Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын гишүүдийг ганцаарчлан хүлээн авч уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан:
Шадар сайдын хариуцах асар олон асуудал байгаа. Өнөөдөр бидэнд тулгамдаад буй цар тахлын асуудлаар Таныг ажрахгүй ажиллах болов уу гэж бодож байна. Нөхцөл байдал ийм байхад битгий улстөржөөрэй л гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, Ерөнхийлөгчтэйгөө ойрхон ажиллаарай. Таныг хотын даргаар ажиллаж байх үед санал, бодлоо солилцож байсан. Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад, улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү. Амжилт хүсье” гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандан:
“Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байгаад баяр хүргэе. Та нар ярилцаж, хэлэлцэж байж гаргасан шийдвэр байх. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг бол маш том гал тогоо.
Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо. Та энэ бүхнийг мэдэж байгаа. Таны нас, туршлагыг харвал энэ Засгийн газрын хамгийн том түшиц нь гэж харж байна. Ажлын амжилт хүсье” гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандан:
“Та өмнө нь намын ажил хийж байсан ч улс төрд шинэ хүн болж байна. Байгаль орчны салбарт Таны өмнөх хоёр сайдтай ойр хамтран ажиллаж байсан. Таныг энэ ажлыг үргэлжлүүлэх болов уу гэж бодож байна.
Өнөөдөр говийн нутаг эзэнгүй, усгүй болж байна. Говьд усгүй болохоор малгүй, малгүй болохоор малчингүй болж байна. Бид говьд 1,000 орчим км усжуулах хоолой татах гэж байна. Мөн 10 аймагт усан цахилгаан станц барих ажил эхэлчихсэн явж байна. Говийг эзэнтэй, амьдралтай болгох зорилгоор говьд буй байгалийн баялгийг ашиглах төмөр зам барьж байна. Төмөр замыг дагаад говьд худгуудыг гаргаад эхэлсэн. Манай байгаль орчин сүйдсэн гэдгийг Та ойлгож байгаа байх. Салбартайгаа танилцах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Ажлын амжилт хүсье” гэлээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хандан:
“Та хоёр дахь удаагаа Батлан хамгаалахын сайдаар томилогдлоо. Та салбараа мэддэг хүн. Хоёулаа энэ тал дээр зарим ажлуудыг ярьсан байгаа. Өнөөдөр батлагдсан Зэвсэгт хүчний тухай хууль бол маш чухал хууль гэдгийг хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Батлан хамгаалахын сайд нь Сангийн сайдын өрөөний үүдэнд төсвөө батлуулах гээд суугаад байж болохгүй.
Стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш сайн ойлгож байгаа тул хамтран ажиллана. Төмөр замын бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцож буй энэ ажлыг бид 10, 20 дахин босгож байж Монгол орон өсөж томорно. Залуу үеэ цэрэг, эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх ёстой гэдэгт санал нэгдээд ажиллаж байна. Батлан хамгаалахын салбар бол улстөржиж болохгүй салбар. Ажлын амжилт хүсье” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан:
Чи Монгол Улсын Хууль зүйн сайд болохоос биш Монгол Ардын намын Хууль зүйн сайд биш. Чи залуу хүн. Хууль зүйн салбар бол улс орны тархи толгой болсон том салбар. Чи эхний алхмаа улстөржилтөөс эхлэвэл ажил чинь явахгүй. Бид өмнө нь олон удаа уулзаж, Монгол Улсаа хөгжүүлэх талаар ярьж байсан биз дээ? Тэр уулзалтуудын үр дүн хаана байна вэ? Чи Монгол Улсын сайд болохоос Монгол Ардын намын Х.Нямбаатар биш. Энэ бодлоо цэгцэлж, нэг тийш болго. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уучлалт гуй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж байна лээ. Ингэж ажиллах ёстой. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй шүү дээ. Энэ асуудлыг Монгол орон даяар, мөн гадаадад харж байгаа.
Хууль зүйн салбарт тулгамдсан, нухацтай олон асуудал байна. Чамайг сайдаар томилогдсоны дараа хоёулаа уулзаад Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Энэ ажил хаана явна вэ? Энэ ажлыг хиймээр байна. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй шүү дээ. Амжилт хүсье” гэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан:
“Дэд сайдаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн Гадаад харилцааны сайдаар томилогдож байгаад баярлаж байна. Тантай тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан учраас ойлголцдог. Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого байна. Мөн түүнчлэн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюу толгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Бүгд л тулгамдсан асуудлууд.
Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал байна. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй. Амжилт хүсье” гэлээ.
Сангийн сайд Б.Жавхланд хандан:
“Та УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдлоо. Монголбанканд тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тиймээс мөнгөний болон бусад бодлогын хүрээнд ажилтайгаа танилцах шаардлагагүй гэж бодож байна. Өнөөгийн нөхцөлд мөнгөний бодлого хатуу байж болохгүй. Эдийн засгийн хямралтай ийм үед мөнгөний хатуу бодлогыг чөлөөлөх тал дээр Тантай ойлголцох болов уу гэж бодож байна.
Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан учир мэдэж байгаа байх. Энэ асуудлыг шийдээд гурван жилээр сунгасан. Уржигдар БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад “дахин гурван жилээр сунгах боломжтой юу” гэж асуухад “байгаа” гэсэн. Манай Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал мэдэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, 1.7 орчим тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гарч ирж байгаа юм. Монгол Улс мөнгөгүй гэх зэргээр ярьдаг асуудал бий. Бидэнд одоо гурван жилээр сунгасан, дараа нь дахин гурван жилээр сунгах боломжтой 1.7 тэрбум ам.доллар байна.
Цар тахлын хямралын үед том төслүүд, ажлын байрыг хангах тал дээр Ерөнхий сайд анхаарч ажиллаарай, Сангийн сайд нь дэмжлэг үзүүлж ажиллаарай. Өмнөх Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа буруу ойлголт өгдөг байсан шүү.
Мөн оффшор бүсээс орж ирж байгаа мөнгө, оффшор бүсээс орж ирээд угаагдаж байгаа, одоогоор Монголд ороод ирчихсэн байгаа мөнгөний асуудлаар хамтарч ажиллана. Өрх бүрд нэг сая төгрөг олгох, эдийн засгийг дэмжих төсөл дээр хамтарч ажиллана гэж ойлгож байна.
Ер нь Сангийн сайд бол хамгийн “интернациональ” сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнөх Сангийн сайд маш их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай. Бид нэг л улс, нэг л Монгол оронтой хүмүүс шүү. Амжилт хүсье” гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хандан:
“Та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод зургаан сар ажилласныхаа дараа дахин томилогдлоо. Өнгөрсөн хугацаанд яамныхаа ажилтай сайн танилцсан байх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол ард иргэдтэй тулж ажилладаг. Энэ салбар өөрөө эмзэг салбар. Зургаан сар гэдэг бол богино хугацаа биш. Таны зүгээс шинэлэг санаачилгууд гаргаж ажиллахыг хүсье.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт хандан:
“Та өөрийн мэддэг салбарт дахин ажиллахаар боллоо. Саяхан газар хөдлөлт ойр, ойрхон боллоо. Хэрвээ Улаанбаатар 6 баллын хүчтэй газар хөдлөлт болох юм бол эрсдэл маш өндөр гэдгийг Та мэдэж байгаа байх. Энийгээ яагаад Ерөнхий сайд, Шадар сайддаа хэлдэггүй юм? Чив чимээгүй өнгөрлөө. Үүнийг анхаарч ажиллаарай.
Нэн тэргүүний асуудал бол дагуул хотын төсөл. Та энэ ажилд анхаарал хандуулж, сайд болсныхоо дараа хурал хийж байгааг хараад би олзуурхаж байлаа. Майдар хот бол 9 баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй хотыг байгуулах төсөл шүү дээ. Үүн дээр онцгой анхаарч ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ сайдад бас захья. Бидний одоо сууж байгаа Төрийн ордон, Спортын төв ордон зэрэг барилга 6 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй шүү дээ. Энэ асуудлуудыг танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж болно шүү дээ. Та мэргэжлийн сайд учраас барилгуудынхаа мэдээллийг Ерөнхий сайддаа танилцуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуу хүн учраас бүгдийг нь ойлгоно.
Хот байгуулалтын тухайд Улаанбаатар хотод газар олголт замбараагүй явсан учраас хотыг тэлэх ямар ч боломжгүй болсон. Тийм учраас дагуул хотуудыг байгуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх асуудалд онцгой анхаармаар байгаа юм. Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ. Оюутнуудаа эхлээд гаргая. Энэ асуудлыг нэн тэргүүнд тавихгүй бол Улаанбаатар хотын өнөөдрийн дэд бүтэц, түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Амжилт хүсье” гэлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хандан:
“Л.Энх-Амгалан сайд маш том салбарт сайдаар томилогдлоо. Боловсролын салбар хамгийн хоцрогдсон салбар. Та үүнд онцгой анхаарч ажиллаач. Боловсролын салбар хаана яваад байна вэ? Гадаад боловсролын системээр яваад байна уу, дотоодын системээр яваад байна уу? Мөн шинжлэх ухааны салбар маш хоцрогдож байна. Шинжлэх ухаан хаана явна вэ? Өнөөдөр манайд шинжлэх ухаанаар шийдэгдэж байгаа ганц ч асуудал байхгүй. Үүнд онцгой анхаараарай.
Хөвсгөлийн ард түмэн өөрт тань гурван удаа итгэлээ. 21 аймгийн 330 суманд боловсрол хэрэгтэй байна. Өнөөдөр боловсролын салбарт ахиц гараагүй. Үүнийг өөрөө мэдэж байгаа. Бид боловсролын салбарт анхаарах гэж хичээж байгаа ч нэг сайд гарч ирээд нэг юм ярьдаг, нөгөө сайд гарч ирээд өөр юм ярьдаг. Би хамтарч ажиллахад бэлэн байгаа. Боловсролын асуудлаар Ерөнхийлөгчийн хаалга, Ерөнхийлөгчийн институц, манай зөвлөхүүд бүгд нээлттэй байгаа.
Сайдаар томилогдоно гэдэг бол том ажил хийх боломж гэсэн үг. Зүгээр нэг сайд байх нь Танд тийм ч сонирхолтой биш байгаа гэж бодож байна.
Боловсролын салбарт багш нарын цалингийн асуудал бас байдаг. Цар тахлын үед бүгд цахимаар хуралддаг болсон. Цар тахлын үеийн нэг жилийн боловсролын хоцрогдол нь хүүхдүүдийг арван жилээр хоцрооно шүү дээ. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ? Монгол хүүхдийн боловсрол, танин мэдэхүй гээд зөндөө асуудал байна. Улстөржихгүй шүү. Амжилт хүсье” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандан:
“Хоёр дахь удаагаа сайдаар томилогдсонд баяр хүргэе. Та бол энэ салбарын хүн. Бид олон удаа хамтран ажиллаж байсан. Танд ажилтайгаа танилцах шаардлага байхгүй болов уу гэж бодож байна. Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарын асуудлуудаа Ерөнхий сайддаа маш сайн ойлгуулаарай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа төмөр замын асуудлаар гардан ажилласан. 2019 оны тавдугаар сард төслийн нээлт хийснээс хойш төсөл явахгүй байна гээд кэмпээ нүүлгэсэн. Өөрөө ч энэ үед хамт байсан.
10 жил гацаасан төслийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө гардаж аваад, Ерөнхий сайддаа зөв ойлгуулж, хөрөнгө оруулалтыг нь бүтээж байгаад хэрэгжүүлсэн. Төмөр замын ажлаа шуурхайл. Мэргэжлийн хүн сайдаар ажиллаж байгаад баярлаж байна. Тантай хамтарч ажиллахад урамтай байх болов уу гэж бодож байна. Төмөр зам, дэд бүтцийн салбарт улстөржилт байхгүй шүү.
Хамгийн хоцрогдсон нэг салбар нь агаарын тээвэр байна. Бид шинэ нисэх буудал барьчихаад ашиглаж чадахгүй байна. Би өөрөө Зам, тээврийн сайд байхдаа энэ төслийг эхлүүлж, дизайныг нь өөрөө гаргаж байсан. Аялал жуулчлалын маш том салбар одоо зогсчихсон байна. Хамтарч ажиллахад нээлттэй байгаа шүү. Амжилт хүсье” гэлээ.
Соёлын сайд Ч.Номинд хандан:
“Баяр хүргэе. 1983 онд төрсөн залуучуудын төлөөлөл Монгол Улсын Засгийн газарт орж ирж байгаад үнэхээр баяртай байна. Таны хийсэн, бүтээсэн зүйлсийг залуус дэмждэг. Шинээр байгуулагдсан Соёлын яаманд сайдаар томилогдож байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш том алхам хийсэн нь Соёлын яамыг байгуулсан явдал байлаа. Олон жилийн дүнгээр үнэхээр энэ яам дутагдаж байсан нь харагдсан. Соёлын салбараа ойлгож, асуудал руу зөв талаас нь орох болов уу гэж сайдаар залуу хүн сонгосон байх.
Асууж зөвлөх зүйл байвал Ерөнхийлөгчийн институц, зөвлөхүүд нээлттэй байгаа шүү. Би өөрөө зураач хүн, энэ салбарын төлөөлөл учраас ярих хэлэх зүйл зөндөө байдаг. Соёлын салбарт хийх маш олон ажил бий. Жишээ нь, өв соёл, монгол бичиг. Арга ядаад би өөрөө монгол бичиг зааж эхэлж байна.
Хамгийн хоцрогдсон салбарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарч ажилласан. Үүнийг үргэлжлүүлэн ажиллаарай. Амжилт хүсье” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хандан:
Танай салбартай холбоотой эдийн засгийг сэргээх ажлууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр олон удаа яригдсан. Энэ ажлуудаа улстөржүүлэхгүйгээр явуулмаар байна. Унасан эдийн засгийг сэргээхэд танай салбар маш том үүрэгтэй. Тийм учраас “би мэргэжлийн хүн, чи мэргэжлийн хүн биш” гэдэг байдлаар надтай харьцаж болохгүй. Би бизнесийн салбарын хүн учраас уул уурхайн салбарыг мэднэ. Эдийн засгийг босгох гол салбар бол танай салбар.
Бид өнөөдөр зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортлоод, улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бид бүгдийг нь боловсруулах ёстой. Та төмөр замыг өөрөө очиж үзсэн. Төмөр замыг дагаад Сайншандын ойролцоо боловсруулах үйлдвэр баригдана. Техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэчихсэн, хариуцах эзэнтэй болгоод явж байна. Асгатын мөнгөний ордод 46 км дор баяжуулах үйлдвэр барьчихсан байгаа. Энэ үйлдвэрийг Монгол Улс бариагүй. Яагаад монголчууд коксны үйлдвэр бариагүй байхад бусад хүмүүс ирээд коксны үйлдвэр барьчихсан, экспортлоод зараад байдаг юм бэ? Манай Монгол Улсын бодлого хаана явна вэ? Энэ асуудлаар хамтарч ажиллая.
Одоо улстөржихгүй шүү. Улстөржихгүйгээр гэдэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа боломж дээр Монгол Улсын Засгийн газар яаж хамтрах вэ, гурван сая иргэнээ яаж орлоготой болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллахыг л яриад байгаа юм. Шинэ Ерөнхий сайд чинь Харвардын их сургууль төгссөн хүн. Энэ хүнд танин мэдэхгүй, ойлгохгүй зүйл байхгүй болов уу гэж бодож байгаа учраас үүнийг ярьж байна. Амжилт хүсье” гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан:
“Баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа орж ажиллаж байна. Энэ бол ховор боломж. Сайд болно гэдэг намтарт тань ямар нэг зүйл үлдэх ёстой байдаг юм. Тэр ажлаа хийх хэрэгтэй байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дотооддоо хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг макеттай нь цуг гардуулж өгсөн. Мөн газар тариалангийн салбарыг хэрхэн экспорттой холбох зэрэг бодлогын бүх бичиг баримт бэлэн болчихсон. “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн мөнгө болох 70 орчим сая ам.долларыг бэлэн болгочихсон байгаа.
Энэ салбарт ус, малын бэлчээр, малчдын орлогын асуудал гээд яривал олон асуудал байна. Зургаан сарын өмнө энэ салбарт сайдаар томилогдсоноос хойш салбартайгаа сайн танилцсан болов уу гэж бодож байна. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, бизнесийн салбарт байсан хүн учраас Ерөнхийлөгчтэй ойрхон ажиллаарай гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэх байх. Малчдынхаа төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан:
“Хоёр дахь удаагаа томилогдсонд баяр хүргэе. Гурван сая монголчуудад хүртээлтэй ямар ажил байна, тэр ажлуудад анхаарч ажиллах байх гэж бодож байна. Танай салбар бол том салбар. Бас дутагдалтай салбар.
Мөн манай хилийн отрядууд эрчим хүчээ гаднаас авч байна. Энийг анхаарах хэрэгтэй байна. Бид бараг хүрздээд л гардаг эрчим хүчний нүүрстэй орон байж гаднаас эрчим хүчний хувьд хараат байгаад би хувьдаа харамсаж явдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Таныг мэргэжлийн сайд гэж магтдаг байсан. Энэ салбараа мэддэг хүн учраас хамтарч ажиллахад бэлэн байгаа шүү.
Саяхнаас бид 21 аймаг, 330 сумаа эрчим хүчтэй холболоо. Цаашлаад сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн эрчим хүчний асуудал зэрэг тулгамдсан асуудлууд байна. Эрчим хүчний нүүрс хааяаагүй байгаа ийм тохиолдолд бид гаднаас эрчим хүч авч болохгүй. Багануурын эрчим хүчний төсөл, Тавантолгой орчимд барих цахилгаан станц, Оюу толгойтой үүнийг яаж холбох, усны асуудал гэх мэт ажил байна. Мөн 10 аймагт усны урсацыг судалж, цахилгаан станц барих ажил явж байгаа. Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд үүнд анхаарлаа хандуулаарай.
Дулааны цахилгаан станцтай болмоор байна. Орон нутгийн иргэд гэр дотроо усаа залгаад усанд ордог болмоор байгаа юм. Энэ асуудлыг иргэдийн зүгээс их тавьж байна лээ. Амжилт хүсье” гэлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандан:
“Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. 42 настайдаа анх удаа сайд болж байгаа юм байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан учраас салбарын хүн гэсэн үг.
Саяхан Арабын орнуудаас 7 сая орчим ам.долларын тусламжийг танай яаманд хүргүүлсэн. Тэр тусламжийг хүлээн авсан эсэхийг мэдээд, хааш нь түгээхээ бодмоор байгаа юм. Мөн цар тахлын үеэр асар их хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх тусламжууд орж ирсэн. Тэрийг Шадар сайдтайгаа нийлж бүртгэлийг нь гаргаад иргэдэд зарлах хэрэгтэй. Энэ асуудлаар иргэд их бухимдалтай байгаа.
Сая зохион байгуулалтгүйн улмаас цар тахлыг дотооддоо алдлаа. Энэ зохион байгуулалтын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ч юм уу, бид хамтраад ярих ёстой. Анх цар тахал гарахад Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бусад яамдын сайд, дарга нартай хуралдаж байгаад хагас цэргийн зохион байгуулалтад орсон. Сүүлдээ зохион байгуулалт алдагдаад явчихлаа. Үүн дээр онцгой анхаараарай. Анх удаа сайд болоход кабинетийн зарчмаа ойлгох, Ерөнхий сайдтайгаа ойлголцох, Шадар сайд, бусад сайд нар, салбарынхантайгаа ойлголцох гээд асуудлууд байдаг шүү.
Эрүүл мэндийн салбар мөн хоцрогдсон салбар. Эмч нарын цалин хөлс, ялангуяа алслагдсан аймаг, сумдад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нарын цалин хөлс, өрхийн эмч нар, өнөөдөр халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүс, хөл хорио гэх мэт зөндөө асуудал байна. Таны өмнө маш олон асуудал тулгарна. Энийг хамтын хүчээр шийдэж, бусад орны туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Вакцины асуудлыг Ерөнхий сайд байгаа дээр ярья. Вакцины асуудлаар Сангийн сайд яваад байгаа нь буруу. Сангийн сайд вакцины мөнгийг төсөвтөө тусгаагүй учраас бантсандаа өөрөө вакцин хөөцөлдөөд байгаа юм шиг байна.