Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзлаа. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр ашиглалтад орж буй төвлөрсөн ариутгалын тасгийн барилга, тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагаа боллоо.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын эсрэг иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Монгол Улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болсон нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын та бүхний хичээл, зүтгэл юу юунаас чухал гэдгийг онцлон хэлье. Бидний нэгдүгээр зэргийн асуудал бол Коронавирусыг амжилттай даван туулах. Тиймээс Засгийн газраас ихээхэн анхаарч санхүүжилтийг тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн. 2020 онд бид 133.7 тэрбум болгож, эрүүл мэндийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад 2 дахин өссөн. Коронавирусын үед бид 200 тэрбумын санхүүжилтийг гаргасан. Мөн төсвийн тодотголоор 103.4 тэрбумын нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбартаа өгч байгаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлт явагдана. Цаашдаа эмч, ажилтнууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Цаашид цар тахлын халдварын эрсдэл өндөртэй энэ үед шаардлагатай нөөц, бэлэн байдлаа хангах, Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, сургалтыг байнга хүргэх, Хүнийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх, Монгол хүн бүр эх орондоо өвчнөө оношлуулах, эмчлүүлэх боломжийг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлж, эмч, ажилтнуудаа давхар бэлтгэх, Эмнэлгийн ажилтныг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран бэлтгэдэг байх, Сувилагчдын тоог нэмэгдүүлэх, Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах – Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зэргийг чиглэл болголоо.
Уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарт хийгдэж буй шинэчлэлтийн ажлууд, авч хэрэгжүүлж буй бодлогоо аймгийн эрүүл мэндийн ажилтнуудад танилцууллаа. Мөн “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал нэлээдгүй бий. Бид эрс шинэчлэлт хийхээр зорин ажиллаж байна. Шинэчлэлтийн ажлууд хийгдээд эхэлснийг та бүхэн харж байгаа байх. Гол бодлогын чанартай өөрчлөлт бол төвлөрлийг сааруулах , орон нутгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр онцгой анхаарч байна. Засгийн Газрын зүгээс тэргүүлэх чиглэлдээ оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд ажлуудаа хийгээд эхэлсэн. Одоо байгаа манай эрүүл мэндийн тогтолцоо нь хэт төвлөрсөн, 60 хувь нь Улаанбаатарт төвлөрсөн байдалтай байгаа. Тиймээс төвлөрлийг сааруулах, орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллаж байна” хэмээн онцоллоо. Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэс заслын тасагт шаардлагатай байгаа дурангийн мэс заслын багажаар хангах, мөн цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын асуудлыг судлан шийдвэрлэхээр болсон юм.
Мөн Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр -5” төслийн хүрээнд төвлөрсөн Ариутгалын тасгийн барилгын их ажил, шинэчлэлтийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг. Өнөөдөр бид төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 271,8 сая төгрөгийн өртөг бүхий барилгын их засварыг хийж, 603,9 сая төгрөгийн 13 нэр төрлийн 15 ширхэг шинэ тоног төхөөрөмж, нийт 875,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх түүхэн тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд маш том дэвшил гарч байна. Мэс заслын шинэ төрлийг нэвтрүүлэхэд ариутгалын тасаг маш чухал учраас олон ажлын суурийг бэлдэж өгч байгаа юм” хэмээлээ. Өнөөдрийн байдлаар Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр -5” төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ГССҮТ-д төвлөрсөн Ариутгалын тасгийн барилга, шинэ тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ