Санхүүгийн зохицуулах хорооноос тус хорооны зохицуулалтын бус, холбогдох бүртгэл, зөвшөөрөлгүй санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх мөн баталгаагүй, залилах гэмт хэргийн шинж агуулж байж болзошгүй аливаа үйл ажиллагаанд өртөж, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол хүлээхээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр форекс буюу хэт өндөр эрсдэл бүхий гадаад валютын арилжаанд оролцож их хэмжээний ашиг хийхийг уриалсан, түүнийгээ эрсдэлгүй төсөл нэрээр иргэдээс хөрөнгө татах үйл ажиллагааг зарим этгээдээс явуулж байж болзошгүй байна.
Тухайлбал, 6 сарын хугацаатай хөрөнгө оруулсан тохиолдолд хугацааны эцэст 35-40 дахин мөнгөө өсгөж авна гэх зэрэг зар сурталчилгаа бүхий мэдээллийг иргэдэд түгээх боллоо. Богино хугацаанд өндөр өгөөж хүртэх амлалт бүхий хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь эсрэгээрээ түүнээс илүү өндөр эрсдэлийг дагуулдаг төдийгүй зарим тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй.
“Олон нийтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргах, хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа” нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд хийгдэх ёстой бөгөөд үнэт цаас, түүнтэй адилтгах нэгж эрх зэрэг санхүүгийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, зөвшөөрөл авсан байхыг Монгол Улсын хууль тогтоомжоор шаарддаг.
Иргэн Танд өөрийн итгэл үнэмшлээр санхүүгийн болон хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах нь нээлттэй. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын бус, холбогдох бүртгэл, зөвшөөрөлгүй санхүү, хөрөнгө оруулалтын аливаа хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх мөн баталгаагүй, залилах гэмт хэргийн шинж агуулж байж болзошгүй аливаа үйл ажиллагаанд өртөж, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол хүлээхээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО