Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт цахим шилжилт хийх нэн шаардлагатай цар тахлын нөхцөл байдалд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, явуулж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг тодруулахаар тус газрын дарга А.Ариунгэрэлтэй ярилцлаа.
-Сүүлийн үед Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ямар ажлууд хийж байна вэ?
-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хот орчмын түүхэн дурсгалт газруудыг аялал жуулчлалын эргэлтэд оруулах зорилгоор иргэд, жуулчдын зорьж очих газрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд 2020 онд Улаанбаатар хот дахь 47 дурсгалт газрыг холбогдох газруудтай хамтран судалсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/345 дугаар захирамжаар Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтын бүсийг тогтоох асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөгөөр ахлуулан байгуулсан. Тус ажлын хүрээнд “Туулын Хар түнийн ордны туурь”, “Ар гүнтийн дөрвөлжин булш”, “Гачууртын хадны зураг”, “Их тэнгэрийн хадны зураг”,” Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш” зэрэг түүхэн дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтоох ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.
Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбар дахь цахим шилжилтийг хурдасгах, салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Цахим Улаанбаатар аян”-ыг 2021 оны тавдугаар сарын 25-наас наймдугаар сарын 30-ныг дуустал гурван сарын хугацаанд зохион байгуулж буй. Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв, “Хорекасофт” компаниуд зохион байгуулагчаар ажиллаж, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин ажиллаж байна.
-“Цахим Улаанбаатар Аян”-ыг эхлүүлсэн зорилгоос хуваалцвал?
-Өнөө үед цахим хэрэглээ агаар, ус мэт чухал хүчин зүйлсийн нэг болсон гэхэд хилсдэхгүй. Цахим сүлжээг ашиглан дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, үйлчилгээгээ хормын төдийд түргэн шуурхай олж авах нь хүмүүсийн нэн тэргүүний хүсэл сонирхол болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аялал жуулчлалын салбарт инновацыг нэвтрүүлж, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчилгаа маркетингийн ажлыг нэмэгдүүлэх” арга хэмжээний хүрээнд “ХорекаСофт” зочлох үйлчилгээний захиалга бүртгэлийн программ зохион бүтээгч залуусын санаачилгыг дэмжин хамтран зохион байгуулж байна.
Энэхүү аянаараа бид зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж болон тэдгээрийн ажил үйлчилгээг хялбарчлах, бизнесийн үйл ажиллагааг дэмжин тасралтгүй тогтвортой хөгжүүлэх, олон улсын түвшинд гаргаж сурталчлах зорилгоор дижитал шилжилтийг хийх, бизнесээ шинэ түвшинд гаргахад туслах зорилготойгоор зохион байгуулагдана.
-“Цахим Улаанбаатар аян”-ы хүрээнд ямар ажлууд хийх вэ?
-“Цахим Улаанбаатар аян” нь үндсэн хоёр үе шаттайгаар явагдана. Эхний үе шат тавдугаар сарын 25-аас наймдугаар сарын 30-ныг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжилнэ. Аяны хүрээнд зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй бүх шатны зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазын өдөр тутмын механик үйл ажиллагааг хялбарчлах нэгдсэн удирдлагын системээр хангахаар зорьж байна. Тус удирдлагын систем нь бизнес эрхлэгч байгууллагуудад тулгамддаг зочны бүртгэл, мөн хяналтын асуудлуудыг шийдвэрлэхээс гадна цаг хугацаа хэмнэх, зочинд түргэн шуурхай үйлчлэх, мөн үйл ажиллагаагаа хаанаас ч ямар цаг үед хянах боломжийг менежерүүдэд олгох юм. Аян оролцохын тулд аж ахуй нэгж, байгууллагууд албан ёсны бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлэх шаардлагатай ба эхний 100 аж ахуй нэгжид нэгдсэн удирдлагын системийг үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэх эрхийг олгох тул хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүд мэдээллээ бүртгэлийн дагуу ирүүлэхийг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/
-Энэхүү аянаас хүлээж буй үр дүнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцвал?
-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд гарах зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг нэгдсэн нэг сувгаар хүргэх зэрэг олон ач холбогдлыг дурдаж болно. “Цахим Улаанбаатар аян” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь ихээр доголдсон салбарын бизнес эрхлэгч, байгууллагуудын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдал сайжрахтай зэрэгцэн дижитал шилжилтээр дамжуулан хэвийн байдалдаа ороход туслах дэвшилтэт технологи дээр суурилсан томоохон хөрөнгө оруулалт болно гэж харж буй юм. Тийм учир тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувь хүмүүсийг энэхүү аянд идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Ikon.mn