Sunday, November 24, 2024

Их аваргууд эргэн ирж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтой барилдана

Date:

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын башёгийн банзүкэ буюу оноолт гарчээ. Ирэх сарын башёд макүүчи буюу дээд зиндаанд долоон монгол сүмоч хүч үзэх нь. Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүний магнайд, их аварга Какүрюү М.Ананд барууны магнайд эрэмбэлэгдсэн байна. Их аваргуудын хувьд хүнд бэртлийн улмаас өнгөрсөн есдүгээр сарын башёг дундаас нь орхисон юм. Бэртэл гэмтэл нь бүрэн эдгэрсэн гэж үзсэн учир ийнхүү ирэх сард зодоглохоор болжээ.

Нагоя башёд түрүүлэн таван жилийн дараа Японы эзэн хааны цомыг дахин гардсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх сард комүсүби цолтой барилдана. Тэрбээр өвдөгний бэртэл болон хүнд өвчний улмаас сүмогийн дээд зиндаанаас жонидан буюу зургаан зиндааны дороосоо хоёр дахь зиндаанд хүртэл унасан ч өөрийн тэсвэр хатуужил, хичээл зүтгэл, сэтгэлийн тэнхээгээр бүхнийг даван туулж, дээд зиндаанд хоёр дахиа түрүүлж, саняакү буюу өндөр цолонд хүрч байгаа нь сүмогийн түүхэнд анхны тохиолдол ажээ.

Кирибаяма Б.Лхагвасүрэн энэ оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшин орсноос хойш дөрвөн башё дараалан амжилттай сайн барилдаж буй. Тэрбээр ирэх сард маэгаширагийн зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах нь. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил арваннэгдүгээр сарын башёд маэгаширагийн баруун жигүүрийн зургаад эрэмбэлэгдсэн байна.

Өнгөрсөн есдүгээр сард дээд зиндаанд анх дэвшин барилдсан Хоошорюү С.Бямбасүрэн ирэх сарын башёд маэгаширагийн зүүний 13-т эрэмбэлэгдсэн бол мөн есдүгээр сард дээд зиндаанд эргэн ирсэн Ичиножо А.Ичинноров барууны 13-аас босож барилдах юм. Түүнчлэн Чоёошома Г.Мөнхсайхан арваннэгдүгээр сард маэгаширагийн зүүн жигүүрийн 16-д бичигджээ.

Жюүрёо зиндаанд, Азүмарү С.Тодбилэг баруун жигүүрийн 7-д, Кёокүшюхо Т.Эрдэнэбаатар баруун жигүүрийн 10, Митоюү Б.Төрболд зүүн жигүүрийн 11-т тус тус эрэмбэлэгджээ. Харин макүшита зиндааг Дайшохо Ч.Шижирбаяр тэргүүлж барилдах юм байна. Уг зиндаанд Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Энхманлай, Хокүтэнхо Г.Сүхбат, Ёошояама Б.Анхбаяр нар барилдана. Сандамэ зиндаанд Дайтэнма Н.Чинзориг, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт нар зодоглоно.

Цар тахлын улмаас сүмогийн арваннэгдүгээр сарын башёг Кюүшюү хотод зохион байгуулдаг уламжлалаа энэ удаа өөрчилж Токио хотноо зохион байгуулахаар болжээ. Харин үзэгчдийнхээ тоог хоёр дахин нэмэх шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан байна. Есдүгээр сарын башёд 2500 үзэгч оруулсныг ийнхүү 5000-д хүргэхээр болжээ.

Ташрамд сонирхуулахад банзүкэ буюу оноолт нь Японы нь сүмогийн соёлын чухал хэсэг юм. Сүмогийн хорхойтнууд тэмцээн бүрийн өмнө хамгийн их тэсэн ядан хүлээдэг зүйл бол банзүкэгийн шинэ чансаа байдаг. Зургаан зиндаанд хуваагдсан нийт 650 орчим сүмочдын нэрс амжилтынхаа дагуу эрэмбэлэгдэхээс гадна шүүгчид, дэвжээний засуул хөтлөгч, үсчингүүдийн нэрийг багтаасан банзүкэг олон нийт ихээхэн сонирхдог. Бөхчүүдийн хувьд банзүкэ гэдэг бол башёгоос башёгийн хоорондох хоёр сарын хугацаанд хаана зогсох, ямар эрх мэдэл, нэр хүндтэй байхыг нь тодорхойлдог чухал эрэмбэ юм. Тиймээс сүмочид банзүкэ гарахад сэтгэлийн хөөрөл, айдас аль алинд автдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...