Saturday, November 23, 2024

С.Бат-Эрдэнэ: Хүүхдийн эрхийн асуудалд аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр асар их

Date:

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын санаачилгаар “Аялал жуулчлал хөгжлийн гарц юм-Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал” сэдэвт хаалттай хэлэлцүүлгийг энэ сарын 28-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол Улсын ХЭҮК, Хүүхдийг ивээх сан, АЖХТ-н дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн гишүүд, “Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб” зэрэг салбар бүрийн төлөөлөл оролцож, хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын асуудлыг хөндлөө. АЖХТ-н зүгээс цаашид тодорхой сэдвүүдээр хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар АЖХТ ТӨҮГ-н захирал С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Аялал жуулчлалын салбарынхан хүүхдэд ээлтэй байх асуудлыг хөндөж байгаа нь анхны тохиолдол болов уу?

-Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн хэвшил, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаач, “Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб”-тэй хамтран салбарын хэмжээнд тулгамдаж буй зангилаа асуудлыг тодруулж,  гүнзгийрүүлэн судлах, шинэ мэдлэг бүтээх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсад аялал жуулчлал судлалыг хөгжүүлэх зорилгоор хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ. Энэ удаагийн анхдугаар хэлэлцүүлэг нь  “Аялал жуулчлал хөгжлийн гарц юм : Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал” сэдвийн дор зохион байгуулагдсан. “Хүүхэд ба аялал жуулчлал”  сэдэв нь зайлшгүй анхаарч, судлах шаардлагатай төдийгүй өнгөрсөн хугацаанд манай салбарт хөндөгдөж байгаагүй гэдгээрээ онцлог. Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг холбогдох хүмүүс, байгууллагууд цаг үеэ олсон сэдэв гэж дэмжсэн тул бид богино хугацаанд бэлтгэлээ базааж, ажил хэрэг болсонд баяртай байна. Энэ дашрамд хэлэлцүүлэг амжилттай болоход дэмжиж, тусалсан “Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб”-ын сэтгүүлч нартаа, урилгыг хүлээн авч оролцсон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-н дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”, “Хүүхдийг ивээх сан”-гийн төлөөлөлд талархсанаа илэрхийлье.

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн гэх тодотголтой байгууллага маш цөөхөн. Өнгөрсөн хугацаанд бид хүүхэд хамгааллын асуудлыг түлхүү хөндөж, хөгжих асуудлыг орхигдуулчихжээ?

-Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа хүүхдийн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн бодлогыг төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа ч хангалтгүй байна. Өнгөрсөн 30 жилийн турш бид хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийлэл, аюулгүй байх асуудлыг хөндсөн. Тэгвэл цаашид хүүхэд хүрээлэн байгаа орчиндоо сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах, суралцах, хөгжих эрхийг нь хангах чиглэлд салбар бүрт дорвитой ажиллах цаг нь ирсэн гэж үзэж байгаа. Тиймээс ч бид энэ удаад аялал жуулчлалын салбар хүүхдэд хэрхэн ээлтэй байдлаар хөгжих вэ гэдэг асуудлыг хөндсөн.

Энэ өдрүүдэд Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойн тохиож байна. Түүх сөхвөл хүүхдэд зориулсан анхны лагерь 1929 онд, орон нутагт зуслан ажиллуулах эхлэл 1930-аад онд тавигдаж,  амралт чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, эрүүл мэндийг бэхжүүлэх, мэдлэгээ бататгах, нийгмийн амьдралын үйл явцад оролцох дадлага, чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байжээ.

1958 онд хүүхдэд зориулсан хөдөлмөр, амралтын зуслангийн үйл ажиллагаа нээгдэж, 1980-аад оны сүүл гэхэд 30 орчим  лагерь, хөдөлмөр, амралтын 200 гаруй  зусланд 50-60 мянган  оюутан, сурагч  зуныхаа амралтыг өнгөрүүлж,  бүтэн жилийн турш тусгай хөтөлбөрөөр хүмүүжүүлж, сургаж, аялуулж байв.  Мөн жил бүр тэргүүний 100 гаруй сурагчийг ЗХ ЗХУ, Болгар, Ардчилсан Герман, Куба, Польш, Румын, Унгар, Чехсловок улсад аялуулж, амраадаг байж.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг 1973  онд анх байгуулсан төдийгүй тус фондод цугларсан хөрөнгөөр хүүхдэд зориулсан олон зүйл хийсэн.

Тухайлбал, бидний сайн мэдэх Хүүхийн ордон, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Олон улсын Хүүхдийн “Найрамдал” зуслан зэргийг барьж байгуулсан. Өөрөөр хэлбэл, 1924-1990 он хүртэлх энэ хугацаанд  хүүхдийн төлөө олон ажлыг  хийж гүйцэтгэж байжээ. Харамсалтай нь 1990 оноос Монгол Улсад олон байгууллага үүдээ барьсан төдийгүй энэ шуурганд “хүүхдийн” гэх тодотголтой байгууллагууд өртсөн юм. Хүүхдийг эх орондоо хайртай, төлөвшсөн иргэн болоход аялал жуулчлалын салбарын оролцоо асар өндөр. Тухайлбал, ажил хөдөлмөрт дур сонирхолтой болгох үүднээс үйлдвэр, аж ахуйн газарт танилцах аялал зохион байгуулах, шилдэг сурагчдыг  олон улсын зусланд аялах, амрах эрхээр шагнаж аялуулах, орон нутгийн хөдөлмөр амралтын зусланд хөдөлмөрт суралцах, хөдөө ахуйтай танилцах боломжийг олгох, явган аялал, спорт өдөрлөг, нөхөрсөг уулзалт, тэмцээн, уралдааныг бүсчилж зохион байгуулах, хүүхдийн зуслан, экскурс, уралдаан, тэмцээн зохион байгуулах гэх зэргээр ажиллах боломжтой.

Цаашилбал, хүүхдэд зориулсан театр, музей, номын санг орчин үеийн жишиг, хандлагад нийцүүлэн барьж, байгуулах хэрэгцээ шаардлага бий. Монгол Улсад хүүхэд хөгжих эрхээ эдэлж чадахгүй байгааг хэдхэн баримтаар илэрхийлэх боломжтой. Тухайлбал,  2018 оны байдлаар сургуулийн насны 710,98832 хүүхэд байгаагийн 10 хувь  нь  зусланд амарсан байгаа нь зуслангийн хүртээмж хүрэлцээгүй байгаатай холбоотой юм. Цаашид хүүхдэд байгаль орчноо хайрлах, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа мэдэх, хүндэтгэх, суралцахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Олон улсын жишгээс та хуваалцаач?

-Олон улсад хүүхдийн аяллын талаар 1980 оныг хүртэл харьцангуй бага анхаарал хандуулдаг байж. Европт ч ялгаагүй хүүхэд аяллыг төдийлөн сонирхдоггүй байж л дээ. XIX зууны сүүлээр Италид хүүхдэд зориулсан аялал жуулчлал үүссэн бөгөөд хүн амын өсөлт нь Европ даяар хотын ядуу ангиудын тоог нэмэгдүүлж, хүүхдүүдийн эрүүл мэнд маш муу байв. Дайны  жилүүдэд Италид 6-14 насны хүүхдүүдэд зориулсан амралтын баазууд нээгдсэн нь  өвчнөөс урьдчилан сэргийлэх, сайн сайхан амьдрах, шинэ үеийг төлөвшүүлэх зорилготой байсан гэдэг. Дэлхий дахинд 1946 хойш хүүхдийн амралтын газар, зуны зуслангууд олноор бий болж хүүхдүүд хамрагдаж эхэлсэн түүхтэй. Сургууль, цэцэрлэгийн газрууд өсвөр насныхан, хүүхдүүдэд зориулсан соёлын аяллыг танилцуулж, хүүхдийн танин мэдэхүйн хэрэгцээг хангах, шинэ орчин, шинэ мэдлэг олгох, туршлага хуримтлуулах арга хэмжээ, эвентүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал, дэлхийн ихэнх хөгжингүй орнуудад хүүхдийн музей бий. XXI зуунд соёлын, гадаадад сурах, цанын аялал зэргээр хүүхдүүд аялах зугаалах, музей үзвэрийн газраар үйлчлүүлэх нь ихэссэн. Тухайлбал, БНХАУ, Европын улс орнуудад төрөлт багассан зэргээс шалтгаалан хүүхдэд хандуулах анхаарал нэмэгдэж, чанартай аялал, хоол хүнс, үйлчилгээ, үзвэр хүч түрж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад орлого ашиг ихээр өгдөг болж байна.

-Цаашид аялал жуулчлалын салбарт хүүхдэд ээлтэй юу хийх вэ?

-Аялал жуулчлалын байгууллагууд хүүхдэд зориулсан дараах зүйлсийг хийх шаардлага гарч байна. Тухайлбал, зочлох үйлчилгээний салбарт хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх; хүүхдийн нас, сэтгэхүйн онлогт тулгуурласан бүтээлч сэтгэлгээ, эх орноо хайрлах үзлийг багаас төлөвшүүлэх; хүүхдэд зориулсан зохион байгуулах ур чадвартай сэтгэлзүйч, аяллын хөтөч, жолоочтой компаниар аялал зохион байгуулах тусгай зөвшөөрөл бий болгох, орон нутгийн онцлогийг таниулсан аяллын хөтөлбөрийг бий болгож, тухайн маршрутаар аялуулж, орон нутгаа хүндэтгэн хайрлах хүмүүжил олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амралт, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох зэрэг хийх ажил бидэнд их байна.

Аяллаар дамжуулж хүүхдийн боловсролд анхаарах боломж нэмэгдэх нь чухал. Аливаа улс орны хөгжил хүүхдийн хөгжил, боловсролд оруулсан хөрөнгө оруулалттай  шууд холбоотой болохыг улс орнуудын туршлага харуулж байна. Тиймээс ч бид аялал жуулчлалаар дамжуулан хүүхдийн хөгжилд нөлөөлж болно хэмээн үзэж байгаа. Хүүхдийн эрхийн асуудалд аялал жуулчлалын салбарын оруулж чадах хувь нэмэр асар их юм.

Нийт 10 ажлын байр тутмын нэгийг аялал жуулчлалын салбар эзэлдэг нь дангаараа энэхүү салбарыг хүүхэд хамгаалал, хөгжилд чухал нөлөөтэй болохыг батална.  Үүнээс ч улбаалж хүүхдүүдийн төлөө улс үндэстнүүд нэгдсэн Тогтвортой хөгжлийн 13 зорилтын гурав нь аялал жуулчлалын  салбартай шууд уялддаг.  Иймээс манай салбар  хүүхдүүдэд эерэгээр болон сөргөөр хэрхэн нөлөөж буйг ойлгож, хүүхдэд-ээлтэй зорин очих газрын менежмент, зохицуулалт хийх нь  чухал юм. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдэд ээлтэй үйлчилгээнд илүү мөнгө төлдөг нь  харагдаж байна. Мөн зарим судлаачдын ном, нийтлэлд аяллын ерөнхий сэтгэл ханамжид хүүхдийн сэтгэл ханамж ихээхэн нөлөөлдөг талаар дурдсан байдаг. Цаашид  гэр бүлийн аяллын тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Нийт 10 гэр бүлийн долоо нь жилд хамгийн багадаа нэг удаа гэр бүлийн аялалд явдаг. Үүнд Ази гэр бүлүүд давамгайлж байна. Тиймээс ч Монголын аялал жуулчлалын зорин очих газрууд хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх нь маш чухал.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...