Saturday, November 23, 2024

“Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболдод гурван өрөө байр бэлэглэжээ

Date:

1980-аад онд залуусыг байлдан дагуулж байсан “Айзам” хамтлагийн ахлагч Ганболд олон жил хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа юм. Тэрбээр эргээд алтан тайзан дээрээ гарах хүсэлтэй байгаагаа “Гольф & кофе” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлж байсан билээ. Эдүгээгээс 42 жилийн тэртээ 22-хон настайдаа “Итгэл” дууныхаа үгийг зохиож байсан энэ эрхэм уран бүтээлч 1996 онд автын осолд орсноос хойш ханийнхаа халамж асрамжинд байгаа юм. “Дурсамж”, “Хайрын минь дууг сонсооч” зэрэг “Айзам” хамтлагийн олонд түгсэн бүх дуунууд Ганболд хэмээн энэ уран бүтээлчтэй салшгүй холбоотой.

Амьдралын хүнд хэцүүг туулж яваа ч урлагаас өчүүхэн ч холдоогүй түүнийг дуунд дуртай монголчууд, “Айзам” хамтлагийг сонсдог үе үеийн фэнүүд нь хайрлаж хүндэлсээр байдаг. Үүний илрэл болж “Монгол Болгар гео” ХХК-ийн захирал Лхагвасүрэн түүнд гурван өрөө байр бэлэглэжээ. Ийнхүү ард түмний хайртай дуучин, хөгжмийн зохиолч маань тохилог сайхан орон сууцтай болсон нь олны магнайг тэнийлгэх сайхан мэдээ болж байна.

“Айзам” хамтлаг 1977 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн харъяа Үйлдвэрчний төв зөвлөлийн Соёлын ордны дэргэд байгуулагдсан түүхтэй. Хамтлагийн анхны ахлагч нь Т.Нямдорж, гишүүд нь Ц.Энхманлай, Д.Ганболд нар байв. Бүгд гоцлол гитаристууд байсан бөгөөд тоглох хөгжмийн зэмсгээ шодоод Т.Нямдорж соль гитар, Ц.Энхманлай бөмбөр, Д.Ганболд аргил гитараар тоглож анхны концертоо хийж байжээ.

Төд удалгүй Ц.Энхманлай цэрэгт татагдаж, цаашид “Ногоон гэрэл” хамтлагт тоглож байгаад дараа нь “Харанга” хамтлагаа байгуулсан байна. Тиймээс “Айзам” хамтлагийг басс гитарчин Д.Ганболд ахалж, бөмбөрчнөөр Ц.Зандраа, гоцлол гитарчнаар Н.Ганбаатар, даралтат хөгжимчнөөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранбаатар, дуучнаар Машлай, Саранчимэг нар ажиллаж байв.

Тэд 1979 онд анхны бие даасан концертоо тавьсан байна. Тус хамтлагаар Монголын олон рок, попын дуучид, хөгжимчид дамжсан ба үүний дотор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Бархас, дуучин Нансанжав, органист М.Батболд, хуурч Болд, аргил гитарчин З.Мөнхбат, Ч.Тамир, дуучин О.Энхболд, Ц.Батсайхан бөмбөрчин М.Баяр зэрэг алдартай уран бүтээлчдийг дурдаж болно.

“Айзам” хамтлаг “Дурсамж”

Мөн дараагийн залуу үе болох “Айзам-2” хамтлаг байгуулагдаж С.Гантөр, О.Хүрэлбаатар, Э.Мөнхбаяр зэрэг авьаслаг залуучууд төрөн гарч ирсэн юм. 1980-1991 он “Айзам” хамтлагийн хамгийн уран бүтээлийн оргил үе байв. Энэ үед “Айзам” хамтлаг Бүх ард түмний урлагийн наадам болон ажилчны урлагийн наадмуудаас алтан медаль, “Эстрад-88” уралдааны тэргүүн байр, оны шилдэг хамтлаг зэрэг уран бүтээлийн арвин шагналуудыг хүртсэн билээ. “Айзам” хамтлагийн “Итгэл”, “Дурсамж”, “Чи минь”, “Хавар”, “Чамдаа зориулъя”, “Амрагхан Агиймаа”, “Сумын наадам”, “Твист бүгдээрээ бүжиглэцгээе”, “Хайрын дууг минь сонсооч”, “Нутгийн цагаан шөнө” зэрэг олон олон дуунууд одоог хүртэл дуулагдсаар цагийн шалгуурыг давжээ.

2014 онд анхны гишүүд болох Т.Нямдорж, Д.Ганболд нар “Айзам” хамтлагаа албан ёсоор Баянгол дүүргийн татварын хэлтэст “Айзам хамтлаг энтертаймент” ХХК болгон бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 2019 онд “Айзам” хамтлагийн анхны ахлагч Т.Нямдорж Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн болжээ.

“Айзам” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Ганболдын оролцсон “Сайн уу, Сайнаа” нэвтрүүлэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...