Цахим тариаланчийн арвин ургац
Гурван жилийн өмнө Давосын Дэлхийн эдийн засгийн форум дээр улс орнуудын удирдагчид хүн төрөлхтнийг ирээдүйд юу хүлээж байна вэ, өнөөгийн дэлхий ертөнцийн төлөв байдал, өөрчлөлтийн цаашдын чиг хандлага юу байх вэ гэдэгт анхаарал хандуулж, илтгэл хэлэлцүүлсэн юм. Өнөөгийн дэлхий ертөнцийг өөрчилж буй мега трэндүүдийн нэгээр тэд дижиталчлал буюу цахим шилжилт, технологийн дэвшлийг дуу нэгтэй нэрлэсэн аж. Энэхүү цахим шилжилт, технологийн шинэ дэвшил хүмүүсийн эрхэлдэг ажил хөдөлмөр, ахуй байдлыг маш ихээр өөрчилж байгааг ч дэлхийн удирдагчид хүлээн зөвшөөрсөн юм. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахал цахим шилжилтийг улам хурдасгаж байна.
Дэлхий нийтийн энэ чиг хандлагаас хөдөө аж ахуйн салбар хоцорсонгүй. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын дижитал шилжилт, ухаалаг газар тариалангийн инноваци зэрэг сэдвүүд нь салбарын мэргэжилтнүүдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болсон. Гэхдээ хүрээлэн буй орчинд ээлтэй, нөөцийг хэмнэсэн хөгжлийн энэхүү шинэ чиг хандлага нь одоогоор практикт төдийлөн өргөнөөр ашиглагдаж эхлээгүй байгаа юм. Үүний шалтгаан нь технологийн шилжилтийг хийхэд техникийн түвшинд олон арван шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн компаниудад дээрх өөрчлөлтийг хүлээн авахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа аж. Монголын тариаланчид, газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьд цахим шилжилт, ухаалаг газар тариалан зэрэг сэдвүүд нь өнөөдөртөө хол сонсогдож байгаа хэдий ч цахим хөгжлийн шинэ эрин зуунд хүн төрөлхтний ирээдүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахаас өөр замгүй.
Цахим буюу ухаалаг газар тариалангийн анхны туршилт манай улсад хэдийнэ нэвтэрч, бүр үр дүнгээ өгч эхэлсэн нь гэрэл гэгээтэй, сайхан мэдээлэл юм. Тэнгэрийн царай харж суулгүйгээр ургацаа хиймэл дагуулаас буюу сансраас удирдаж, нар, хур, чийг, бордоо, арчилгаа, тордолгоог нь цахим тооцоолуураар зохицуулж, төлөвлөж суугаа тариаланчтай танилцах боломж өнгөрсөн оны намар тохиосон юм. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж, ургац хураалтын явцтай танилцах үеэр “Арвин хур” ХХК-ийн захирал Ч.Чадраабалтай уулзсан билээ. “Арвин хур” компани улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангадаг, газар тариалангийн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж яваа жирийн л нэг хамт олон. Гэхдээ тэдний компанийн бусдаас ялгарах онцлог нь цахим газар тариаланг Монгол Улсад нэвтрүүлсэн гэдгээрээ яах аргагүй анхдагч. “Арвин хур”-ынхан усалгааны системтэй учраас ургац алдах айдасгүйгээр тариалалт хийдэг аж. Мөн тэд хиймэл дагуулын мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглах болсноор га-гаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлжээ. “Арвин хур” компани 2020 онд ОХУ-ын Новосибирская-31, Австрийн Грани, Арабелла гэсэн гурван төрлийн сорт тариалж, арвин ургац авсан байна. Улсын дээд амжилт нэг га-гаас 65-70 хувь байдаг бол тус компани 85-90 хувийн ургац авсан нь нэгдүгээрт, услалтын системийн ач тус, хоёрдугаарт, шинэ технологи нэвтрүүлсний үр дүн байжээ. Тариан талбайн услалтын бүх тохиргоог хийдэг системийг Улаанбаатарт байгаа операторууд нь ажиллуулдаг. Түүнчлэн уриншгүй технологийг үйл ажиллагаандаа 100 хувь нэвтрүүлсэн. Ингэснээр нэг га-гаас 95 центнер хүртэл ургац авах боломж байгааг харуулсан аж. Шинэ зууны газар тариалан газраа хагалж уринш хийдэг 1950-1960-аад оны технологиор явах юм бол цаашид ургацын хэмжээ буурна гэдгийг тэд олж харсан аж.
Хиймэл дагуул ашиглан хөрсний чийгшил, үр шимийг шинжилж, ургацын хэмжээг тогтоох болсон нь тариаланчдын ажлыг асар хөнгөвчилсний зэрэгцээ, ажлын үр дүн, ургацын хэмжээгээ тодорхойлох боломжийг бүрдүүлсэн байна. Орчин үеийн тариаланч өндөр хурдтай компьютерийн ард суугаад л усалгаа, арчилгаа гээд бүх үйл явцыг тооцоолон, удирдаж суух аж. Дэлхийд газар тариалангийн салбарт ухаалаг технологийг анх 2009 оноос нэвтрүүлж эхэлжээ. Одоогоор ОХУ, Канад болон Европын холбооны улсууд газар тариалангийн салбараа бүрэн цахим болгоод байгаа. “Арвин хур” компанийн программист, төслийн ахлагч Э.Мөнхбат “Хиймэл дагуулыг газар тариаланд ашигласнаар хөдөө аж ахуйн статистик мэдээллийг өдөр бүр авах боломжтой. Тухайн газар тариалангийн хөрсний чийг, шим тэжээлийн байдал, хортон шавьж, тариалангийн талбайн нөөц боломжийг тодорхойлох боломжтой. Хиймэл дагуулаас авсан бүх зураглалыг хэрэгжүүлсний үндсэн дээр салбарын яам, Засгийн газар иргэдээ мэдээллээр хангаж болно” хэмээн ярьж байсан юм. Дэлхийн 37 орны компаниуд хамтарсан агротехнологи дээр суурилсан баг ухаалаг удирдлага, төлөвлөлт буюу шинэ цахим технологийг 2020-2035 онд газар тариалангийн салбарт нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн нэг нь “Арвин хур” компани ажээ.
З.Мэндсайхан: Газар тариаланд Энэтхэгийн хиймэл дагуулыг үнэгүй ашиглана
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нартай өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд уулзсан юм. Энэхүү уулзалтын үеэр “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн баримт, бичигт гарын үсэг зурсан нь онцлох үйл явдал байв. Энэ төслийг хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгохоор төлөвлөжээ.
“Цахим хөдөө аж ахуй” төсөл 2020-2024 онд хэрэгжинэ. Төслийн хүчин чадал нь 500 мянга хүртэл гишүүн бүртгэж, 10-20 их наяд төгрөгийн дотоодын болон олон улсын арилжаа, төлбөр тооцоо, даатгал, тайлан мэдээлэл гаргах боломжтой байхаар төлөвлөжээ. Нийгэм, эдийн засгийн ач холбогдол гэвэл хөдөө аж ахуйг цахимжуулснаар мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлж, энэ салбарын бүх оролцогчдод төлөвлөлт хийх боломжийг олгоно хэмээн алсын хараагаа тодорхойлсон байна.
Цахим хөдөө аж ахуй, тэр дундаа цахим газар тариалангийн ач холбогдлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Хаврын тариалалтаас намрын ургац хүрээлт хүртэл бүх технологийн бүх хугацаанд тариаланчид маань хүрээлэнгүүд болон ХХААХҮЯ-ны гаргасан мэдээлэл дээр суурилан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Цахим болсны гол давуу тал юу байх вэ гэхээр төлөвлөлтийг маш сайн, чанартай, оновчтой хийж чадна. Бид Энэтхэгийн Элчин сайдтай уулзаж, хиймэл дагуулыг нь үнэгүй ашиглах эрхийг авсан. Тэгэхээр газар тариалангийн өнөөгийн үйл явц бол real time буюу бодит байдлаар явна гэсэн үг. Хаврын хөрсний тариалалт эхлэхэд бид салбарын хэмжээнд нэгдсэн мэдээллийг энэ систем рүү оруулна. Жишээлбэл, Төв аймгийн хаана хаана тариалангийн бүс, талбай байгааг бид координатаар нь оруулна. Тэрийг хэн ч ороод үзэж болно. Төв аймагт энэ жил нийт тариалалт эрхэлж болох уринш хийсэн болон хагалсан газар хаана хаана, ямар хэмжээтэй байгаа, Төв аймгийн хөрсний бүтэц, цаг уурын төлөв байдал болон өнгөрсөн арван жилийн цаг агаарын дунджийг нэгтгээд гаргаад ирнэ. Эндээс үндэслэн энэ бүс нутагт хүнсний ногоо тарих уу, будаа тарих уу, өөр бусад ногоо, тэжээлийн ургамал тарих уу гэдгийг шийдэж, анхны чиг баримжаа мэдээллийг авах, түүнийгээ нарийвчлаад харах боломжтой.
Өнөөдөр бидэнд тулгараад байгаа төмсний тариалалт хэрэгцээнээсээ даваад гарсан. Түүнийгээ боловруулах боломжгүй байгаа. Гэтэл дутагдаж байгаа хүнсэн дээрээ төрийн бодлого гэвэл урамшууллын системээр дэмжиж байгаа. Урамшууллын стстемээс гадна бид мэдээллийн систем буюу төлөвлөлтийг нь хийж өгөхөд энэ нь хамгийн их давуу тал үүсгэнэ. Ашиглаж чадахгүй байгаа газар тариалангийн талбайн хэмжээ хүртэл гарч ирнэ. Энэ дээр хувийн хэвшил болон хувь хүн таны ашиглаж чадахгүй байгаа талбай дээр ийм төрлийн ургамал тарья гэдэг бизнесийн буюу мэдээллийн анхдагч хэрэгцээг эндээс хангаж байх юм. Цаашдаа тавдугаар сарын хур бороо, тунадас чийг бүс бүсээр ямар байх вэ, энэ нутгаар ийм байна гэдгийг хөрсний нэвчилтээр гаргаж ирнэ. Хөрсөнд ийм элэгдэл байгаа тул тухайн хөрсөнд дэмжлэг үзүүлэх бордоо хэрэгтэй гэдгийг тариаланчидтайгаа хамтарч боловсруулаад явна. Наймдугаар сарын нэгэн гэхэд бид энэ системээсээ хараад, ийм ийм газар будаа ургасан байна, будааны болц тэдэн хувьтай байна, шавьж нь ийм байна, хойноос ирж байгаа салхины хүч, давтамж ийм байна гэх мэтээр тодорхой мэдээллийг нэгтгэж өгнө. Үүнийг цахим хөдөө аж ахуй гэж байгаа юм. Цахим ХАА дээр төлөвлөлт талаасааа дээр дурдсан асуудал гарч ирж байгаа. Гүйцэтгэлээр бид энэ жил энэ энэ талбай дээр тариалалт явагдсан байна, ургац хураалт ийм байсан байна гэдгийг бүгдийг нь харах боломжтой. Энэ мэдээ, тоо баримтууд хаана очиж нэгтгэгдэх вэ гэхээр ХАА-н бирж дээр очиж зангидагдана” хэмээн ярьсан юм.
Ийнхүү манай улсын хөдөө аж ахуйд цахим шилжилт эрчимжиж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын яамны бодлогод энэ зорилт тусгагдаж, олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа, хувийн хэвшлийн оролцоотойгоор хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилт хийгдэх нь. Шинэ зууны малчид, тариаланчид хуучин цагийнх шигээ тэнгэрийн царай харж, хур бороо горьдон, байгалийн эрхшээлд дийлдэн суух бус, сансрын хиймэл дагуултай харьцаж, ухаалаг технологиор мэдээлэл цуглуулан, малын бэлчээр, тариан талбайгаа зөв хуваарилан ашиглаж, ургац, хадлан, ашиг шимээ хүртэл урьдчилан тооцдог болох цаг ойртжээ.
Г.СОНИНБАЯР