БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛЖ ДӨНГӨЖ САЯ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН ДАРГААР Б.СЭМЖИДМАА СОНГОГДЛОО.
Энэ үеэр тэрээр хэлсэн үгэндээ”Эрхэм хүндэт Баянгол дүүргийн төлөөлөгчид өө, 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуулиар Баянгол дүүргийн иргэд сонгогчид маань 41 төлөөлөгч бидэнд итгэл үзүүлэн сонгож дүүргийн иргэдээ төлөөлөн ажиллахад бэлэн боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад итгэл үзүүлэн намайг сонгосон та бүхэндээ талархаж буйгаа дахин илэрхийлж, та бүхний итгэлийг зүтгэл, сэтгэлээр хариулахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Итгэлцэл, эв нэгдэл Баянгол дүүргийн хөгжлийн үндэс байх ёстой. Энэ бол миний удирдах ДИТХ-ийн үндсэн зарчим байх болно. Нам гэлгүй иргэдээ, фракц гэлгүй дүүргээ хөгжүүлэх нь ирэх дөрвөн жилийн та бидний чин зорилго байна гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.
ДАХИН ХЭЛЭХЭД НАМ ХАРГАЛЗАЛГҮЙ БИД НЭГ БАГ БОЛОН АЖИЛЛАЖ ЧАДВАЛ БАЯНГОЛ ДҮҮРГИЙГ ИРГЭД НЬ ОЮУНЛАГ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ГОЛ НЬ БАЙХ БҮРЭН БОЛОМЖ БИДЭНД БИЙ.
Иргэний хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дүүрэгтээ цогцлоох нь зөвхөн дүүргийн төсвийн хүрээнд хязгаарлах нь хангалттай биш бас зөв менежмент ч биш. Харин УИХ, Засгийн газар, Нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлогыг дүүрэгтээ татах нь энэ дүүргийн 240 мянга гаруй иргэдээс сонгогдсон улс төрч бүхний чин эрмэлзэл бас ардчилсан нийгмийн зарчим билээ. Баянгол дүүргийн иргэд маань оюунлаг, гол улс төрчдийг төрүүлэн гаргасан том амбицтай дүүрэг. Бид эвтэй байж, итгэлцэж чадвал бидэнд хүч нэмэх УИХ гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга, мөн УИХ-ын дэд дарга ч байна. Нийслэлд биднийг төлөөлж буй нэгэн төлөөлөл маань НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Бидэнд ч, дээрх нэр дурдсан улс төрчдөд ч ижил зорилго, үүрэг бий. Баянгол дүүргийн иргэн бүрийн хөгжил бидний үндсэн зорилго байх ёстой.
Дүүргийн иргэдээ төлөөлж, дүүргийн асуудлаа өдөр тутам шийдэж, урагшлах бид итгэлцэн эвтэй байж чадвал нам харгалзахгүйгээр бодитой дэмжлэгийг засаглалын бүх түвшиндээ авч чадах алтан боломж бидэнд ирээд байна. Миний бие ДИТХ-н даргын хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.
ХУЙВАЛДАЖ БИШ ХУУЛИАР, МАРГАЖ БИШ МЭТГЭЛЦЭЖ, ТАЛЦАЖ БИШ ЭВСЭЖ АЖИЛЛАХ ХАМТ ОЛОН БИД.
Бидний 41 төлөөлөгчдийг хүүхэд, залуучууд, ахмадуудын маань нийгмийн асуудал, дүүргийн иргэдийн маань боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, бизнесийн орчны асуудлууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн асуудлууд, ухаалаг засаглал, цахим Баянгол, ногоон Баянгол дүүргийг цогцлоох зэрэг олон томоохон асуудлыг шийдвэрлэх мэргэн шийдвэр хүлээж байна. Та бүхний санал бүхэн мэргэн, шийдвэр бүхэн хөгжлийн галыг өрдөх болтугай. Баянгол дүүрэг оюунлаг бас голчлон хөгжих дүүрэг байхын төлөө хамтдаа зүтгэцгээе. Хүндэтгэсэн Баяртулгын СЭМЖИДМАА” хэмээлээ.