Friday, November 29, 2024

Аялал жуулчлалын аюул занал ба аажим татрах далай

Date:

Жил бүр 8 сая тонн хуванцар хог хаягдал далайд хаягддаг. Зураг: REUTERS/Johannes P.Christo


Дэлхий дахинд цар тахал дэгдээд буй ч хүн төрөлхтөн аялаж жуулчлах хэсэл мөрөөдлөө орхиогүй хэвээр. Таатай цаг ирэх юм бол үүргэвчээ үүрээд аялалд гарахад бэлэн сая сая жуулчин бий. Гагцхүү цэнхэр гариг маань тэдний хөлд нэрвэгдэж, орчны доройтолд ордог гэвэл та итгэх үү. Өнгөрсөн жил ковид анх дэгдэж олон улс хөл хорио тогооход байгаль дэлхий түр боловч амсхийсэн. Том хотуудын агаарын бохирдол эрс буурч, далай тэнгисийн ус мэдэгдэхүйц цэвэршсэн тухай хэвлэлүүд бичиж байв.

Далайн загас агнуурын салбарт ажилладаг 60 сая хүн бий гэсэн тооцоолол байдаг. Тэд хүнсний ​​хэрэглээндээ зориулж 151 сая тонн уургийн амин чухал эх үүсвэр болсон загас болон далайн амьтдыг агнадаг. Тиймээс сая сая зүйлийн амьтдын амьдрах орчин болсон далай жуулчдын амралтын газар уу, хүмүүсийн орлогын эх үүсвэр үү гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Юутай ч далай бол амьдралын эх үүсвэр юм.

шүрэн арлуудын төгсгөл

Дэлхийн гадаргуугийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Далай асар том, хязгааргүй мэт санагдавч хүний үйл ажиллагаанаас болж сүүлийн жилүүдэд бохирдол, доройтол, хямралтай нүүр тулж эхэлжээ. Эрдэмтэд 2050 он гэхэд дэлхий дээрх байгаль эхийн хосгүй бүтээл шүрэн арал, шүрэн хаднуудын 90 хувь нь үхэж үрэгдэн, далайн биологийн олон янз байдал доройтно гэж таамаглаж байгаа юм.

Ийн таамаглахад хүргэсэн хүчин зүйл нь аялал жуулчлал. Учир нь дэлхийн дундаж давхарга улам бүр нэмэгдэж, аялах хялбар болсноор хүмүүс сүүлийн жилүүдэд илүү их аялах болжээ. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2017 онд дэлхийн хэмжээнд олон улсын аялагч, жуулчдын аяллын тоо 1.3 тэрбумд хүрч байсан аж. Энэ тоо 2030 он гэхэд 1.8 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байна. Дэлхийн Аялал жуулчлалын зөвлөл аялал жуулчлалын салбар ирээдүйд 400 сая ажлын байрыг дэмжинэ гэж үзжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд нийт ажлын байрны 25 хувь нь аялал жуулчлалын салбарт харьяалагдана гэсэн үг. Аялал жуулчлалын салбарын энэ өсөлтийг хангахад шаардагдах дэд бүтэц нь байгалийн нөөц, биологийн олон янз байдал, түүнчлэн орон нутгийн иргэдэд үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх нь тодорхой. Гэхдээ аялал жуулчлалыг бодлогогүй хөгжүүлбэл хор хөнөөл учруулж болох боловч эсрэгээрээ тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж өгдөг. Тогтвортой аялал жуулчлалыг зөв төлөвлөж, удирдаж чадвал амьжиргаа, хүртээмж, соёлын өв, байгалийн нөөцийг хамгаалахад хувь нэмэр оруулж, олон улсын ойлголцлыг дэмжих болно гэж үздэг.

Аялал жуулчлал дэлхийн байгаль экологид, бүр тодруулбал далайд хэрхэн хор хөнөөл учруулдаг талаар гурван жишээг онцолъя.

жуулчдын дарамт ба ээлтэй аялал

Аялал жуулчлалын төвүүд улам бүр өсөн нэмэгдэж буй аялагчдын асуудлыг даван туулах гэж тэмцэж байна. Тухайлбал, Амстердам, Венец, Барселона зэрэг жуулчдын хөлд дарагддаг хотуудын иргэд энэ талаар сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, жуулчдыг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байгаа аж. Аялал жуулчлал орон нутгийн иргэдийн ахуй, амьжиргаанд дарамт учруулж, үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөх, газар нутгийг хэт талхлах, далайн эрэг орчмын аялал жуулчлалаас болж далайн эргийн элэгдэл, бохирдол эрс нэмэгдэх зэрэг сөрөг үзэгдлүүд гарах болжээ.

Тиймээс 2017 онд Палау, Шинэ Зеланд улсууд аялагчдыг эх орондоо ирэхэд нь хүрээлэн байгаа орчныг бохирдуулахгүй, ээлтэй аялах амлалтад гарын үсэг зуруулж, байгаль орчныг хамгаалахыг уриалсан зоригтой кампанит ажил эхлүүлжээ. Энэхүү алхам нь жуулчдын хувьд тухайн улс орны ард түмний зан үйл, соёлыг хүндэтгэх, байгаль хийгээд байгалийн баялгийг хамгаалах, хойч үедээ унаган төрхөөр нь авч үлдэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой юм.

нарны тос ба цэнхэр бонд

Далайн эргийг зоригчдын тоо өсөхийн хэрээр нарнаас хамгаалах хэрэгслийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байна. Ихэнх хүмүүс мэдэхгүй ч жил бүр 14 мянган тонн нарнаас хамгаалах тос усан доорх ертөнцөд уусаж тархдаг байна. Нарны хорноос хамгаалах тосноос гадна жуулчид, амрагчдын хэрэглэдэг 82 мянган тонн химийн бодис далайд уусдаг гэсэн тоо ч бий. Энэ бүхэн далайн усны бохирдлыг нэмэгдүүлж, шүрэн арлыг мөхөхөд хүргэж буй юм. Далайн температурын өсөлт, хүчиллэгжилт зэрэг нь залуу шүрэн арлуудын өнгө өөрчлөгдөж, шүрний ургалт, нөхөн үржихүй, амьдрах чадварыг алдагдуулдаг байна.

Тиймээс 2018 онд Хавай, Мексик, Аруба зэрэг аялал жуулчлал ихээр хөгжсөн газрууд био задралд ордоггүй нарнаас хамгаалах тосыг хориглох болсон юм Сейшелийн арлууд эдийн засаг, байгаль орчин, цаг уурын эерэг үр ашгийг дээшлүүлэх зорилгоор далай ба оффшор дахь төслүүдийн санхүүжилтийг уялдуулах цэнхэр бонд гаргажээ. 2030 он гэхэд аялал жуулчлалын салбар дэлхийн үндсэн эдийн засагтай харьцуулахад хоёр дахин хурдан өсөх төлөвтэй байгаа тул цэнхэр эдийн засгийн цогц, шинэлэг хандлага чухал юм гэж судлаачид үзэж байна.

хаягдал багатай Хэрэглээний тойрог

Судлаачдын тооцоолсноор жилд 8 сая тонн хуванцар далайд хаягддаг байна. Жуулчид наран шарлагын газар сүрэл, кофены аяга, усны сав, тамхины иш зэрэг хог ихээхэн хаядаг. Тэдний хэрэглээний хуванцар бүтээгдэхүүний 40 орчим хувь нь нэг удаагийн савлагаатай байдаг нь хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлдэг байна.

2018 оны 10-р сард Тайланд улс далайн эргийг бохирдуулж буй их хэмжээний хуванцар болон ус зайлуулах хоолойн бохирдлыг цэвэрлэхийн тулд “Майя” наран шарлагын газрыг тодорхойгүй хугацаагаар хааж байв. Цаашид хуванцар хог хаягдлыг багасгах, хаягдал багатай “хэрэглээний тойрог” бүхий эдийн засгийг хөгжүүлэх, уян хатан, тэсвэр хатуужлыг бий болгоход улс орнууд анхаарч эхэлжээ. Дэлхийн хамгийн том сав баглаа боодлын үйлдвэрлэгчид, тухайлбал New Plastics Economy Global Commitment буюу Шинэ хуванцар эдийн засгийн глобал амлалт зэрэг байгууллагууд энэ санаачилгыг манлайлж байгаа аж. Хүмүүсийн шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлалын хэт өсөлт нь эерэг болон сөрөг талуудтай. Аялал жуулчлал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хэдий ч далай тэнгисээ аврах тогтвортой шийдлийг гаргаж тэнцвэрийг нь олох чухал юм.

Далай хязгааргүй мэт санагдаж болох ч хүн төрөлхтөн бид нэг завинд суусан тул давалгааг хамтдаа даван туулах нийтлэг шийдлүүдийг олох хэрэгтэй. Энэ нь далай тэнгис, далайн амьдралд төдийгүй хүн төрөлхтөний ​​оршин тогтнохуйд чухал ач холбогдолтой юм гэж эрдэмтэд, судлаачид онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоол хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын...