“Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 онд “2020 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” А/602 дугаар тушаал гаргасан. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор
нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгэх ажил үргэлжилж байна.
Гэвч нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар мод бэлтгэж байна гэсэн орон нутгийн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хуандайн ам” гэдэг газарт явагдаж буй ойн цэвэрлэгээний ажлын явцтай ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ч.Доржсүрэн, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн багш Г.Мөнхбат, БОАЖЯ-ны Ой судалгаа хөгжлийн төвийн Хууль бус ой ашиглалттай тэмцэх шуурхай ажиллагааны тасгийн дарга Б.Алтансүх, НМХГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлагч байцаагч Д.Батзориг, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа нар очиж танилцав.
Тэд нутгийн иргэдэд ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон моддыг залуу моднуудаас ялгаж, таних эдгээр модыг ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэж байгаа нь нийслэлчүүдийн түлээний хэрэгцээг хангахаас гадна ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Нийслэлийн ногоон бүсийн 4644 га нь түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн бөгөөд үүнээс 3174 га нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм. Энэ жил ойн цэвэрлэгээний ажил арванхоёрдугаар сарын 22-ныг дуустал явагдана.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар