УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Ардчилсан намын даргын сунгаа хоёр тусдаа явагдаж байгаатай холбоотой уг мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. Уг мэдэгдэлд,
УИХ дахь Ардчилсан намын гишүүд бид Ардчилсан намын дотоодод өрнөөд буй үл ойлголцлын үйл явцад хүндэтгэлтэй хандаж маргаан гаргаж буй талуудыг эвлэрүүлэх, дараагийн намын дарга сонгох үйл явцын талаар хоёр талын байр суурийг сонсож, шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулсан боловч нэгдсэн үр дүнд хүрээгүй. Бид 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 279 гишүүн оролцсон ээлжит бус 20 дугаар хуралдаанд биечлэн оролцож намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигчид амжилт хүссэн болно.
Мөн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр талуудын байр суурийг сонсохоор С.Эрдэнэ тэргүүтэй хэсэгтэй уулзалт хийж, маргалдагч талуудын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх, намын даргын сунгааг нэгтгэн хийх талаар байр сууриа илэрхийлсэн боловч ажлын хэсэг байгуулах, уулзалт хийх боломжийг С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс гаргасангүй. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэрийг барьж, ажлын хэсэг зөвшилцөлд хүрч сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар болсон мэт буруу ташаа ойлголт, мэдээллийг намын гишүүд болоод нийгэмд түгээж байгаад харамсаж байна.
Ардчилсан намын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрэмд намын даргын сонгуулийг “цахимаар” явуулах заалт байхгүй.Нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байж С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг олон нийтийн сүлжээнд цахим системээр санал хурааж Ардчилсан намын даргыг сонгох гэж буй тухай мэдээллийг түгээж байгаа нь анхан шатны намын гишүүдийн баталгаат саналаар сонгогдох шинэ удирдлагатай дахин маргаан үүсгэх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг оролцуулах боломжгүй болгох эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгааг анхааруулъя. Иймд зөвшилцөлд хүрээгүй асуудлаар намын гишүүд Та бүхэн хуваагдал талцал үүсгэхгүй, буруу ташаа мэдээллээр төөрөлдөхгүй байхыг анхааруулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна гэжээ.