Monday, November 25, 2024

Шатахууны үнийг нэмэхгүй бол эдийн засагт “харвалт” үүсэх аюул тулжээ

Date:

Шатахууны үнэ өнөөдөр харьцангуй хямд буюу АИ-92 бензин литр нь 1450 төгрөг байна. Энэ нь хэрэглэгчдийн хувьд мэдээж таатай хэрэг. Харин зах зээлийн жам ёсоороо бензин ийм хямд байна уу гэвэл үгүй. Засгийн газраас бодлогоор шатахууны үнийг нэг түвшинд барьж байгаа юм. Олон нийтэд одоохондоо таалагдаж байгаа энэ шийдвэрийн хэрэгжилт удаан үргэлжилбэл импортлогчид удаан тэсэхгүй. Тэдний тэсрэлт үнийн огцом өсөлтөөр илэрнэ. Цар тахлын улмаас тэртэй тэргүй хүндхэн байгаа эдийн засагт энэ нь гэнэтийн хүнд цохилт болно. Хүнээр бол шууд тархинд цус харвана гэсэн үг.

Яагаад гэдгийг тайлбарлая. Өнгөрсөн 2020 онд “COVID-19” цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтээрээ хилийн хориг, хөл хорио тогтоосон тул газрын тосны бүтээгдэхүүний эрэлт багассан. Тиймээс 2020 гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар буурсан юм. ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх хил үнэ буурсантай холбогдуулан шатахууны худалдаа эрхлэгч компаниуд 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн А-80 автобензиний үнийг 30 төгрөгөөр, АИ-92 автобензинийг 45-95 төгрөгөөр, дизелийн түлшийг 120 төгрөгөөр, 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөсА-80 автобензинийг 300 төгрөгөөр, АИ-92 автобензинийг 300 төгрөгөөр, дизелийн түлшийг  190-310 төгрөгөөр, 2020 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс А-80 автобензинийг 50 төгрөгөөр, АИ-92 автобензинийг 80-100 төгрөгөөр, АИ-95 автобензинийг 200 төгрөгөөр, дизелийн түлшийг 160 төгрөг буюу

нийт дүнгээр А-80 автобензиний үнийг  380 төгрөг,  АИ-92 автобензинийн үнийг  475 төгрөг, АИ-95 автобензинийг 440 төгрөг, дизелийн түлшийг 590 төгрөгөөр тус тус бууруулсан.

Гэхдээ энэ таатай нөхцөл байдал удаан үргэлжлээгүй юм. Шатахууны үнэ буурах нь манайх шиг импортлогч оронд таатай болохоос экспортлогчдод бол хүсэх юм биш. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс ОПЕК-ийн орнууд олборлолтоо 11 сая гаруй баррелиар бууруулах шийдвэр гаргасан. Мөн томоохон улс орнууд цар тахлын хөл хориогоо цуцалснаар газрын тосны үнэ эргээд өсөж эхэлсэн байна. Тухайлбал, 2020 оны тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүний Сингапур улсын биржийн үнэ тасралтгүй өсөж, барелль нефтийн үнэ 22-70 ам.доллар болтлоо огцом өсөөд байгаа. Эдийн засагчдын тооцооллоор энэ хурдаар бол  

2021 оны тавдугаар сард 75 ам.доллар, зургадугаар сард 78 ам.доллар хүрэх хандлагатай байгаа ажээ.

Ийнхүү дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөөр байгаа ч манайд өнгөрсөн оны тавдугаар сарынхаа түвшинд барьсаар өнөөг хүрээд байгаа юм. 2020 оны зургадугаар сараас 12 дугаар сарын 31 хүртэл үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан тул өнгөрсөн онд хямдралтай үнээр худалдаалахад хүндрэл гараагүй аж. Харин дээрх гэрээ дууссан тул 2021 он гарснаар шатахуун импортлогчид АИ-92 төрлийн автобензиний нэг литр тутмаас нэгдүгээр сард 70 төгрөг, хоёрдугаар сард 200 төгрөг, гуравдугаар сард 350 төгрөгийн алдагдал хүлээж эхэлжээ. Дэлхийн зах зээлийн үнэ цаашид өсвөл энэ алдагдал улам ихэснэ.

“COVID-19” дэгдэхээс өмнө буюу 2019 оны гуравдугаар сард Монгол Улсад АИ-92 шатахууны үнэ 1735 төгрөг байсан бол өнөөдөр 1450 төгрөгт барьж байгаа. Гэтэл АИ-92 бензиний дэлхийн зах зээл дээрх үнэ 2019 оны гуравдугаар сарынхаас 3.5 хувиар нэмэгдчихээд байгаа аж. Үүн дээр нэмээд ам.долларын ханш өнгөрсөн оны турш 4.2 хувиар чангарсан нь шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж таарна. Тиймээс шатахууны үнийг бага багаар шатлалтайгаар нэмэхээс өөр гарц үгүй болчихоод байгаа юм.

Улс төрөө бодсон ийм шийдэл нь улс орноо хөлдөө чирэх аюул дагуулж буй.

Импортлогч компаниуд өнөөгийнх шиг литр тутамд 350 төгрөгийн алдагдалтай ажиллаад байвал удаан тэсэхгүй. Тэд шатахууны нөөц бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэргүй болоход ойрхон байгаа. Хэрвээ шатахууны хомсдол үүсвэл инфляц огцом өснө. Ийм байдалд хүрэхгүйн тулд импортлогч компаниуд литр тутмын үнээ 1000 орчим төгрөгөөр огцом нэмэх шаардлага үүснэ. Шатахууны үнэ огцом өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад огцом өсөж таарна. Энэ бол “цус харвалт” л гэсэн үг. Эдийн засгийн цусны эргэлтийн хэвийн горим алдагдах юм бол хор хохирол нь их, үр уршиг нь ужиг удаан байх болно. Нөхцөл байдлыг урьдчилан харж, шатахууны үнийг бага багаар нэмэх замаар зах зээлийн зарчим руу нь оруулах алхам хийхгүй удах юм бол эдийн засгийнхаа амин судсыг “хагалж” мэднэ. Энэ бол “COVID-19”-өөс ч аюултай.    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...