Wednesday, April 8, 2026

Бортээгийг “хөдөлгөж”, хар алтны ашгийг өсгөнө

Date:

Манай улсын нийт экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг “хар алт”-ны эрин төгсгөл рүүгээ ойртож байж мэдэх нь. 2030 он хүртэл таван жилийн хугацаанд нүүрсээ жинхэнэ утгаар нь алт болгож чадах эсэх нь монголчууд биднээс хамаарна. Гадаад хүчин зүйлийн нөлөө, төлөв байдал бол ойлгомжтой. Бид нүүрсээ борлуулах ганц зах зээлтэй. Тэр нь дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 56 хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ. Манай нүүрсний цорын ганц худалдан авагч өмнөд хөршийн зах зээлийн статистик уруудах циклдээ орсон нь том дохио, сануулга.

Шуудхан хэлэхэд ойрын таван жилд нүүрсээ эрчимтэй борлуулж, валютын урсгал, нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгаа тэнхрүүлэхгүй бол том боломжийг алдана гэсэн үг. Тиймээс Засгийн газар Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Бортээгийн ордыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргав. Тус ордод хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг өнөөдөр зарлана. Бортээгийн орд 424 сая тонн нүүрсний нөөцтэйгөөс 95 хувь нь сул коксжих, 5 хувь нь эрчим хүчний нүүрс гэсэн ТЭЗҮ 2020 онд гарсан. Уг ТЭЗҮ-ийг нарийвчлан баталгаажуулах ажлыг 2026 оны эхний улиралд хийж дуусах юм. Бортээгийн тээгийг арилгаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар нүүрсний экспорт бодитой хэмжээгээр нэмэгдэнэ. Бортээгийн орд экспортын шинэ хэтэвч болно гэсэн үг. Тухайлбал, Бортээгээс жилд 15 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Сангийн яамнаас тонн нүүрсний үнийг 2026 онд хамгийн багаар буюу 70 ам.доллараар тооцсон. Энэ жишгээр бодоход эдийн засагт багадаа тэрбум ам.доллар орж ирнэ. Ингэснээр Үндэсний баялгийн сан арвижиж, байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх өгөөж өснө. Энэ нь өргөн утгаараа эдийн засгийн аюулгүй байдал улам бэхэжнэ гэсэн үг юм.

Манай улсын нүүрсний экспорт 2025 онд 94.6 сая тоннд хүрчээ. Ийнхүү өнгөрсөн онд 85 сая тонн нүүрс экспортлох зорилтоо давуулан биелүүлсэн.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, экспортын хэмжээ багассанаар 2025 оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын орлого 42.4 хувиар тасалдаад байв. Харин өнгөрсөн есдүгээр сард нүүрсний экспорт 62.9 сая тоннд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон.

2026 онд манай улс 90 сая тонн нүүрс экспортлохоор тооцож төсөвт тусгасан. Энэ оны дундаас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа. Цаашид 2027 онд 95 сая тонн, 2028 онд 100 сая тонн нүүрс экспортлохыг зорьж буй.

Нүүрсний зах зээлийн ойрын үеийн барометр гэвэл ийм. Харин хэтийн төлөвийг нь шинжих аваас дэлхий дахинд нүүрсний эрэлт буурна. 2025 онд 8.85 тэрбум тонн буюу оргилдоо хүрсэн нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл тасралтгүй багасна гэдгийг Олон улсын эрчим хүчний агентлаг 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан “Нүүрс 2025” тайландаа дурджээ. Үүнд нүүрсний зах зээл дээрх хамгийн том тоглогч БНХАУ-ын бодлого, чиг хандлага нөлөөлж байгаа нь тодорхой. Хятадын аж үйлдвэрийн салбар дахь нүүрсний эрэлт, хэрэглээ ойрын таван жилд буурах хандлагатай байгаа аж. Тус улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 37 хувиас 49 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Тэгэхээр энэ хэрээр нүүрсний хэрэглээгээ бууруулна гэсэн үг. Түүнчлэн эрчим хүчний нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын цементийн үйлдвэрлэлийн уналт үүнд нэрмээс болж буй аж. Мөн Хятадын металлург болон гангийн үйлдвэрлэлийн салбарт жилдээ 742 сая тонн нүүрс хэрэглэдэг бол 2030 он гэхэд 665 сая тонн болж буурах тооцоолол гарчээ.

Дэлхийн хэмжээнд нүүрсний олборлолт 2025 онд 9.11 тэрбум тонн байсан бол 2030 он гэхэд эрэлт, хэрэглээ буурах хандлагыг дагаж 8.64 тэрбум тонн болж буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаж байна.

Дэлхийн зах зээлийн чиг хандлага, төлөв байдал ийм байгаа ч бид мөчлөг сөрсөн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх юм бол од шүүрэх боломж бий. Үүний нэг жишээ нь эхэнд өгүүлсэн Бортээгийн орд билээ. Хар алтнаас олох ашгаа өсгөе гэвэл Бортээгийг “хөдөлгөх” нь зөв өө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий  сайд Н.Учрал 01 тоот...

Иранд буудуулж унасан F-15E-ийн хоёр дахь нисгэгчийг аварсан гэжээ

Хятадын төв радио, телевизийн сэтгүүлч өнөөдөр АНУ-ын холбогдох мэдээллээс...

В.Путин, Р.Эрдоган нар Персийн булангийн нөхцөл байдлын талаар утсаар ярьжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай...