Монгол Улсын 2020 оны мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр улсын хэмжээнд 67.1 сая толгой мал тоологдсон байна. Үүнийг малын төрлөөр нь авч үзвэл,
- 4.1 сая адуу,
- 4.7 сая үхэр,
- 472.9 мянган тэмээ,
- 30.0 сая хонь,
- 27.7 сая ямаа байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая буюу 5.5 хувиар буурчээ. Үүнээс:
- хонь 2.2 сая (6.9 хувиар),
- ямаа 1.5 сая (5.3 хувиар),
- адуу 122.1 мянган толгой (2.9 хувиар),
- үхэр 21.8 мянга (0.5 хувиар)-аар тус тус буурч,
- тэмээ 521 толгойгоор (0.1 хувиар) өссөн байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд таван хошуу малаас зөвхөн тэмээний тоо толгой л өссөн аж.
Аймгаар нь авч үзвэл Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өсчээ.
Малын тооны буурахад Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4 хувиар), Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3 хувиар), Архангай аймгийнх 768.3 мянга (12.5 хувиар), Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9 хувиар), Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6 хувиар), Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0 хувиар)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг байдал нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.
Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгджээ.