Saturday, November 23, 2024

Таны машин өвөлд бэлэн үү

Date:

Гадаа хүйтэрч байгаа энэ өдрүүдэд машинаа өвөлд хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл хүргэе. Өвлийг ямар нэгэн гарз, хохиролгүй давахын тулд шаардлагатай үйлчилгээг багтаахыг зорилоо. Сонголт таны гарт учраас хэрэгтэйг нь өөрийн автомашиндаа хэрэгжүүлээрэй.

  1. ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС
    Монголын зах зээлд олон төрлийн хөдөлгүүрийн тос борлуулж буй. Үүнээс сонголт хийхэд амаргүй байгаа нь тодорхой. Хөдөлгүүрийн тосыг ерөнхийд нь минерал, хагас синтетик, бүтэн синтетик хэмээн гурав ангилах бөгөөд өвөл хагас болон бүтэн синтетик тосыг ашиглах хамгийн зөв сонголт юм. Манай улсад Шэлл, Кастрол, Мобил, ENEOS, 76, Брилтекс, Кикс, Маннол, Драгон, ACDelco, ZIC гэх мэт брэндийн хагас, бүтэн синтетик тосны өргөн сонголт бий. Энгийн хэрэглээнд, өдөр тутам автомашинаа гадаа хонуулдаг нөхцөлд 5W-тэй бүтэн эсвэл хагас синтетик тоснууд танд тохиромжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна. 10W-тэй тос ч байсан болно.
  2. ХӨРГӨЛТИЙН ШИНГЭН
    Хөргөлтийн шингэнийг 1-3 өвөлд зайлшгүй нэг бүтэн солих шаардлагатай байдаг. Хөргөлтийн шингэн нь өвөлд таны автомашиныг хөлдөөхгүй, хүйтэнд найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Уг шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг. Улаан нь хэмжихэд дөхөм бол ногоон нь хаагуур алдаж байгааг харах зориулалттай. Шингэнийг автомашиндаа хийхдээ устай хольдог, хольдоггүйг сайн анхаарах хэрэгтэй. Хэрвээ заавал устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хийвэл таны хөргөлтийн шингэн ердөө -13 градуст л хөлдөх уршигтай. Тиймээс устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хэрэглэж болохгүйг санаарай. Дээрээс нь хөргөлтийн шингэний хойно байрлах заавартай танилцахыг зөвлөе. Үүнээс гадна улаан болон ногоон хөргөлтийн шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой гэдгийг мартав аа.
  3. ГИДРИЙН ШИНГЭН
    Ойрхон солих шаардлагагүй ч шалгаад үзээрэй. Шингэнийг солихгүй удаан явснаар гидрийн насос гэмтэнэ, жийрэг муудаж шингэнээ алдана, мөн насос дуу ордог. Дээрээс нь муудсан шингэнтэй бол рулийг илүү их хүчээр эргүүлэх шаардлагатай болдог. Тиймээс та гидрийн шингэнээ шалгуулаад солих шаардлагатай бол солиод, нэмэх бол өнгө дагуу (улаан, шар) шингэнээр нэмээрэй.
  4. КРОП, РЕДУКТОРЫН ТОС СОЛИХ Зайлшгүй өвөл хийх үйлчилгээ биш. Гэвч зайлшгүй өвлийн бэлтгэлээ хангахын тулд шалгах ёстой зүйлсийн нэг. Кроп болон редукторын тосыг удаан солиогүй явснаас үүдэн араа удаан солигдох, хүнд явдалтай болох, редукторын хацар, зүрх араа гэх мэт эд анги гэмтдэг. Муудсан, ажиллагаагүй болсон тослох материал нь таны автомашины хүч дамжуулах ангийг хангалттай хэмжээнд тосолж чадаагүйн улмаас эдэлгээний хугацааны түргэсдэг муу талтай.
  1. АККУМУЛЯТОР
    Шөнөдөө -40 градус хүрдэг манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд сайн аккумулятортай байж л өвлийг өнтэй давна. Тиймээс таны аккумулятор муудсан бол шинээр солихыг зөвлөе. Шинэ аккумулятор нь таныг гурван гаруй жил толгой өвдөхгүй өвлийг давахад туслах юм. Аккумулятор муудсанаар шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг, мөн өглөө бүр айдастай автомашинаа асаах болдог. Сайн аккумулятор нэг удаа авсан байхад таны автомашин жавар тачигнасан өглөө асах нь бусад зүйлээс хамааралтай болно.
  2. ДУГУЙ
    Өвөлд заавал өвлийн дугуйг. Энэ нь бүх улирлын дугуйнаас илүү зөөлхөн, замтай барьцах чадвар сайтай байдаг тул таныг илүү богино зайд зогсоох болно. Өвөлд хамгийн гол нь зогсолт шүү дээ. Тиймээс муу дугуйтай огт явж болохгүй. Та муу дугуйтай явснаас өөрийн болоод бусдыг гэмтээх эрсдэлтэй. Тиймээс хуучин ч хамаагүй өвлийн дугуй ашиглаарай.
  3. ШИЛ АРЧИГЧ
    Өвлийн улиралд хатсан резинтэй шил арчигч үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй, шил сайн арчихгүй улмаас элдэв осол хийх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та шил арчигчаа муудсан бол даруй солиорой. Чанараасаа хамаараад 8000-15000 төгрөгийн үнэтэй байна.
  4. СЭГСГЭР
    Өвөл зайлшгүй шаардлагатай зүйл бол сэгсгэр алчуур. Дөнгөж буусан цасыг удаан буулгахгүй явснаас хайлж мөс болон тогтдог. Тиймээс автомашины цасыг буулгахад туслах энэхүү бүтээгдэхүүнийг сонгоорой. Хотын үзэмжид ч гэсэн гэрэл гэгээ нэмнэ шүү дээ.
  5. ШИЛ ЦЭВЭРЛЭГЧ ШИНГЭН
    Өвөл ус хөлддөг, шилэн дээр цас мөс тогтсон үед шүрших боломжгүй болдог. Тиймээс зайлшгүй шил цэвэрлэгч шингэн авч автомашиндаа хийгээрэй. Үнийн хувьд 3500-4500 төгрөг байна.
  6. ОЧЛУУР, ХАЛААГЧ
    Хэрэв таны машин бензин хөдөлгүүртэй бол зайлшгүй өөрийнх нь очлуурыг авч ашиглаарай. Өөр төрлийн очлуур авч ашиглавал таны автомашины асалт мууддаг, шатахуун зарцуулалт ихэсдэг сул талтай. Тиймээс өөрт нь тохирсон очлуурыг аваарай. Харин дизель хөдөлгүүртэй автомашин халаагчийн асуудалтай байдаг. Хэр барагтай халаагч амархан жагсаалаас гараад байдаггүй. Өглөө асахгүй бол халаагчийн релэй болон халаагч хоёроо шалгаарай. Релэй ажиллагаагүй болсон бол солих, эсвэл релэйгээ гараас удирдах боломжтой болгож кабиндаа товчлуур хийж болно.
  7. ХОЛБОГЧ
    Час хийсэн өвлийн хүйтэнд танд болон бусдын аккумулятор суухыг үгүйсгэхгүй. Тиймээс автомашиндаа холбогчтой явахад гэмгүй. Холбогч нь автомашины аккумулятор цэнэггүй суусан үед холбож асаах үүрэгтэй чухал бүтээгдэхүүн юм. Шонгуудыг хооронд нь зөрж холбохоос сэргийлэх хэрэгтэй, эс тэгвэл аккумуляторын насжилт буурах, гал хамгаалагч шатах зэрэг сөрөг нөлөөтэй.
  8. ТАТЛАГА
    Чирч асаах, эсвэл хөлдсөн автомашиныг дулаан гарааш руу зөөх шаардлага өвлийн улиралд тохиолддог. Хатуу троссон татлага нь өвлийн улиралд тийм ч тохиромжтой бус байдаг бөгөөд зориулалтын уян татлагыг хэрэглэж заншсанаар аюулгүй чирэх/чирүүлэх боломжтой.
  9. ХУЧЛАГА, ЦАГИЙН АСААЛТЫН СИСТЕМТЭЙ
    ДОХИОЛОЛ, АВТОМАТ АСААЛТЫН СИСТЕМ

    Хучлага нь таны автомашиныг салхины урсгалаас хамгаалж тос, тосолгооны шингэн, аккумулятор зэргийг хөлдөхөөс сэргийлдэг. Хэдийгээр хөдөлгүүрийн эд анги, явах эд ангид бага зэрэг халгаатай ч зогсоолгүй, дулаан гараашны хомсдолтой Улаанбаатарт түүнгүйгээр өвлийг яаж давах билээ. Үүнээс гадна цагийн асаалтын системтэй дохиолол авч болох юм. Үнийн хувьд чанараасаа хамаарч 250 мянгаас дээш төгрөг байдаг аж. Уг дохиолол нь өгсөн цагийн дагуу, гадна температур мэдэрч асна, дээрээс нь дохиоллын үүрэг гүйцэтгэх давуу талтай. Та заавал өглөө, оройд гарч автомашинаа халаах шаардлагагүй гэсэн үг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...