Friday, November 22, 2024

Б.Өлзийсүрэн: Чингис хаан тэнгэрийн доорх бүх дайснаа дарж чадсан

Date:

ЯРИЛЦСАН Г.СОНИНБАЯР

“Тунгаамал дээж” буландаа хуучраагүй хуучийг дахин дэлгэж байна. Нэрд эрдэмтэн, судлаач, доктор Б.Өлзийсүрэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд “Улаанбаатар таймс” сонины сэтгүүлч Г.Сонинбаяртай ярилцаж байжээ.

Түүх, уран зохиол, хэл бичгийн гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-г гадаад дотоодын олон эрдэмтэд тал бүрээс нь судалсан ч нууцыг нь бүрэн тайлж чадалгүй өнөөг хүрчээ. Бичгийн мэргэд “Монголын нууц товчоо”-ны утгын түлхүүр, үгийн оньсыг тайлах гэж дор бүрнээ чармайн XIII зууны ер бусын он жилүүдэд өөр өөрийн оюуны хүлгээр зорчсон гэж болно. Хэл бичгийн ухааны доктор Б.Өлзийсүрэн тэдний адилаар нүүдэлчдийн энэ хөлгөн судрын нууцын нэгээхэн учгийг тайлж, сонин содон гайхамшгийг нь олонд хүргэхийг зорьжээ. Тэрбээр “Монголын нууц товчоо-Хүний нэрийн толь” хэмээх номыг 2005 онд хэвлүүлсэн байна. Доктор Б.Өлзийсүрэнтэй уулзаж энэ сэдвээр ярилцлаа.

-Таны судалгаа тун сонирхолтой санагдлаа. “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан хүний нэрийн талаар эрдэмтэн мэргэд хэр судалсан бэ?

-Энэ гайхамшигт дурсгалт бичгийг Оросын эрдэмтэн Палладий Кафаров Бээжингийн Манжийн хааны номын сангаас авахуулж Орос хэлээр галиглан хэвлүүлснээр дэлхий дахины эрдэмтэн мэргэдийн хүртээл болсон. Тэр цагаас хойш 140 жилийн турш “Монголын нууц товчоо”-г олон талаас нь судалсаар байна. Түүхийг хүн бүтээдэг. Тиймээс миний хувьд энэ зохиолд дурдагдаж буй хүмүүсийн нэрийг түүж судлан, тэдний гүйцэтгэсэн үүргийг тодруулахыг зорьсон юм. Энэ талын судалгаа ер нь хийгдээгүй юм билээ.

-“Монголын нууц товчоо”-нд хэчнээн хүний нэр дурдагддаг юм бол оо. Алтан ургийнхан, анд нөхөд, өстөн дайснууд гэх мэтээр ялгах юм бол сонирхолтой тоо гарах байх даа?

-Зохиолд дурдагдсан хүмүүсийн нэрийг шүүн гаргаваас нийт 455 хүн байна. Тэдний дотор тодорхой нэргүй хүн ч хэд хэд бий. Жишээ нь авааль эм гэж гардаг. Энэ бол Бодончарын ёс төрт эхнэр, боржигин овгийн анхны эх юм. Бодончар бас нэр үл мэдэгдэх гурван эхнэртэй. Тэднээс өөр гурван овог үүссэний томоохон нь жадаран юм. Түүнчлэн Улаан дээлт, урианхай хүн гэх зэрэг тодорхой нэргүй хүмүүсийн тухай “Монголын нууц товчоо”-нд дурдсан байдаг. Эдгээр хүмүүсийг аймаг, овог, нийгмийн гарал, хүйс, Чингисээс өмнөх ба Чингисийн үеийнх, төр улсыг байгуулахад гүйцэтгэсэн үүрэг гэх мэт олон талаас нь тодруулахыг оролдсон.

Тэмүүжинийг өсч бойжин үйл хэргээ эхлэхээс өмнөх үеийнхэн Бөртэ чоноос эхлээд Нэгүн тайж хүртэл 98 хүн нэр дурдагдаж байна. Тэд Монгол нутаг дээр аймаг овог, удам угсаа, улс гэрийн гал голомтоо бадрааж иржээ. Тэмүүжин эрийн цээнд хүрч тэмцэлд орох үеэс Боорчи, Зэлмээс эхлээд 213 хүн шадарлан нөхөрлөж, даган ирж хамтран зүтгэсэн байдаг. Эдгээр хүмүүс төр улсыг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна дүү Хасар, Бэлгүдэйгээс эхлээд өрийн төрөл, эх, эхнэр, үр ач зэрэг ойр дотнын 58 хүнийг төр улсыг байгуулахад түшиг тулгуур болсон гэж болно. Түүнчлэн гадаад дотоодын өрсөлдөн тэмцэгч дайсан 85 этгээдийн нэр дурдагддаг. Эдгээрийн дотор гадаадын арав гаруй орны 33 хүний нэр оржээ.

-Дурдагдсан бүх хүмүүс цөм түүхэн бодит хүмүүс үү. Эсвэл домгийн шинжтэй нэр бас байна уу?

-Бүгд түүхэн хүмүүс. “Монголын нууц товчоо”-г хагас нь домог гэж зарим хүмүүс үздэг. Би үүнтэй санал огт нийлэхгүй. “Монголын нууц товчоо”-г домог гэвэл Монголчуудын түүх бодит бус болно. Бөртэ чоно, Гуа марал гэх мэт тотем шүтлэгийн ул мөр бүхий нэр байгаа ч эдгээр нь яах аргагүй бодит хүмүүс байсан нь гарцаагүй.

-“Монголын нууц товчоо”-нд дурдагдсан зарим хүний нэрийг янз янзаар тайлбарладаг. Жишээ нь Бодончар гэдэг нэрийг та ямар утгатай гэж үзэж байна вэ?

-Би Бутанцар буюу эцэггүй бутач хүүхэд гэсэн утгатай гэж боддог. Гаадамба багш Бодон гэсэн үгнээс гаралтай гэж үзсэн. Гахай бол Сибирь, Якут чигийн ард түмний онго шүтээн нь. Тиймээс овгийн тэргүүнээ бодон гэсэн гаралтай үгээр нэрлэдэг байсан байх. Би бол бутач гэдэг утгаар нь тайлбарласан юм.        

-“Монголын нууц товчоо”-нд дурдагдаж буй хүний нэрүүд жинхэнэ монгол нэр мөн үү?

-Бүгд монгол нэр биш. Тэр үед монгол нэр байгаагүй. Түрэг, Уйгур зэрэг хэлний нөлөөтэй нэрс гэж бодогддог. Тэмүүжин гэдгийг төмөр гэсэн тзрэг үг ч гэж тайлбарлах нь бий. Харин Хулан бол Монгол нэр.

-Алтан, Хучар, Сача Бэхи, Тайчу гээд л алтан ургийнхан, язгууртан ноёдоос эхлээд адуучин Бадай, Хишилиг, Үнгүр буурч, зарц Хуагчин зэрэг эгэл ардын тухай “Монголын нууц товчоо”-нд дурдсан бий. Тэднийг нийгмийн гарлаар нь авч үзвэл сонирхолтой байх даа?

-Чингис хаан Монголын тулгар төрийг байгуулж, нүүдэлчдийг нэгтгэхдээ Л.Гумилевын нэрлэснээр “Урт дурын хүмүүс” гэдэг шиг дэндүү дураараа, эрх чөлөөтэй овог, аймгуудын удирдагч, талын язгууртнуудын ая эвийг олсон тул тэдний дэмжлэгийг авч чадсан. Түүний дотнын нөхөд болох 213 хүнийг язгууртан, албат ард, харь гүрний эрхтэн дархтан гэж гурав хувааж болно.

“Монголын нууц товчоо”-нд 129 язгууртны тухай дурдсан байдаг. Эд бол албат харьяаттай, эрх мэдэл, эзэмшил нутагтай хүмүүс. Тийм язгууртнууд Чингис хаанд хүчээ өгч зэрэг дэвээ хэвээр хадгалж үлдсэн.

Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулаад улсаа 65 мянганд хуваасан. Энэ бол иргэн-цэргийн зохион байгуулалт юм. Тэрхүү 95 мянганыг нь 88 хүн захирах болсон. 88 гавьяатан гэдэг нь тэд юм. Үүний дотроос хамгийн нэртэй язгууртнуудыг дурдвал Онгуудын ноён 91-95 дахь таван мянганыг захирсан Алхуш Дигид Хури. Түүний хүү Буяншболдод Чингис хаан Алага бэхи гүнжээ өгчээ. 89,90 дэх мянганы захирагч Игирисийн Бутуд мөн Хожин бэхийг өгсөн. Бас 86-88 дахь мянгат захирагч хонгирадын Алчи гэж бий. Харин мянганы ноёд Олхонуудын Хингиадай буха, овог гарал нь үл мэдэгдэх Ашиг, Чигу, Олар, Хадай таван хүргэнд хэн ямар охиноо өгсөн нь дурдагдаагүй.

Бусад мянганы ноёдоос тайчуудын Бала чэрби, бэсүдийн Дэгэй, жалайрын Бала, Жибгэ, Мухулай, ноёхны Жүнсү, жадараны Мулхалху зэрэг язгууртнуудын тухай тодорхой өгүүлсэн бий. Мянгат захирагчдын тэн хагасаас илүү буюу 45 ноёд аль ямар язгуур угсаатай нь мэдэгдэхгүй, урьд өмнө нь нэр дуулдаагүй хүмүүс байгаа. 2006 оноос хойш ч мянганы ноёд дайн байлдаанд явсан нь цөөн учир тэд аж ахуйгаа хөтлөж, алба нийлүүлдэг эрх мэдэлтэн байсан бизээ. Чингис хаан өмнийн цагаан хэрмээс умрын Байгаль нуур, дорнын Эргүнэ хунаас өрнийн Алтай хүртэлх газар нутгийг засаг захиргааны нэгжид хуваарилснаас гадна эх, дүү Отчигин хоёрт түмэн өрх, дүү Хасарт 4000, Алчидайд 2000, Бэлгүүдэйд 1500, хүүхдүүддээ 5000-9000 өрх өгч, өөртөө түмэн хишигтэн цэргийг авч улсын баруун гарыг Боорчи, дунд гарыг Наяа, зүүн гарыг Мухулайд захируулсан.

-Тэгвэл харц ардуудын тухай өгүүлсэн зүйлээс ямар дүгнэлт хийж болохоор байна вэ?

-Монголын төрийг түшилцэхэд хүчин зүтгэсэн 51 харц ардын нэр “Монголын нууц товчоо”-нд дурдагджээ. Тэд цөм өөр өөрийн тодорхой хүчин зүтгэлээ үзүүлсний дотор өндөр зэрэгт дэвшсэн Зэлмэ, Сорхон шар, Зэв, Сүбээдэй, Хубилай нарын өрлөг жанжин, Алаг, Бадай, Жидай, Мэнлиг, Наяа, Хишилэг зэрэг мянганы ноёд, Чулуун хошууч, Чимбай, Есүдэр, Жалайрдай, Оготор зэрэг цэргийн гарамгай зүтгэлтнүүд, Хуйхнаг, Хилгүдэй баатрууд, Доголох, Өгөөлөн, Бучран чэрби нар байна. Дотоод хишигтэн, мянганы ноёд, шадрууд Бухадай, Есөнтэй, Нэгүрин, Хариудар зэрэг арваад хүн бий.

Сонирхолтой нь ард албатын дотор таван эмэгтэй дурдагддаг. Тэмүүжин мэргидээс зугтан шугуйд нуугдаад “Сонор Хуагчины сонссоны ачаар” амь гарлаа гэж үнэлсэн байдаг. Тайчуудаас оргож амь гараад туслаж асарсан Хадааныг хатан өргөмжлөх санал тавьж байсан. Борхул өрлөгийн эхнэр Алтани татаарын Харгил шарын гараас  таван настай хүү Тулуйг аварсан гавьяа зүтгэлийн тухай бас өгүүлсэн нь бий. Энэ мэтээр уг зохиолд дурдагдсан албат ардууд цөм эзэн хааны итгэлийг олж зэрэг дэв эдэлсэн хүмүүс юм даа.

-Харийн улс гүрнээс Чингисийн суу билигт бишрэн дагасан хүмүүсийн талаар юу хэлэх сэн бол?

-Ийм зүтгэлтнүүд 21 байгаа юм. Нэн түрүүнд Харлагийн хан Арслан сайн дураар элсэн ирэхэд Алха бэхийг, Уйгурын хан Идүүдэд Алалтун бэхийг тус тус өгч ураг барилдуулсан тухай тэмдэглэсэн бий. Ойн иргэдийг эзлүүлэхээр Зүчийг явуулахад ойрадын Хутуга бэх элсэн дагаад, улмаар цааш Хэргис болон ойн иргэдийг дагуулахад газарчлан явахад Эди, Инал, Алдиер, Өлэ бэк Тэгин нарын олон ноёд их бэлэг сэлттэй ирж нийлсэн байна. Чингис хаан Хутуга бэхийн хөвгүүн Иналчид отгон охин Чэчэйхэн, ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгчээ. Ийнхүү Зүрчид, Сартуул зэрэг арав гаруй орны төрийн түшээ, эрдэмтэн, худалдаачид Чингис хаанд элсэн ирж хүчин зүтгэсэн юм. Тэдний дотор Чу мэргэн, Тататунгаа, Ялваач, Масхуд, Хасан нар орно.

Зүрчидээс Чи гүвэй, Тангадаас Чага хоёр гүнж өргөгдөн ирж хатны зэрэг эдэлсэн бөгөөд Чи гүвэй гүнж зуу гаруй насалсныг “Судрын чуулган”-д тэмдэглэсэн байдаг.

-Чингис хааныг анд нөхдөөс нь илүү атаатан дайсан нь ирлэн хурцалж байсан гэдэг. Жамуха байгаагүй бол Тэмүүжин дэлхий дахинд алдраа дуурьсгасан их хаан болохгүй байсан ч гэж үзэх хүн бий. Ийм хүчтэй өрсөлдөгч, дайснуудынх нь нэрийг түүхэд нэлээд урт жагсаалт гарна биз?

-Чингис хааныг эсэргүүцсэн хүчирхэг дайсан олон байв. Тиймээс 1177 оноос буюу 15 наснаас тэнгэрт хальтлаа 50 жил хоромхон зуур ч амгалан тайван байх аргагүй, гал ус мэт харш тэмцийг туулсан юм. Илэрхий нухчин дарж устгаваас зохилтой дотоодын дайснууд нь гэвэл Тайчуудын Таргудай Хирилтуг, Мэргидийн Тогтоа бэх, Татаарын Мэгүжин сүүлт, Найманы Таян хан, тэднийг аялдан дагагсад байжээ. Тэдэнтэй тэмцэхэд өш хонзон дүрэлзсэн, гагцхүү ялахын төлөө хатуу сэтгэл оршиж байж гэж бодогддог. Харин тодорхой нөхцөлд нөхөрлөж, итгэлцэн хамтарч үйл хэрэг бүтээж явсан хань нөхөд, төрөл төрөгсөд боловч гуйвж, дайван, хуйвалдан урван тэрсэлсэн этгээдүүдийг Чингис хаан эргүүлж татан найрамдахыг чармайжээ. Гэвч Жамуха, Тоорил, Сэнгүм болон авга Сача бэхи, Тайчу, Алтан, Хучар, Даридай зэрэг өндөр хэргэм зэрэгтэй язгууртан, тэдний шадар хүмүүс нэнтүвэгтэй байсан нь мэдээж. Эдний дотор харьяат албат Хөхөчү бөө, Сүбэгээдэй Тоорил хоёр ч багтана. Хаан сэнтийг нь булааж авах гэсэн Жамуха, Хөхөчү бөө, Сэнгүм нар онцгой өрсөлдөгчид байв.                                        

-Гадаадын улс орнуудын хүчирхэг удирдагчид ч гэсэн Чингисийн эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж байсан. Нэрийн судалгааны үүднээс авч үзэхэд ийм дайсан хэр олон байх юм?

-Дорно, өмнө зүгээс Алтан улс, Тангуд нар хүчирхэгжин Монголчуудтай эртнээс дайсагнаж ирсэн. Чингис хаан Алтан улстай 1211-1214 онд хоёр удаа байлдаж хүчийг нь сулруулан найрамдаж, зүүн хойд хятадыг эрхэндээ оруулж байв. Мөн Тангуд улстай 1205-1218 оны хооронд таван удаа дайтаж байсан юм. “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар, Алтан улсаас дайсагнасан тав, нөхөрлөсөн дөрвөн хүн, Тангудаас дайсагнасан хоёр, нөхөрлөсөн нэг хүн байна. Алтан улс, Тангудын хаадын нэрийг Алтан, Бурхан гэж ганц нэрээр дурдсан буй. Үүнийг нарийвчлан үзвэл Алтан улс 1115-1234 он хүртэл 119 жил оршин тогтноход есөн хаан солигдсон бөгөөд Амбагай хааныг егүүтгэсэн Хара /Вангин Дан/, Чингис хаантай байлдаж найрамдсан Шэн Шэн /Вангин Юн Жин/, найрамдлыг эвдэж тэрсэлсэн Удуб /Вангин Ши Юн/, Өгэдэйд цохигдож дарагдсан Нингасу /Шэү Сүй/ нарын дөрвөн хаадын нэр, үүргийг ялган салгаж болох юм. Түүнчлэн Тангудын хаадаас Чингис хаанд алба өргөн баруун гар болохыг амласан Лидэван, түүнийг залгамжилсан ач Ли Сяны нэр үүргийг ялгаж үзвэл дээр өгүүлсэн дайсагнасан улсын нэр нэмэгдэх юм.

Чингис хаан өрнө зүгт орших хүчирхэг лалын улс Сартуултай найрамдахыг хүсч худалдаачин журмаар хэдэн зуун хүнтэй элч илгээснийг эс хүлээн авч хядсан учир эсрэг дайнд 1219 онд зориглон хөдөлжээ. Тэнд султан Мухамед, түүний хүү Желаль-Ад Дин, хан Мэлиг гэсэн гурван дайсны нэр дурдагддаг. Султан дорно зүгийн цөөн, бүдүүлэг Монголыг номхотгоно гэж омог бардам байсан учир Чингис хааны дипломат санаачлагыг үл тоон дайнд өдөөн дуудсан юм. Энэ үед Чингис хаан зүүн, хойд Хятад, Уйгур, Ойрад, Ойн иргэд буюу Хэргис, Харлагыг дагуулсан бөгөөд Сартуултай хил залгасан Хар Хятаныг эрхэндээ оруулсан хүчирхэг гүрнийг байгуулаад байв. Энэ дайн зургаан жил үргэлжилж эртний соёлт, баян тансаг сартуулыг номхотгожээ. Нэгдсэн улсыг байгуулахын төлөө нөр шаргуу тэмцлийн явцад Чингис хаан асар их хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч олн жил дайн байлдаан хийхдээ тоолбол зуун дайсан, бас төдий тооны хань нөхөдтэй болсныг “Монголын нууц товчоо” болон “Судрын чуулган”, “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг номоос түүвэрлэж болох юм. Чингис хаан баруун зүгийн дайнаас эгэж ирээд тэрсэж тэмцсэн Тангудыг дарснаар сөргөж эсэргүүцсэн дайсан бүхнээ дарж номхотгоод тэнгэрт хальсан бөлгөө.

Доктор Б.Өлзийсүрэнгийн “Монголын нууц товчоо-Хүний нэрийн толь” номд сонирхолтой олон баримт, гаргалгаа оржээ. “Монголын нууц товчоо”-нд дурдагдаг эмэгтэйчүүдийн нэрийг түүвэрлэн үзэхэд л бүхэл бүтэн судалгааны сэдэв болох мэт. Нийт 45 эмэгтэйн нэр дурдагддагаас ес нь Тэмүжинийг төрөхөөс өмнөх үеийн хүмүүс юм. Тэдгээр хатдаас Алунгуа, Намулун хоёр онцгой. Алунгуа эхийн сурган хүмүүжүүлэх домог нэгэнт түгээмэл болсон. Харин Намулун бол Бодончарын тав дахь үеийн Хачи хөлөгийн эхнэр юм. Хачи хөлөг дайнд үрэгдэж Жалайр аймгийнхан бэлбэсэн эхнэрийг нь үр хүүхдийнх нь хамт егүүтгэхэд Намулун эх өлгийтэй хүү Хайдугаа түлээн дор нууж амжсан байна. Хайдуг авга ах Начинбаатар нь авч хүмүүжүүлж Монгол овогтны хаан ширээнд суулгасан аж.

Чингис хааны үед Өэлүн эхийн алдар гавьяа үлэмж их. Бүтэхийн өмнө учирсан Бүртгэлжин хатан, Хулан, Есүй, Есүйгэн хатад ч мөн онцгой. Өгэдэйн хатан Дөргэнэ, Гүюгийн хатан Огул Хаймш нарын төр барьж байсан хатад бий. Тулуйн хатан Сорхогтани бол Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлүгү хаадыг төрүүлсэн эх юм. Мөнхөөс эхлээд Лигдэн хүртэл хаан ширээг Тулуйн удам тасралтгүй залгамжилсан тул Сорхогтани хатныг Монгол хаадын эх гэж болох бизээ. Чингис хааны охин Алага бэхи Онгууд аймагт бэр болон очоод гурван удаа бэлбэсэрч, эцгийн зарлигаар Монголын өмнөд нутгийг захиран “Төр захирагч гүнж” хэмээн алдаршиж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...