Sunday, November 24, 2024

Цагдаагийн ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд туслах хандивын аян өрнүүлж, хоёр өрөө байр авч өгчээ

Date:

2020 оны арванхоёрдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон. Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллаж байгаа бөгөөд төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг байна.

Цагдаагийн алба хаагчийн ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болсон юм. Иймд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн байна. Энэхүү сайн үйлсийн аянаа ХЗДХЯ-нд танилцуулсан даруйд салбарын сайд албан үүргээ биелүүлж явах үеэр галын аюулд өртсөн тухайн албан хаагчид туслах “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай албан хаагчийг орон сууцтай болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХЯ түүний харьяа агентлаг болох ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгосон байна.

Ингэснээр цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэний гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж дээр дурдсан байгууллагууд, албан хаагчид, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” нэгдэл, Хан-Уул дүүргийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани, хувь хүмүүсийн хандиваар Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших “Дулаахан байр-3” хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрыг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав албаны бусад хүмүүсийг байлцуулан гардуулан өгчээ. Ингэхдээ Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Манлайбаатарын ахалсан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, “Улаанбаатар буйдан” ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд Нүүдэл брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол Summit ХХК-ий PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан байна.

Энэ мэтээр олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өгчээ.

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа ар гэр нь галын аюулд өртсөн ч өргөсөн тангаргатаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр алба хашин, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө зүтгэж яваа цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд чин сэтгэлээрээ тусласан бүхий л хүмүүст ХЗДХЯ-наас салбарын нийт албан хаагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...