Monday, November 25, 2024

Мал эмнэлгийн салбар оны шилдгүүдээ тодрууллаа

Date:

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн хангаж, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглан, төр, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллага, малчидтай хамтарч ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд малын гоц халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалж, халдварт болон халдваргүй өвчний гаралт буурч, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлээд байна. Мал эмнэлгийн ерөнхий газар салбарынхаа ажлыг дүгнэж “Оны аварга-2020” шилдгүүдийг шалгаруулсан байна. Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөл байдал ажиллаж байгаа ч Мал эмнэлгийн салбарынхан цар тахалын эсрэг тэмцэлд тэргүүн эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ. “Оны аварга Мал эмнэлгийн тасаг”-аар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Мал эмнэлгийн тасаг шалгарчээ. Тус сумын Мал эмнэлгийн тасгийнхан үйл ажиллагаандаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, оновчтой зохион байгуулж, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлдэг, үлгэр жишээ анхан шатны нэгж болгосон байна. Мал эмнэлгийн цахим системийг хэрэгжүүлж, үйлчилгээний нэгжийн ажлын уялдааг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэл, баталгаажуулалтыг бүрэн хангалттай хийж гүйцэтгэжээ.

“Оны аварга Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж”-ээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Юмт гэгээ” ХХК шалгарсан байна. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1,057,600 малыг хамруулж, гүйцэтгэлийг мал эмнэлгийн нэгдсэн системийн бүртгэл, нэгжийн ажил үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, боловсон хүчнийг мэргэшүүлэх, дадлагажуулахад онцгой анхаарч, шинэ ажлын байр бий болгосон амжилтаараа тус компани шалгалчээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг малчид, мал бүхий иргэдэд сурталчлан таниулах, тэдгээрийг соён гэгээрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

“Мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжигч байгууллага”-аар Нийслэлийн Засаг Даргын тамгын газар тодорчээ. Нийслэлийн Засаг Даргын тамгын газар нь Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, малын өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, хадгалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг бруцеллёз өвчний халдварлалтын түвшин, эрүүл бүсийг тогтоож, нөхөн төлбөр 124 сая төгрөг, хүний бэтгэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өрхийн 15 мянган нохойг бүртгэлжүүлэх, үржлийг саатуулах, туулгалт хийх ажилд зориулж орон нутгийн төсвөөс 400 сая төгрөг шийдвэрлэн хэрэгжүүлсэн аж.

“Оны аварга мэргэжилтэн”-ээр Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Л.Баярмаа шалгарчээ. Тэрбээр Мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэх, Цахим мал эмнэлэг сургалт семинарыг санаачлан аймгийн 23 сум, 1 тосгоны нийт 170 малын эмч нарыг хамруулан идэвх санаачлагатай ажилласныг үнэлэн шилдгээр тодруулжээ.

“Оны аварга малын эмч”-ээр Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн “Буян хөхий” ХХК-ны захирал Малын их эмч А.Амарбаян шалгарлаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг малчид, мал бүхий иргэдэд сурталчлан таниулах, тэдгээрийг соён гэгээрүүлэх, хүний бэтгэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх өрхийн 15 мянган нохойг бүртгэлжүүлэх, үржлийг саатуулах, туулгалтын ажлыг сайн зохион байгуулжээ.

“Оны аварга лабораторийн эмч ажилтан”-аар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Нян судлаач Ц.Оюундэлгэрийг шалгарууллаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, лабораторийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн ажилласан. Био аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторид мал, амьтанд коронавирусын шинжилгээ хийгдэж түүнээс нохой, муур, гадаргуу арчдас, адуу, загас зэрэг амьтанд нийт 594 дээжид шинжилгээ хийжээ.

“Оны аварга санхүүгийн ажилтан”-аар Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын Нягтлан бодогч Ж.Болор-Эрдэнэ шалгарчээ. Төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулж, санхүү бүртгэлийн бодлого, заавар, журам, стандартын дагуу хөтлөн өр авлага үүсгэлгүйгээр бусдыгаа манлайлан ажилласан байна.

“Оны аварга эрдэмтэн”-ээр Мал эмнэлгийн сургуулийн Дотор өвчин, эм судлалын тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор П.Болормаа шалгарлаа. Тэрбээр мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор 2005 онд, профессор 2012 онд зэрэг хамгаалж, Мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт шилдэг бүтээл, инновцийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрийг салбартаа хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний 16 өгүүлэл нийтэлж, боловсон хүчнийг бэлтгэхээр зорилгоор магистр, докторын нийт 41 ажил удирдаж, сурах бичиг, ном товхимол, гарын авлага 52, зөвлөмж, стандарт 17 тус тус гаргасан байна. Цахлайн 4 хувийн түрхлэг, Загасгал 50 эмийн бэлдмэл, сүүний гарцыг нэмэгдүүлэгч бэлдмэл, Фоллитроп бэлдмэл, Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсэн үзүүлэлтийг үнэлэн үзсэн байна.

“Оны аварга Мал эмнэлгийн газар”-аар Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрыг тодрууллаа. Тус аймаг нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, лабораторийн шуурхай бэлэн байдал, Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх, халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллажээ. Мөн Бүгд Найрамдах Буриад Улс /ОХУ/, Сэлэнгэ аймаг /Монгол улс/ хамтын ажиллагааг хөгжүүлэх, мал эмнэлгийн салбарт хоёр талын харилцаагаа өргөтгөх, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчингүй, мал эмнэлгийн болон ариун цэврийн тайван таатай байдлыг хангах, мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импорт дэмжиж хамтын ажиллагаа өргөжүүлэн ажиллах зэрэг үзүүлэлтээр ийнхүү тэргүүлж байна. Харин Хэнтий аймгийн мал эмнэлгийн газар II байрт шалгарчээ. Тус газар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, лабораторийн шуурхай бэлэн байдал, Халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллажээ. Мал эмнэлгийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг өөрийн аймагтаа нэвтрүүлж, хэрэгжилтийг бүрэн хангуулж ажилласан. Аймаг орон нутгийн санхүүжилтээр ариутгалын төхөөрөмж /мотопомп/-49,9 сая төгрөг, ариутгалын бодис-31,2 сая төгрөг, лабораторийн тоног төхөөрөмж-22,5 сая төгрөг, эм урвалж, оношлуур-15,8 сая төгрөг, хөдөлмөр хамгааллын хувцас-17,0 сая төгрөг нийт 136,4 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг татаж ажилласан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 49,5 сая төгрөгийн санхүүжилтээр Мал эмнэлгийн газрын 5 автомашины гаражийг бариулж ашиглалтанд хүлээн авсан. “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөлтэй хамтран 16 суманд бог мал угаалгын ванн 16 угаалгын ванн ашиглалтанд оруулсан аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хандивласан 30,000 хонины бэлтгэл ажилд Баянхутаг, Баянмөнх, Галшар, Баян-Овоо сумдад 8 суурь болгон төвлөрүүлэх, 6 цэгт хорио цээрийн бүс тогтоон эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, дархлаажуулалт, ээмэгжүүлэлт зэрэг ажлуудыг хийж 8158 хонь бэлтгэн цуглуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын боомтонд хүргүүлэн ажилласан байна.

Тусгай байрт Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Төв аймгийн Мал эмнэлгийн газрууд тус тус шалгарлаа. Нийслэлийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн лабораторийн шуурхай бэлэн байдлыг хангаж, яаралтай оношилгооны урвалж, оношлуураар хангаж, Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан. Нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, нэмэлтээр мал эмнэлгийн хорио цээрийн 3 хяналтын цэг байгуулах санхүүжилт 5,1 тэрбум төгрөгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраар шийдвэрлүүлсэн. Мөн Гэр хорооллын нохой бүртгэлжүүлэх, мал эмнэлгийн цогц арга хэмжээнд хамруулах ажлыг Баянзүрх дүүргийн 5000, Сонгинохайрхан дүүргийн 15000 нохойг бүртгэлжүүлэх, 600 эр нохой, 900 эм нохойг үржил хязгаарлах мэс засалд хамруулах, 3000 дээжийг бэтэг өвчин илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах арга хэмжээг зохион байгуулан Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг аж ахуй нэгж, мал бүхий иргэдийн үхэр сүргийг бруцеллёзын шинжилгээнд хамруулж, үхрийн бруцеллёзоор эрүүл сүргийн статусыг тогтвортой хадгалах, хянах, тайван бус аж ахуйн нэгж, суурийн халдварыг хянах, цаашид эрүүлжүүлэх зорилгоор нийслэлийн 35000 үхрийг бруцеллёзын шинжилгээнд хамруулах ажлыг 2019-2020 онд зохион байгуулсан ажлын үр дүнд бруцеллёзын шинжилгээний дүнгээр өвчтэй гарсан 131 өрхийн 248 үхрийг хэрэгцээлсэн нөхөн олговрын 124.0 сая төгрөгийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, малчдад олгосон. Бруцеллёзоор эрүүл гарсан 14 аж ахуйн нэгж, 2532 өрхөд олгох “Эрүүл сүрэгтэн” гэрчилгээг Нийслэлийн Засаг даргаар батлуулан олгосон байна.

Төв аймгийн Мал эмнэлгийн газар Мал, амьтны хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний эрсдэлтэй зүүн бүсээс өөрийн нутаг дэвсгэрээр дамжих малын шилжилт хөдөлгөөнөөр халдвар дамжин тархахаас урьдчилан сэрийлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллажээ. Мал эмнэлгийн лабораторийн шуурхай бэлэн байдлыг хангаж, яаралтай оношилгооны урвалж, оношлуураар хангаж Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласан. Цахим системийг 87 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид нэвтрүүлэн 35659 гэрчилгээ олгож, 2109 удаагийн дуудлагын дагуу үйлчилгээг үзүүлсэн. Мал эмнэлгийн нэгдсэн системийн хэрэгжилтийг хангахаар 27 сумын 80 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж принтер, суурин компьютер, зөөврийн хэвлэгч, гэр интернет зэрэг 100.4 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болсон байна. Отор нүүдлээр манай аймгаас өөр аймагруу 1642 гэрчилгээ бичигдэж 43178 толгой мал отор нүүдлээр гарсан, өөр аймгаас манай аймагт 1471 гэрчилгээ бүртгэгдэж 214323 толгой мал отор нүүдлээр ирсэн, аймаг дотроо отор нүүдлээр 666 гэрчилгээ бичигдэн 49393 толгой мал оторлож нийт 306894 малд хяналт тавин ажиллаж байна. Гоц халдварт, халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц, гүйцэтгэлд 4 удаа хяналт шалгалт хийж, нийт малчин өрхийн 91.5 хувь буюу 11050 малчин өрх малын эрүүл мэндийн дэвтрээр хангагджээ. Нийт оны шилдгээр шалгарсан Мал эмнэлгийн газар, тасаг, нэгж, байгууллага, эрдэмтэн, мэргэжилтэн ажилтнууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...