Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сүүлийн хуралдаан байв. Засгийн газрын хуралдаанаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцжээ. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн гэсэн дүн мэдээ гарчээ.
Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарлаад байна. Тусгай үүргийн 119 нислэгээр 21,716, газраар 6,643, нийт 28,359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэх юм. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж байна.