руу явж байхдаа зөвлөлдөөд, нүд муутай хүнийг авдаггүй юм гэнэ лээ гэлцэв. Эхлээд эмчийн үзлэгт орлоо. Ингээд нүдний эмчид үзүүлэхэд би хялар харлаа. Эмч “Өө, энэ нөхөр нүдээр тэнцэхгүй юм байна” гэлээ. Харин миний дараа Д.Наранбаатар над шиг хялар харж л дээ. Эмч өөр тийш нь алив чи энийг хардаа гэсэнд зүгээр хараад энэ нөхөр бааштай нөхөр байна. Энэ нөхөрийг татна гэжээ. Тэр хавартаа Д.Наранбаатар маань хилийн цэрэгт явж, албаа нэр төртэй хаагаад, манай дараагийн ангид суралцаж төгсөөд, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрт олон жил үр бүтээлтэй ажилласан даа.

Би гэдэг хүн нэгдүгээр курсээ төгсөж байсан тэр үедээ ч урлаг гээч юмны учрыг ойлгохгүй, нэг их юмаар нүдүүлчихсэн мэт толгой дүүрээд чих дүнгэнэж байдагсан. Өдий хүртэл юм ойлгодоггүй, мөн хачин аа. Аль 10 жилийн сургуульд байхдаа үлээвэр хөгжмийн сурагч болж, 5-10 дугаар анги төгсөтлөө Хэнтий аймгийн аль л баяр ёслол, хурал цуглаан, нийтийн бүжигт очиж Төрийн дууллаас эхлээд Похорон буюу гашуудлын хөгжим тоглож төмөр бурзан өвөл зунгүй уруулдаа наалдуулсан нэгэн байж. Зарим багш нар хичээл хийхгүй таслаад байна гэж чихнээс хонх уяна. Зарим нь “Аа, муусайн гуулин бүрээ унгуулахаас өөр юу ч чаддаггүй юмнууд” гэж ад үзнэ. Энэ гайтай бүрээний ачаар, Д.Бэх-Очир багшийнхаа буянаар, ангийн багш Базаррагчаагийн томилолтоор кино драмын элсэлтийн ганц хуваарь очиход намайг сонгосон юм.

Сургуульд байхдаа би зохиолч Л.Бадарчийн “Хүжийн гал” туужаар жүжиг найруулж, ангийнхаа хүүхдийг тоглуулж байсан юм даг. Эхлээд Гурилын үйлдвэрийн Улаан буланд тоглоод, дараа нь аймгийн соёлын ордонд тоглуулж явсан толгой доо. Гэтэл жинхэнэ урлагийн юм үзээд ирэхээр толгой нь эргэсэн амьтан болох гэж. Ямар сайндаа ангийн томчуул надад халтар “Сашка” гэж нэр хайрлах вэ дээ. Манай ангийн дарга (Допа) шалгалтаар гайгүй дүн авахаараа Огоон ах, Ц.Далхсүрэн, Д.Гомбосүрэн нарыг гэртээ аваачиж дайлдаг байсан юм. Нэг удаа намайг дагуулж яваад очоод архи уулгаж согтоож байгаад гудамжинд гаргахад өвөл цаг байж. Урд энгэр заам цав цагаан яг л орсон буур шиг амьтан замдаа яваа хүмүүс рүү гар зангидаж явахад нөгөө хэд “Энэ нөхрийг яаж хотын хүн болгох вэ” гэж хөөрөлдөж байсан гэдэг.

Манай ангийнхан гуравдугаар курст орсон жилдээ Улаанбаатар хотын Соёлын орднуудад курсын ажил хийж, дадлагад томилогдож билээ. Ж.Дашзэвгэ бид хоёр Мах, гурилын комбинатын Соёлын ордонд хуваарилагдаж, Ц.Моононгийн зохиол “Эх орны эзэд” жүжгийг тайзан дээр нь найруулан тавьж билээ. Жүжгийн тайз эскизийг гаргахад нөгөө алдарт Л.Махбал зураач ажилласан. Тэр хүн Чингис хааны гэрэлт хөшөөг Хэнтий аймгийн Гурван нуурт бүтээн босгосон хүн байжээ.

Барилгачдын соёлын ордонд зохиолч Сопкогийн “Холбоотнууд” жүжгийг Ц.Жандал найруулж, жүжгийн группын оюутнууд оролцон тоглуулсан юм. Манай ангийн оюутан Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид нар маань “Анхны алхам” киноны гол дүрүүдэд тоглож, Цэндсүрэн “Нийслэл хүү” киноны гол дүрийг бүтээж, УБДС-ийн урлагийн үзлэгт манлайлан, ер нь гэнэт цоорч, цахиур хагалж эхэлсэн дээ. Мөн энэ үед ЗХУ-аас “Малый” театрын найруулагч В.Бейлис ирж найруулагчийн уран чадварын хичээл зааж эхэлсэн сэн. Тэрбээр их шинэлэг, содон. Дэлхийн театрын нэрт онолч Б.Брехт, найруулагч В.Мейерхольд, “Био механик” гэх зэрэг сонин урьд сонсоогүй сэдвээр лекцээ явуулна. Мөн Л.Ванганы “Жирийн хүмүүс”, Салынскийн “Бөмбөрчин охин” жүжгийг ангийн оюутнуудаар тоглуулж, жүжигчдийн дипломын ажлыг хийлгэсэн. Эндээс жүжиг найруулах ур ухаан, мэдлэг чадварыг өөрийнхөө ухаанаар бага ч болов авч билээ. В.Бейлис багш дурсахдаа, “Би эхлээд энэ оюутнуудад яаж хичээл заана гэж бодож байлаа. Харин Раднаа гэдэг мундаг туршлагатай багш, М.Кнебелийн шавь байсан. Тэр хүний хичээлд хэд суугаад арга барилаа олж билээ” гэж дурсан бичжээ. Энэ бидний ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Р.Уртнасангийн тухайд гэвэл, өөрөө дөнгөж сургууль төгсөөд удаагүй бидэн дээр ирсэн болоод тэр үү, их ойр. Орой шөнө жүжгийн сургууль хийхэд байж л байна. Харин бид багшаасаа цэрвэлгүй бодсон санаснаа харамгүй ярьж, зөвлөдөг байжээ. Тэрбээр нэлээд зарчимч, нямбай байрын хүн байсан. Биднийг энэ мэргэжлийг эзэмшихэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажилласан гавьяатай хүн юм.

Өнөөдөр 50 жилийн дараа “Манай ангийнхан” хэн нь хэн болж вэ гээд харвал, Монголын театр киноны урлагийн нэгэн үеийн нэртэй уран бүтээлчид болон өсч, өөрсдийн авьяас чадвараараа онцгой ялгарч, төр түмэндээ үнэлэгдсэн нэртэй зүтгэлтнүүд төрөн гарсныг бахархан тэмдэглэж байна.

Захаас нь дурдвал, төр, нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, доктор Ж.Ломбо, Улсын хүүхэд, залуучуудын театрын дарга Ц.Далхсүрэн, МУАЖ, найруулагч Д.Гомбосүрэн, МУГЖ, кино найруулагч Ш.Цэцэг, МУГЖ, жүжигчин Ш.Дэлгэржаргал, СГЗ, нэвтрүүлэгч Ж.Батбаяр, Монголын Урлагийн ажилтны холбооны Ерөнхийлөгч, МУГЖ, Б.Тунгалаг, театр, киноны нэртэй жүжигчид Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид, Д.Нямаа, УДЭТ-ын жүжигчин, КУДС-ийн багш Б.Даваасүрэн, УДЭТ-ын жүжигчин, хурандаа Ё.Гантөмөр, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч М.Огоон, Булган аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч Ё.Дашгиваа, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч, хүндэт донор М.Юнгэрэн, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, “Алтан өд” шагналт, нэрт зохиолч Ж.Дашзэвгэ, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Н.Саалуут, нэрт шог зураач, найруулагч Ц.Жандал, “Алтай” чуулгын уран сайхны удирдагч, нэрт бүжиг дэглээч Г.Доржпалам, “Монгол кино” үйлдвэрийн монтажны цехийн дарга, кино найруулагч Т.Пялзай, Дархан хотын “Залуучууд” театрыг үндэслэн байгуулагчийн нэг, Соёлын яамны шилдэг дүрийн шагналт, жүжигчин Б.Алимаа, Улсын Хүүхэд, залуучуудын театрын нэрт жүжигчин, “Гоо марал” шагналт Ц.Цолмон нар маань юм.

Миний хувьд улс, зэвсэгт хүчин, соёл, урлагийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж, ЦДБЭЧ, Армийн Драмын театр, МҮОНТВ, UBS телевизэд найруулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд Монголын телевизүүдийн холбооны “Алтан шонхор” наадмын тэргүүн шагнал, 2012 оны “Кино авардс”-ын баримтат киноны төрөлд Г.Баатарнумын зохиол “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” баримтат киногоор шилдэг шагнал авсан билээ. Эцэст нь өгүүлэхэд, Оросын театрын нэрт онолч К.Станиславскийн шавь, ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт А.Поповын шавь, театрын нэрт сурган хүмүүжүүлэгч, багш, найруулагч Ц.Раднаагийн урланд суралцаж, найруулагчийн мэргэжил эзэмшин, эдүгээ хүртэл өөрийн итгэл үнэмшлээр энэ хэцүү албанд алдаж онож зүтгэжээ. Хоёрхон жилийн дараа Ц.Раднаа багшийн маань мэндэлсний 100 жилийн ой болох юм. Багш маань амьд сэрүүндээ бичиж үлдээсэн 12-ын нимгэн дэвтэр дээр бичсэн гар бичмэлүүдийг олж хэвлүүлэхээр түүний төрсөн дүү, “Үнэн” сонины тусгай сурвалжлагч, нэрт сэтгүүлч Ц.Ванчиндорж гуайтай уулзаж ярилцлаа. Багшийнхаа гавьяат үйлсийг мөнхжүүлж, сурталчлахад СУИС-ийн Театр урлагийн сургуулийнхан хамтран ажиллана гэдэгт итгэж байна. “Багш хүн шавийнхаа хайр хүндэтгэлийг хүлээж байх ёстой. Багшийн хөдөлмөр хүнд. Би энэ замаар явсан хүний хувьд тэр зовлон жаргалыг мэдэх болжээ” гэж бичсэн багшийнхаа сүүлчийн тэмдэглэлээс эшлэн энэ дурсамжаа өндөрлөе. Сайн багшийн гараас л сайн шавь төрдөг нь хувь зохиол гэлтэй.

Хонхтон Арслан овогт Самбуугийн БОЛД /Найруулагч, Зэвсэгт хүчний чөлөөнд байгаа хошууч/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...