Хэнтий аймгийн Шуурхай штаб өнөөдөр өглөө Өмнөдэлгэр суманд гарсан нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаж тодорхой шийдвэрүүд гаргэжээ. Учир нь өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр эрүүл мэндийн шалтгаантай иргэн Х нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч Баян-Адарга сум руу явах замдаа оройн 19 цагийн үед Өмнөдэлгэр сумын “Дамбо”, “Ханбүрээ” дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна.
Улмаар тэд харьяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож тухай иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байгаа юм байна. Тус дэлгүүрүүдээр коронавирусийн шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн нь үйлчлүүлжээ.
Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хэнтий аймгийн Шуурхай штабаас аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны 01:58 цагт Өмнөдэлгэр суманд хүрч удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурлаар ЭМГ-аас нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдэгджээ. Аймгийн Шуурхай штабаас Өмнөдэлгэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах, сумын иргэд нэвтрэхээр бол нөхцөл байдлаас шалтгаалан эргэж гарахгүй байх, хяналтын цэгийг нэмэгдүүлэх, коронавирусийн эмнэл зүйн шинжээс шалтгаалан эрүүл мэндийн байгууллагаас PCR шинжилгээ авахаар болжээ. Хэнтий аймгийн Шуурхай штабаас ХӨСҮТ-тэй тогтмол мэдээлэл солилцон ажиллаж байгаа бөгөөд газар дээр Шуурхай штабын судалгааны баг, нэгтгэлийн баг ажиллаж байгаа аж. Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас халдвартай нь батлагдсан иргэнийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн байна.