Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор өмнөд хөрш БНХАУ-ын Эрээн хотод төвлөрөөд буй ачаа, барааг тээвэрлэж авчрах 400 ачааны автомашин бүртгэх ажлыг АТҮТ-ийн Замын-Үүд салбараас зохион байгуулжээ.
Жирийн үед Замын-Үүд боомтоор хоногт дунджаар 150-200 машин ачаа нэвтэрдэг байсан бол халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор одоогийн байдлаар өдөрт 18-20 машин хил нэвтэрч байгаа юм байна. Эрээн хотод манай 18 жолооч ажиллаж байгаа бөгөөд 400 орчим машин ачаа болон бусад улсаас /Япон, БНСУ гэх мэт/ дамжин ирж буй карго чингэлэгүүд гацаж бөөгнөрөөд байгаа аж.
Авто тээюрийн үндэсний төвийн ажилтнууд өчигдөр нэг цагийн хугацаанд бүртгэл явуулахад 2,400 орчим машин бүртгүүлсэн байна. Тэдгээрээс 400 машиныг мэйл ирсэн дарааллаар сонгожээ. Жолооч нар машинаа “0” цэгт хүргээд Эрээнд ажиллаж буй жолооч машиныг нь цааш авч явж ачаа ачуулаад, эргээд “0” цэгт хүргэж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор жолооч нар машинаа өөр хүнд шилжүүлэн бариулахгүй гэх асуудал гарч байсан ч ойлголцолд хүрчээ. Өмнө нь 130 машин бүртгэж ачааг тээвэрлэсэн бөгөөд тэдгээрээс 15 нь ачаа ачуулах ээлжээ хүлээж үлдээд байгаа тул нэмж 400 машин бүртгэж байгаа гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан хэллээ.
Хилийн цаана их хэмжээний ачаа бөөгнөрөөд байгаа энэ үед онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжинд эм, эмнэлгийн хэрэгсэл, “Таван толгой түлш” компанийн түүхий эд, хүнс, сав баглаа боодлыг нэвтрүүлж байгаа аж. Мөн УОК, зарим яамны цохолттой яаралтай нэвтрүүлэх ачааны машиныг түрүүлж оруулж байгаа юм байна.