УИХ-ын гишүүн С.Батболдын хуульчид Нью-Йоркийн шүүхэд хандан Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн захиалгат үйлдлийг биелүүлж буй этгээдүүдийг ил болгох нэхэмжлэл гаргасан талаар Bloomberg агентлаг цахим хуудастаа мэдээлжээ. Энэхүү нэхэмжлэлийн агуулгыг орчуулан та бүхэнд хүргэж байна.
Уг нэхэмжлэлд С.Батболдын эсрэг тив дамнасан гүтгэлгийг хэн, хаанаас захиалж, зохион байгуулсан, хэрхэн санхүүжүүлсэн, энэ ажиллагааг гардан гүйцэтгэхэд оролцсон тодорхой хүмүүсийн талаарх мэдээллийг ил болгохыг шаарджээ.
Мөн С.Батболдын хуульчид Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагыг ашиглан улс төрийн зорилгоор өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдах арга хэрэгсэл болгосон нэхэмжлэл дотооддоо үүсгэж, энэ нэхэмжлэлээрээ шалтаглан гадаад орнуудын шүүхийн нэр хүндийг ашиглах оролдлого хийж байна хэмээн үзсэн байна. Нью Йоркийн шүүхэд АНУ-ын нэр хүнд бүхий шүүгч хоёр талын тайлбарыг судалсны үндсэн дээр С.Батболдын эсрэг гаргасан байсан нэхэмжлэлийг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Монгол улсад тэр шийдвэрийг нь улс төрийн зорилготойгоор мушгин гуйвуулж Засгийн газар нэхэмжлэлийг нь татсан мэтээр бохир сурталчилгаа хийж байгааг онцолсон байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ зэрэг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд нь Сү.Батболдын эсрэг ямарваа нэг нэхэмжлэл гаргаагүй, ямарваа нэг нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорт тавиагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын орлогч нь дотоодын шүүхэд бие даан нэхэмжлэл үүсгэж, гаднын улсуудын шүүхэд Монгол Улсын Засгийн газар болон энэ гурван байгууллагын нэрийг ашиглаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзжээ. Нэхэмжлэл гаргаагүй гээд байгаа гурван байгууллагын нэрийг хуурамчаар ашиглахдаа хэнээс өгсөн ямар баримтыг ашиглаж байгааг энэ нэхэмжлэлээр тодорхой болгохыг хүссэн байна.
С.Батболдын Засгийн газар татварын цоорхойг хааснаар хөрөнгө оруулагч тал Монгол улсад хэдэн зуун сая ам.доллар нэмж төлөх болсон 2012 оны шийдвэр болон Монголын талын төлөх зээлийн хүүг хэдэн зуун сая ам.доллараар бууруулсан 2011 оны гэрээний өөрчлөлтийг зориуд мушгин гуйвуулж, гүтгэлэг зохиож, “хөрөнгө оруулагч талд өгсөн давуу тал” хэмээн олон нийтийн тархийг угаах оролдлого хийсэн. Тэр гүтгэлэг нь баримт нотолгоотойгоор няцаагдаж, үнэнд гүйцэгдэхэд “хөрөнгө оруулагч талд өгсөн давуу тал” гэх гүтгэлгээ дурдахаа ч байсныг нь онцолсон байна. Энэ мэт УИХ-ын гишүүн С.Батболдыг буруутгах биш, харин ч зөв юм хийсэн гэж сайшаах ёстой нь олон нийтэд маш ойлгомжтой, тодорхой атал энэхүү асуудлыг санаатайгаар мушгин гуйвуулж, гүтгэлэг зохиож байсан эзэн нь хэн бэ гэдэг нь энэ удаагийн нэхэмжлэлээр ил болох бололтой.
Мөн дээрх гүтгэлэгт нэр дурдагдаад буй өмчийн эзэн гадаадын иргэн нь С.Батболдын өмчлөлийн бус өөр хүний өмч гэдгийг холбогдох бүх газарт албан ёсоор мэдэгдсээр байтал УИХ-ын С.Батболдод хамааралгүй байр, компанийг түүнд хамааралтай мэтээр улс төрийн зорилготой гүтгэлэг зохиож, Монгол улсад олон нийтийг төөрөгдүүлэх өргөн хүрээтэй бохир сурталчилгаа хийсэн гэж үзсэн байна. Энэхүү гүжир гүтгэлэг зохиох ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар нь хүртэл оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс гүтгэлэг тараасныг нь дурджээ. Энэ нь албан тушаалаа ашиглан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дотоодын шүүхэд нөлөөлөх оролдлого бүхий улс төрийн зорилготой үйлдэл гэдгийг ч нэхэмжлэлдээ цохон тэмдэглэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь саяхныг хүртэл “маш нууц”-ын зэрэглэлд байсны улмаас өнөөдрийг хүртэл С.Батболдын хуульчид уг хэргийн материалтай бүрэн танилцаж, ямар нэг тайлбар өгч өөрийн эрхээ хамгаалах боломжгүй байсан. Энэ нь мөн л улс төрийн зорилгоор нэхэмжлэл үүсгэсний нэг илрэл гэж үзжээ.
Энэхүү нэхэмжлэл гээч нь дотоодын хууль шүүхийн байгууллагыг оролцуулсан, гадны шүүхийн нэр хүндийг ашиглахыг оролдсон, улс төрийн гүтгэлгийн чанартай байгаа учир энэ гүтгэлгийг анхнаас нь хаанаас, хэний даалгавраар ямар санхүүжилтээр зохион байгуулсан гэдгийг тодорхой болгох зорилготойгоор энэхүү нэхэмжлэлийг шүүхэд өгсөн байна. Улстөрчидтэй шууд мөнгө санхүү, хувь болон бизнесийн хамаарал холбоотой этгээдүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд энэ бүхнийг зохион байгуулахад оролцож байгаа гэсэн мэдээ дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсаар байгаа. Энэ асуудал ч С.Батбодын хуульчдын гаргасан нэхэмжлэлийн үр дүнд тодорхой болох аж.
Монгол улсын иргэнийг улс төрийн зорилготойгоор гадаадын ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллагыг хөлслөн мөрдүүлж, дотоодын шүүхэд нэхэмжлэл үүсгэж, түүнийгээ шалтаг болгон гадны хуулийн компанид мөнгө төлж, олон орны шүүхэд нэхэмжлэл үүсгэсэн анхны тохиолдол нь энэ юм. Сонгуулийн жилийг угтсан улстөрийн өрсөлдөгчөө намнах гэсэн энэ ажиллагаанд төрийн байгууллагуудаас олон арван тэрбум төгрөг төлсөн байх ч магадлалтай байна. Иймд улсаас энэ их мөнгө гарч байгаа бол хэн гэгч этгээд улс төрийн дотоодын бохир тэмцэлдээ улсын их хэмжээний мөнгийг гадаадын хувийн компанид төлөх шийдвэр гаргасан, тэр компанийг хэн яаж сонгосон, хэний үүрэг даалгавар, зааварчилгаагаар ажилласан, хэн тэр зааварчилгааг нь дамжуулсан гээд олон асуултын учиг энэ нэхэмжлэлийн үр дүнд тайлагдах бололтой. Эцэст нь энэ бүхэн улс төрийн зорилготой гүтгэлэг гэдэг нь нотлогдож, гадны ашгийн төлөө, хувийн тагнуулын байгууллага, хуулийн компанид тэрбум тэрбумаар нь төлсөн зардлыг хэн эргэж төлөх вэ? Захиалагчид нь уу? Энэ асуудал ч дээрх нэхэмжлэлийн үр дүнд тодорхой болох бололтой.
Дашрамд дурдахад энэхүү нэхэмжлэлийг гаргасан дэлхийд алдартай “Gibson Dunn” хуулийн фирмийн хуульч нь Нью-Иорк хотын орлогч прокуророор ажиллаж байсан нэр нөлөө бүхий хуульч юм байна.
Р.ЭНХ-ОРШИХ