Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, “Монголын сүүний нэгдсэн холбоо”-той хамтран “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын төслийг боловсруулан Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлуулсан юм.
“Сүү бэлтгэн нийлүүлэх систем”-ийг шинээр нэвтрүүлж улсын хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 01-ний хооронд 2375 иргэн, аж ахуйн нэгжид мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгож, 1.939.944 литр сүүг үндэсний сүү боловсруулах 8 үйлдвэрт тушаажээ. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/387 дугаар тушаалаар сүү бэлтгэн нийлүүлсэн эдгээр иргэн, аж ахуйн нэгжид 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна. Цаашид иргэн, аж ахуйн нэгж сүүний үйлдвэрт сүүгээ нийлүүлэхдээ журмын дагуу мал эмнэлгийн гэрчилгээ авч, цахим мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай юм.