УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “COVID-19” цар тахлын үед голомтод ажиллаж байгаад халдвар авсан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өнөөдөр өргөн барьжээ. Тэрбээр энэ тухайгаа “Манай улсад “COVID-19” бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо өдрөөр нэмэгдэж 2020 оны 12 дугаар 29-ны байдлаар улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,195 болсон бол үүнээс 824 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 361 хүн эмчлэгдэж буй.
Хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15.000 гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа. Албан хаагчид үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан тохиолдол эрс нэмэгдэх боллоо. Ийм учраас цар тахалтай тэмцэх ажил үүргээ биелүүлэх явцдаа “COVID-19″ халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрүүл мэндээрээ хохирсон төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 23-р зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан байдаг. Энэхүү үндэслэл шаардлагын дагуу коронавируст халдвар /”COVID-19″/ цар тахалтай тэмцэж халдварын голомтод ажиллаж байгаад халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад буюу төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг боловсруулснаа өнөөдөр өргөн барив. Нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс тухай бүр шийдвэрлэхээр төсөлд тусгав” хэмээн мэдэгдлээ.