Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн түүхэн, бахархалт өдөр. Жирийн малчны хотоос огторгуйн уудамд дүүлэн нисэж сансрын уудмаас эх дэлхийтэй догдлон мэндчилсэн хүн бол хошууч генерал Ж.Гүррагчаа юм. Өдгөөгөөс 40 жилийн өмнө “Үнэн” сонин энэ эрхмийн баярт мөчөөс хуваалцсаныг “Сансар, дэлхийн яриа” гарчигтайгаар монголчууддаа толилуулж байжээ. Тэгвэл өнөөдөр бид 40 жилийн дараа Монгол болон ЗХУ-ын баатар, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.ГҮРРАГЧААТАЙ ярилцсанаа хүргэж байна.
САНСАР СУДЛАЛЫН АЖИЛД БАРИМТЛАХТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
-Миний ярилцлага хийх саналыг хүлээж авсан танд баярлалаа. Танд баярын мэнд хүргэе. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнуулахаар болсонд дахин баяр хүргэмээр байна. Энэхүү одонг гардах анхны монгол хүн та болох нь. Александр Невскийн одонг авахаар болсноо хэдийд мэдсэн бэ?
-Баярлалаа. Энэ мэдээг та бүхнээс арай өмнө хүлээн авсан.
-Монгол хүн сансарт ниссэн ойн хүрээнд өнгөрсөн өдрүүдэд олон үйл явдал зохион байгуулсны нэг нь “Сансар судлал ба сансрын технологи” эрдэм шинжилгээний бага хурал байлаа. Хурлын үеэр сансар судлал, энэ төрлийн ажлыг эрчимжүүлэхэд ямар асуудалд анхаарах талаар ярилцсан. Харин та энэхүү хурлын үеэр юунд илүү анхаарч санал бодлоо хуваалцсан бэ?
-Бид сансрын хамтарсан нислэгийн ойг сайхан тэмдэглэж ирсэн. Тав, арав, 15, 20, 30 тэгээд 40 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хэрээр сансар судлал, судалгаагаа баяжуулаад явж байна гэсэн үг. Хорин жилийн өмнө ярьж байсан зүйлийн талаар өнөөдөр хэлэлцэхэд хэрхэн өсөж хөгжсөн нь илт мэдрэгдэж байна. Эрдэм шинжилгээний хурлын үеэр манай судлаачид сайхан илтгэлүүд тавьсан. Хуралд ОХУ-ын холбогдох албаны хүмүүс, тэр дундаа Владимир Жанибеков оролцсоноороо онцлогтой боллоо. Монгол Улсын Шинжлэх ухааны академи эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд ном, товхимол гаргана. Хүүхэд залуус төдийгүй судлаачдад хэрэгтэй бүтээл гарах болов уу гэж бодож байна.
-Эрдэм шинжилгээний хурлын үеэр та дараагийн монгол хүнийг сансарт дахин нисгэх цаг ирснийг сануулсан. Үүнийг ажил хэрэг болгоход та ямар санал дэвшүүлсэн бол?
-Хүнээ сансарт нисгэх ажлыг хийх ёстой. Монгол хүн нөөц бололцоо, өөрийнхөө гар, ухаан бодлоор сансрын судалгаанд оролцох учиртай. Хүнийг сансарт нисгэх гол утгаараа бус бид юу хийх ёстой, ямар сорилт туршилт хийж, ямар үр дүн гарах вэ гэдэг нь хамгийн чухал. Тийм учраас бид сансрын тойрог замд тавих суурь туршилтын ажлуудынхаа хөтөлбөрийг гаргах нь чухал. Хамгийн гол нь энэ. Их сонирхолтой, үр дүнгээ өгөх хөтөлбөрүүдийг манай мэргэжлийн хүмүүс, шинжлэх ухааны байгууллагууд, судалгаанд оролцогсод, сансрын техник технологи ашиглаж байгаа эдгээр газрууд санаачлаад хийх хэрэгтэй юм. Ер нь цаашдаа манай төр засаг өөрийн гэсэн сансрын бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, сансрын үйл ажиллагааны ирээдүйн төлөвийг тодорхойлох шаардлагатай. Улс орнууд бүгд тийм байдаг. Сансар судлалын ажилд баримтлах төрийн бодлого хэрэгтэй. Энэ төрийн бодлогын үндсэн дээр суурилан бид алсаа харж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөнө. Гэхдээ бид “Бодлогогүй байна” гээд шүүмжлээд суух бус, эрдэм шинжилгээний хуралд мэргэжлийн хүмүүс байсан учраас та бүхний тус, санаачилга, зүтгэл хэрэгтэй. Энэ ажилд бүгдээрээ оролцъё гэж хэлсэн юм.
Манай улс сансрын судалгааны лабораторитой болох шаардлагатай байна
-Монгол Улс газар нутгийн хувьд хоёр их гүрэнтэй л хиллэдэг онцлогтой. Хамгийн гол нь хоёр хөрш улс маань сансар судлалд ихээхэн анхаарал хандуулж, хамгийн сүүлд БНХАУ-ын сансрын аппарат сарны хөрсний дээжийг дэлхийд авчирлаа. Сансар судлалд хөрш орнуудаа түшиглэн хөгжих боломж манай улсад бий юү?
-Бид сансар судлалын супер гүрнүүдийн дунд байна. ОХУ, БНХАУ аль аль нь сансар судлалын техник технологиороо дэлхийн улс орнуудын тэргүүнд явж байна. Газар нутгийн ийм онцлогийг ашиглан бид сансар судлалаа хөгжүүлэх боломжтой. БНХАУ хиймэл дагуул хөөргөж газрын зураг авлаа гэж бодоход зөвхөн өөрийн улсынхыг авахгүй. Үүний хажуугаар Монголын зургийг авахуулж, байгаль орчинд шаардлагатай байгаа судалгааг хийх боломжтой. Бид энэ талаар дуугарч, холбогдох байгууллагуудтай гэрээтэй ажиллах хэрэгтэй юм. “Та нараас бид мэдээллээ авч байя” гээд захиалгаа өгч болно шүү дээ. Энэ талаар манайхан сайн мэдэхгүй л байгаа. Ярихдаа, хиймэл дагуулын суваг ашигламаар байна, тийм мэдээлэл дамжуулмаар байна гэдэг. Үнэн хэрэгтээ сансрын судалгаа гэдэг бол хоёр чиглэлээр явагддаг. Түүний нэг нь, холбооны хиймэл дагуулууд. Нөгөө нь байгалийн тандан судалгааны хиймэл дагуул юм. Өргөн уудам нутагтай, цөөхөн хүн амтай манай улсын хувьд сансрын судалгаа асар их үр дүнтэй. Тиймээс энэ талын гэрээ хэлэлцээрийг хоёр хөрш оронтойгоо хийх бүрэн боломжтой юм. Ер нь дараа дараагийн монгол хүнийг сансарт нисгэж, өөрийн гэсэн хиймэл дагуултай болохын төлөө зүтгэх нь зөв. Гэхдээ бид аливаа мэдээллийг цаг тухайд нь авч байхын тулд гэрээ байгуулж, сансрын технологийг ашиглаж байх хэрэгтэй. Ялангуяа БНХАУ сансар судлалын чиглэлээр олон улсын хүрээнд гарах, олон түнштэй болох чиглэлд эрмэлзэж байгаа орон. Тиймээс энэ үеийг ашиглан бид харилцан ашигтай гэрээ хэлэлцээрийг хийж байх ёстой.Цаашлаад дараагийн монгол хүнийг сансарт нисгэх тал дээр хамтран ажиллахад ч өргөн бололцоотой. Сансрын судалгаа, сансрын техник, сансарт хүнээ нисгэх үйл ажиллагаа маш их хүч хөдөлмөр, үнээр олддог. Тиймээс шинээр төлөвшиж байгаа улс орнуудтай сансрын судалгааны чиглэлд хамтарч ажиллах юм бол боломж илүү олдоно.
-Дэлхийн улс орнууд зэвсгээр бус сансар судлалаар өрсөлдөж буй эрин үед бид амьдарч байна. Бид тэдэн шиг болохын тулд юуны түрүүнд олон талын мэдлэгтэй, эрүүл монгол хүнийг энэ чиглэлээр бэлтгэх шаардлагатай. Өнөө үед сансар судлалд мэргэшүүлэх боловсон хүчин манайд хэр олон байгаа бол. Энэ талаарх мэдээллээсээ та хуваалцаж болох уу?
-Манайд сайхан залуус өсөж өндийгөөд мэргэжилтнүүд бий болж байгаа. Хятад, Америк, Япон улсад суралцаж байгаа манай залуус энэ чиглэлээр суралцаж байна. Оросод ч гэсэн яг сансрын чиглэлийн дипломтой, төгсөөд ирж байгаа хүн олон бий. Би тэдгээр залуус дипломоо аваад ирэхийг хараад баярладаг юм. Учир нь, тэд сансар судлалын чиглэлээр олон талын мэдлэгтэй, нэлээд зүйл үзчихсэн, тодорхой ойлголттой болчихсон ирж байна. “Мазаалай”, “Тэмүүлэл” хиймэл дагуул дээр ажиллаж байгаа залуус Японд сурсан. Яг өөрсдийн сонирхсон мэргэжлээр суралцсан залуус гараад ирж байна. Бид энэ нөөц бололцоогоо ашиглан дата сууриа бий болгох ёстой. Манай улсад сансар судлалын лаборатори хэрэгтэй. Энэ талаар манай хүрээлэн, Шинжлэх ухааны академи зорилго тавин ажиллаж байна. Дахин хэлэхэд, манай улс сансрын судалгааны лабораторитой болох хэрэгтэй байна.
Зэвсэглэлийн тухайд, харамсалтай нь хүн төрөлхтөн одоо хүртэл зэвсгийн өрсөлдөөнөөс ангижраагүй байна. Уг нь хаячихмаар асуудал. Яагаад гэвэл, бид “нэг л гэрт” амьдарч байгаа нэг дэлхийн хүмүүс. Үүнийг бид ухаарах хэрэгтэй байгаа юм. Өөрсдийнхөө эрх ашгийг өмнөө тавьж, бусдад тулгах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нь юугаар илэрч байна гэхээр зэр зэвсэг, худалдаа наймаа, эдийн засгийн асар их хүч явж байна. Уг нь бид оюун ухаантай хүн төрөлхтөн учраас бүх зүйлд нэгнээ дэмжээд явах ёстой. Гэтэл үүнийг бид хэзээ ойлгож, ойлголцох юм бэ. Ингэж ойлголцож чадвал бидэнд гаднын дайсан гэж үгүй. Эцсийн бүлэгтээ бид ганцхан цэнхэр дэлхий дээр л аж төрж байна шүү дээ. Үүнийг ойлгож ухаарахад магадгүй, сансар судлал туслах учиртай. Хоорондоо сөргөлдөж өрсөлдөх нь манай гараг ертөнцөд нийцэхгүй, бид нэгдэх ёстой. Бидэнд тулгарсан олон асуудал бий. Байгаль орчны асуудал байна. Дулаарал эрчимтэй явагдаж байна. Статистик тооноос харахад сүүлийн арван жилийн дотор хэчнээн амьтны төрөл зүйл устаж үгүй болж байна вэ. Тийм амьтан, ургамлын шинэ зүйл нэмэгдлээ гэсэн мэдээлэл гардаггүй. Өөр зүйлд зарцуулаад байгаа хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа ийм л зүйлд зарцуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь зөвхөн бидэнд бус, бидний дараагийн үед ч хэрэгтэй.
-Стивен Хокингийг сонирхон судалж, түүний номыг ширээнээсээ салгахгүй шимтэн уншиж буй залуус манайд олон бий. Тэднийг чиглүүлээд, урам зоригоор тэтгээд өгвөл бидэнд бусдаас дутах зүйл үгүй гэж бодож байна?
-Үнэхээр манай залуусын зорилго, тэмүүлэл их алс явсан. Бололцоо боломж ч зөндөө байна. Бидний үед сонирхолтой мэдээллүүдийг номноос олж уншдаг байсан бол орчин цагийн залуус интернэтээс бүгдийг мэдэж болохоор байна. Харин энэ боломжоо хүүхдүүд зөв ашиглах ёстой. Утсаа үр ашиггүй маажиж суухын оронд Хокинг юу гэж хэлсэн байна, Ньютоны онолууд яагаад ингэж их сонирхол татаад байгаа юм бэ гэдэг асуултын хариуг интернэтээс хайж, олж мэдэж байх учиртай. Түүнээс хов жив уншиж цагаа үр бүтээлгүй өнгөрөөх нь эрүүл мэндэд ч муугаар нөлөөлнө.
Би саран дээр очиж үзмээр байна
-Асуултынхаа сэдвийг бага зэрэг өөрчлөөд тантай уулзахаараа асууна гэж бодож байсан зүйлээ асууя. Та 40 жилийн өмнө болж байсан үйл явдлыг хэр их дурсан санадаг вэ. Зүүдэлдэг үү?
-Зүүдэлдэг. Энэ талаар хүмүүс ч их асуудаг. Би их зүүдлэмтгий хүн. Одоо би нэг ном бичиж байгаа, түүнд хэрэгтэй гэж бодоод бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ эргэж харлаа. Тэмдэглэлд зүүдэлсэн тухай дурсамжаа их бичжээ. Зүүд цаанаа зөн гэдэг зүйлтэй их хамаатай. Зарим нь өнөөдөр, маргааш болох үйл явдлыг урьдчилаад зүүдэлдэг. Тийм зүйл миний амьдралд тохиолдож байжээ. Би ихэвчлэн сансрын тухай зүүдэлдэг. Үүнээс би зүүдээ дэндүү их мандаг хүн биш байгаа даа, энэ талаар яагаад бичсэн юм бол гэж харж байсан удаатай. Хамгийн тод зүүднийхээ талаар сонин хэвлэлийнхэнд их ярьсан даа. Манай өвөг эцэгт том, бага хоёр бор морь байсан. Бага бор морийг өвөг эцэг маань унаа нь муудсан холын хүнд өгөөд явуулчихжээ. Тухайн үед би дөрөвдүгээр ангийн хүүхэд байсан. Морийг өгч явуулсанд харамсаж байгаагаа өвөг эцэгтээ хэлж байсан талаараа ярьж байлаа. Миний зүүдний ач ч юм уу, бор морь маань ирэх хавар нь гүйгээд ирсэн. Гүйж ирэхдээ гурван морь дагуулаад ирсэн юм. Манай морийг авч явсан хүн ч зорьсон газраа очсон даруйдаа бор морийг тавина. Гүйгээд ирсэн ч араас нь асууж сураглахгүй гэж хэлж байсан. Тэгэхэд би зүүдэлсэн хүн л дээ. Нислэгээр явж байгаа юм шиг доош харахад шаазан хөмөрчихсөн юм шиг цагаан гэрүүд… ямар сайхан байв аа. Тийм зүүд зүүдэлж байсан. Түүнээс болоод ч тэр үү зүүд зөнд их итгэдэг.
-Сансрын уудамд гараад хамгийн түрүүнд мэдрэх танил бус мөртлөө гайхалтай мэдрэмж жингүйдэхэд төрдөг байх гэж боддог юм. Хэрвээ болдог бол тэр мэдрэмжийг дахин мэдрэхсэн гэсэн бодол төрөх юм уу?
-Тийм, болдог бол үзчихмээр байгаа юм.
-Хэрвээ таныг сансрын хөлөгт дахин уривал та зөвшөөрөх үү. 20 гаруй жилийн өмнө Америкийн ахмад нисгэгч Жон Гленн 77 настайдаа сансарт дахин нисэж байсан удаа бий шүү дээ?
-Тэр хүн бол Америкийн анхны астраномич. Америкийн Юрий Гагарин гэсэн үг. Ер нь эрүүл мэнд л гол болохоос сансарт нисэх хүнд насны хязгаар тавьдаггүй.Тэр нөхцөл байдлыг хангаад эрүүл байвал нисэж болно. Гэхдээ надад сансарт дахин ниснэ гэдэг итгэл байдаггүй. Ер нь фантаазлаад, ид шид тохиогоод надаас “Чи хаашаа нисэх вэ” гээд асуувал “Би саран дээр очиж үзмээр байна” гэж хэлнэ.
-Яагаад?
-Яагаад гэвэл, дэлхий орчмын тойрог замд би байсан, үзсэн. Энэ дэлхийгээ мэднэ. Саран дээр очвол би дэлхийгээ хэд дахин жижгэрүүлснээр олж харна. Тийм хүсэл мөрөөдөл надад байна. Дээр үеийн үлгэр домогт гардаг шиг алтан загас хүрч ирээд гурван хүслийг чинь биелүүлнэ гэвэл яах талаар өөрөө бодож байв уу?
-Нэг удаа бодож байсан шүү.
-Тэгвэл өөрөө яах вэ?
-Уулзахыг хүсэж байгаа, маш олон жил уулзаагүй дотнын хүнтэйгээ уулзуулаад өгөөч гэж хүсэх байсан.
-Мэдээж хүн бүрийн хариулт өөр байна. Магадгүй би чамд 100 жилийн дараа монголчууд ямар болсон бэ гэдгийг харуулах уу. Эсвэл 800 жилийн өмнөхийг харуулах уу гэж надаас асуувал би хоцрогдсон хүн байж магадгүй, хуучнаа харна. Би тэр үеийн амьдралыг харна, Чингис хааныг харна гэсэн үг шүү дээ. Монголчууд ямар хүмүүс байсан учраас ийм их эрэмгий зоригтой, эцэж цуцахгүй ард түмэн байсан юм бэ. Тэднээс бидэнд авах зүйл юу байна гэдгийг харах илүү гоё.
-Бас л нэг зүйлийг сонирхож асуумаар санагдаад байх юм. Ганцхан сансрын хөлөгт хэрэглэдэг тамгаар тамгалсан зүйл одоо танд бий юү?
-Бий шүү. Тамгалах шаардлага гардаг юм. Түүнээс гадна номын тамга гэж байдаг. Намайг сансарт нисээд ирсний дараа орос нөхөд маань надад 101 гэсэн тоотой тийм тамга хийлгэж өгсөн юм. Тийм тамга надад бий. Энэ бол бас давтагдашгүй зүйл. Ер нь би юу гэж бодож, мөрөөдөж байсан гэхээр, 1990-ээд оноос бид ургийн овогтой болсон. Тэр үед хүмүүс намайг “Сансар” гэсэн овогтой байж болох талаар бичдэг байлаа. Би бол Жарангийнхан гэдэг овгийн хүн л дээ, ээжийнхээ талаас. Тэгээд бодож байгаад “Сансар” гэдэг овог авдаг юм уу гээд дүү нартаа ярьтал тэд бүгд Сансар овогтой болчихож. Түүнийг нь би сүүлд Хиад сансар болгосон юм. Хиад сансар овгийн хүн хэдхэн байна. Надаас гадна миний хоёр хүү, гурван ач Хиад сансар овогтой. Ер нь би овгийн тамгатай болъё гэж боддог байсан юм. Хиад сансар цоо шинэ овог учраас дараа дараагийн үедээ өвлүүлэх овгийн тамгатай болохоор нэлээд явсан. Үүний үндсийг би тавиад “Манай өвөөгийн хийсэн тамга” гээд явбал хэрэгтэй зүйл байгаа юм. Ер нь тамганы ач холбогдол их л дээ.
Манай дэлхий хаврын цэнхэр яргуй шиг, зөөлөн цэнхэр өнгөтэй үнэхээр сэтгэл булаам харагддаг
-Та хэвлэлд өгсөн ярилцлагадаа сансарт нисэхдээ аавынхаа хөөрөг болон ээжийнхээ өгсөн 10 төгрөгийг авч явсан тухайгаа ярьсан байдаг. Харин сансарт байхдаа зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны “Уяхан замбуутивийн наран” дууны хуурцгийг авч явсан юм уу?
-Хуурцган дээр бичсэн бичлэг авч явсан юм. Ер нь миний хэрэгжүүлэх сансрын хөтөлбөрт чөлөөт цаг гэсэн хэсэг бий. Хөтөлбөрийн энэ хэсэгт Монголын урлаг соёлыг танилцуулах зорилготой. Энэ зорилгоор сансрын тойрог замд морин хуурын аялгуу эгшиглэж, уртын дуу дуулсан. Манай хүүхдүүд нугарч байсан гээд гоё сайхан гэх бүхий л зүйлээ үзүүлсэн. Тэр дундаа
Н.Норовбанзад гуайн “Уяхан замбуутивийн наран” дуу сансрын тойрог замд цангинаж байсан даа. Дууг сонссон нөхөд маань сансрын тухай дуу юу, яг юуны тухай дуу болохыг асуухад нь би нарны дуу гэж тайлбарласан. Харин оросууд энэ дууг “Нарны дуулал” гэж өөрийн хэлнээ хөрвүүлдэг. Үнэхээр бодоод байхад “Уяхан замбуутивийн наран” сансрын дуулал юм байна билээ.
Монгол хүн яагаад уяхан замбуутив гээд хэлчихсэн юм. Тэрийг сансар огторгуйгаас харсан хүн л тэгж хэлмээр санагдсан. Манай дэлхий хаврын цэнхэр яргуй шиг, зөөлөн цэнхэр өнгөтэй үнэхээр сэтгэл булаам харагддаг. Тэгэхээр харсан хүн л онож хэлмээр зүйлийг манай эцэг өвгөд яагаад тэгж хэлсэн юм бэ. Тэд сансарт нисээгүй нь лавтай байх. Тэгэхээр билгийн нүд гэж айхавтар мэдрэмжтэй байсан байгаа юм. Монгол хүнд байдаг ийм өгөгдөл, түүгээрээ л эцэг өвгөд минь харж байж дээ гэж би сүүлд нь бодсон доо.
-Одоо миний асуух асуултад та хариулахгүй ч байсан болно. Монголчууд бид олон бахархалтай. Тэдгээр бахархлын нэг нь та. Гэтэл энэ цагт хүмүүс ийм хүнээрээ бахархахгүй байгаа юм шиг санагддаг. Таныг анх сансарт нисээд ирэхэд монголчууд хөл хөөртэйгөөр угтан авч байсан. Гэтэл тэр цагийн үнэ цэн одоо оршин байж, хүндлэл нь танд ирсэн хэвээр байгаа юу?
-Бидэнд нэг буруу зүйл байдаг нь түүхээ мартдаг. “Түүхээ мартаж болохгүй” гэж эзэн Чингис хаан сургасан байдаг. Уг түүхээ мартсан хүн бол ойд төөрсөн сармагчин шиг болно гэсэн үг ч бий. Бид түүхээ сайнтай, муутай нь мэддэг байх ёстой. Монгол хүн сансарт ниссэн нь монголчуудын түүхэнд болсон үйл явдал. Бүгдээрээ баярласан сайхан баяр. 1980-аад оноос хойш төрсөн хүүхдүүд энэ баярыг өөрсдөө бие сэтгэлээрээ мэдрээгүй. Тийм учраас бид монгол хүн сансарт ниссэн өдөр баярлахыг тэднээс шаардах нь бас учир дутагдалтай. “Тийм гайхалтай үйл явдал болсныг чи яагаад хэлэхгүй, мэдэхгүй байгаа юм” гэж. Гэтэл энэ нь тэр хүний буруу биш. 40 жил гэдэг бага хугацаа биш. Хүний амьдралтай харьцуулбал их хугацаа, дэлхий ертөнцийнхтэй харьцуулбал магадгүй, тийм уртад тооцогдохгүй. Тиймээс би түүнийг нь буруу гэж боддоггүй. Монгол хүн сансарт ниссэн өдрийг хүмүүс мэднэ, сонирхол нь ч буураагүй. Энэ баярыг өөрийн биеэр мэдрээгүй хүүхдийн аав ээж нь мэднэ, өвөө эмээ нь монгол хүн сансарт нисэж байсныг харсан. Хэрэв тэр хүүхэд сонирхвол гэр бүлийнхнээсээ асууж болно. Харин гэр бүлийнхэн нь түүнд ярьж өгч болох юм. Энэ түүхийг үлдээе гэвэл аав ээж, өвөө эмээ нь хүүхдэдээ хэлж өгөх учиртай.
-Ярилцлагаа таны бичиж байгаа номын талаар асууж өндөрлөе гэж бодлоо?
-Ном бичихэд тоймгүй их ажил болдог юм байна. Миний энэ ажилд гэр бүлийнхэн маань маш их тусалж байгаа. Би тэдэнд “Зохиолч, яруу найрагч болъё гэж бодож байсан юм, болилоо” гэж хэлж инээдийг нь хүргэж байсан юм. “Орчлонд орхисон мөр” нэртэй номоо монгол хүн сансарт ниссэн өдрөөр уншигчдадаа хүргэнэ.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин