Сэтгүүлч Г.СОНИНБАЯР
Инновац, инновац. Инновац гэхээр зөвхөн өндөр технологи, үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж ойлгодог. Гэтэл технологийн салбараас гадна нийгэм, хүмүүнлэгийн салбарын инновац маш чухал. Энэ салбарын инновацын үр дүн нь шууд мэдрэгдэж харагддаггүй ч дам нөлөө нь асар их. Үүгээрээ технологийн салбарын инновацаас илүү ажээ. Нэг үгээр хэлбэл нийгэм, хүмүүнлэгийн салбарын инновацын хөрсөн дээр суурилж технологийн инновац хөгждөг байна. Жишээ нь, цэцэрлэгийн багшийн ажлын бодит үр дүн 20 жилийн дараа л гарна. Энэ нь шууд гар утас үйлдвэрлээд асар их ашиг олохтой адилгүй.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар л гэхэд цаашид юу хийх, хэрхэн ажиллах вэ гэдэгт нэгдмэл нэг бодлого, байр суурьтай болж авахгүй бол гоё нэртэй хөтөлбөрүүд цаасан дээр л үлдэж мэднэ. Өнөөдрийг хүртэл соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар нэгдсэн бодлого, чиглэл, үзэл баримтлалгүй, уялдаа холбоогүй явж ирснээ юуны өмнө хүлээн зөвшөөрөхөөс энэ ажил эхэлнэ. Соёл урлагийн цаашдын хөгжлийн чиг хандлага олон улсад ямар байна вэ, энэ салбар яаж хөгжих вэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамрах хүрээг хэрхэн харах ёстой вэ. Хариулт нь бэлэн ч хэрэгжилт нь хол ийм асуулт олон бий.
Ямар ч байсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллах ёстой гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн. Чиг чигээ харж, дангаараа яваад амжилтад хүрэхгүй гэдгийг өнгөрсөн туршлагаасаа олж мэдсэн хэрэг. ГХЯ гэхэд яг юуг сурталчлахаа сайн ухамсарладаггүй, урлаг, соёлын байгууллагууд уран бүтээл гаргаад түүнийгээ хэнд үзүүлэхээ мэдэхгүй, үзэгчдээ татаж чаддаггүй. Гэтэл аялал жуулчлалын салбарынхан жуулчид авчирчихаад тэдэндээ үзүүлэх юмгүй нүүр улалздаг. Гар урлалынхан хийсэн юмаа хэнд зарах нь тодорхойгүй. Ийм хөрс суурин дээр Монголын брэндийг бий болгох, монгол имижийг бүрдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт цоо шинэ ойлголтуудыг үндэслүүлэх гэсээр багагүй хугацааг үджээ.
Уг нь үндэсний брэнд хөгжүүлэх нь олимпийн аварга бэлтгэхээс дутахгүй эдийн засгийн үр өгөөжтэйг ойлгож, төр засгаас хөрөнгөөр дэмжих шаардлагатай гэдгийг энэ салбарынхан олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Түүнээс хойш энэ салбарт гарсан ахиц дэвшил гэвэл Засгийн газраас Соёлын үйлдвэрлэл үндэсний хөтөлбөрийг баталсан явдал. Мөн 2015 онд баталсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод бүтээлч аж үйлдвэрийг хөгжүүлэх, соёлын өвд суурилсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх концепц суусан байдаг аж. Үндэсний хэмжээний эдгээр баримт бичгүүдээс гадна ЮНЕСКО-гийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенц бий.
Энэхүү олон улсын конвенцод дөрвөн том зорилтыг тусгасан байдаг аж. Үүнд, нэгдүгээрт, соёлын засаглалыг дэмжих, хоёрдугаарт, олон улсад соёлын ажилтан, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, өөрсдийгөө илэрхийлэх боломжийг нээлттэй болгох, гуравдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн урсгалыг тэнцвэрт байдалд оруулах, дөрөвдүгээрт, хүний суурь эрх чөлөөний асуудлыг авч үздэг байна.
Соёлын бодлогын солонгорол
Эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг ч одоогоор солгой ганц өнгөтэй л байгаа. Харин соёлын бодлогоо солонгоруулбал жинхэнэ бүтээлч үйлдвэрлэл болох ажээ. Гагцхүү тэрхүү солонгын цацраг нэг үзүүрт зангидагдсан байх ёстой. Үүнийг мэргэжлийн хүмүүс дараах байдлаар томъёолдог юм байна. Юуны өмнө соёлын бүтээлч үйлдвэрлэлийг брэндийн бодлогоор зангидах хэрэгтэй. Хоёрдугаарт, аялал жуулчлалтай маш сайн холбож өгөх ёстой. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар аялал жуулчлалыг хөгжүүлэх болон орон нутгийн брэнд бий болгоход чухал үүрэгтэй. Салбар дундын шинжтэй энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд цаашид бүх талууд хамтарч ажиллах, нэг цонхоор дэлхийд гарах ёстой.
Манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх бодлого олон улсын ерөнхий чиг хандлагыг барих гэж оролдсон гэж үздэг. Гэвч манай улсын төрийн тогтолцоо нь үүнийг дэмжихэд хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл асуудал бодлогодоо биш тогтолцоондоо байжээ гэсэн үг. Соёл, урлаг, аялал жуулчлал, аж үйлдвэр, гар урлал, хувцас загвар, гадаад сурталчилгаа, зохиогчийн эрх гээд соёлын үйлдвэрлэлтэй холбогдох салбарууд бүгд тус тусдаа өөр яамдад харьяалагддаг тул нэгдсэн бодлогод зангидагддаггүй байна.
Олон улсын чиг хандлагаар бол соёлын үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэлд асар олон салбарыг хамруулдаг. Хэвлэл мэдээлэл, реклам, зар сурталчилгаа хүртэл үүнд хамаарна. Харин монголчууд бидний хувьд соёл урлагийг бүтцийн талаас нь зөвхөн соёлын төв, музей, театр, номын сан гэсэн дөрвөн байгууллагаар төлөөлүүлж ойлгодгоос болоод бусад салбарыг авч үздэггүй. Тэрнээсээ шалтгаалаад салбар хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааны нэгдмэл байдал үгүй. Тиймээс өрсөлдөх чадвар сул.
Энэ яриаг жаахан цааш лавшруулахаар бид эхлээд өөрсдийн ойлголт, сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрнэ. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө, өөрийнхөө амьдралд, ажилдаа, нийгэмд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хүнийг ингэж өөрчилнө гэдэг нь бүтээлч хүн бий болгоно гэсэн үг. Хувь хүний хөгжил гэдэг нийгмийн хөгжил, үндэстний хөгжил. Тэгэхээр эцсийн дүнд соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол бүтээлч хүнийг бий болгох тухай л бодлого юм. Бүтээлч монгол хүнийг бий болгож чадвал Монгол хөгжинө.
Оюунлаг үйлдвэрлэл, тэргүүлэх эдийн засаг
Урлаг бол зочид буудал, ресторан, аяллын компани, банкууд шиг маш их ач холбогдолтой, эдийн засгийн нөлөө бүхий үйлдвэрлэл юм. Ажиллагсдын тоо, цалингийн хэмжээ, хотын болон улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, татвар төлсөн орлого гээд олон талаас нь авч үзэхэд урлагийн салбар өсөлт сайтай, эрүүл эдийн засгийн хамгийн чухал хэсэг гэж болно. Бүтээлч үйлдвэрлэлийг соёл, урлагийн бүтээл, санаа, зохиогчийн эрх, үйлдвэрлэл, борлуулалтын нийлбэр гэж томъёолж болно. Энэ нийлбэр цогцын бүх хэсэг нь бусадтайгаа уялдаатай зөв ажиллаж байж эдийн засгийн үр ашиг авчирна. Үүнийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн улс орнуудын туршлагаас харж болох юм.
Тухайлбал, Японд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх үзэл баримтлал нь таван чиглэлээр, гурван үе шаттай хэрэгжжээ. Тэд агуулга буюу дүрийн контентийг бий болгоход эхлээд анхаарсан байна. Энэ нь кино урлаг зэрэгт хэрэгжиж. Дараагийн гол бүтээлч үйлдвэрлэл нь хувцас загвар. Гуравдугаарт, япон аж байдал, дөрөвдүгээрт, аялал жуулчлал, архитектур, тавдугаарт, япон үндэсний хоол гэсэн таван чиглэлийг гаргаж иржээ. Ингээд эдгээрийг яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлогоо тодорхойлж. Аль чиглэлийг нь ямар улс оронд сурталчлах вэ гэдэг зорилтот улсаа хүртэл тодорхойлсон юм байна. Энэ таван чиглэлээр соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүндээ суурилсан аялал жуулчлалаар улсаа хөгжүүлнэ гэдэг бодлого япончууд гаргажээ. Жуулчид Японд очиход тэдний чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх орчин нөхцлийг бүрдүүлж. Үүнд бүх салбарынхаа үйл ажиллагааг чиглүүлж.
Ийнхүү нийтийн хоол, тээвэр, кино, театр, музей, гар урлал, хэвлэл мэдээлэл гээд бүгд цогцоор нэг дүр, нэг имижийг бүрдүүлж байж эдийн засгийн өндөр үр ашигт хүрдгийг харуулж чадсан байна. Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу мэдлэгийн эдийн засаг, өөрөөр хэлбэл оюунлаг үйлдвэрлэл ажээ.
Үндэсний брэнд, орон нутаг
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай ярихад бүсчилсэн хөгжлийн асуудал руу зайлшгүй орж таардаг. Соёл, урлаг гэдэг үндэстэн угсаатан хийгээд тэдний оршин амьдарч буй орон зайн онцлогтой холбоотой учраас тэр. Тиймээс үндэстэн угсаатны соёлын онцлогууд дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож түүнийг аялал жуулчлалын салбартай холбох юм бол жинхэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэл. Жишээ нь аймагт бүрт тэмдэглэлийн дэвтэр үйлдвэрлэлээ гэхэд тухайн нутгийн ястнуудын онцлогыг тусгасан хийц, загвараараа ялгарч байж өрсөлдөх чадвар, ялгарал бий болох юм.
Монголчууд дэлхийд гарах нэг том гарц нь соёлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, түүгээрээ өрсөлдөх. Соёлын үйлдвэрлэлээ аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх асуудал төрийн бодлогын цөм болж байгаа аж. Үүнтэй холбогдоод Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үндэсний брэнд бий болгох зорилт туссан. Үндэсний брэнд юу байх ёстой, түүнийг яаж хийх вэ гэдэгт өнөөдөр болтол бид нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй яваа. Юутай ч монгол өв, соёлдоо суурилсан, өөрийн онцлог бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлал, соёл, урлаг, жижиг дунд үйлдвэрлэл, гар урлалтай цогцоор нь гаргаж ирж байж үндэсний брэнд бий болох юм гэсэн төсөөлөл бууна.
Кластерийн системд суурилсан соёлын үйлдвэрлэл орон нутгийн тогтвортой хөгжлийг хангаж, бүсчилсэн хөгжлийг дэмжихэд чухал түлхэц болдог байна. Үүний дүнд тухайн бүс нутагт уламжлалт соёлын өвөрмөц онцлог бүхий хот төлөвлөлт, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болно гэсэн үг. Энэ нь үндэсний соёл, өв уламжлалаар ялгарсан хот төлөвлөлт, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгдсэн нэг цонхны бодлогоор, брэндийн зарчмаар цогцоор нь гаргаж ирж байгаа хэрэг юм. БНХАУ яг энэ концепцоор соёлын үйлдвэрлэлээ хөгжүүлжээ. Дэлхий нийтийн чиг хандлага ч үүн руу явж байгаа аж. Соёлын бүтээлч үйлдвэрлэл өөрөө ийнхүү аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгодог байна.
Дэлхийн хүн амын дунд чинээлэг дундаж давхаргынхны эзлэх хувь нэмэгдэж буй. Тэд чөлөөт цагаа өнгөрүүлэх аялал, зугаа цэнгэлд асар их мөнгө зардаг. Дэлхий дахинд ийнхүү аялал жуулчлал эрчтэй хөгжиж, тэр тусмаа соёлын аялал жуулчлалыг их сонирхох болжээ. Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн нөөц. ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын сүлжээ гэж бий. Уг сүлжээнд дэлхийн 100-гаад хот нэгдсэн байдаг аж. Улаанбаатарыг уг сүлжээнд оруулах асуудлыг ч хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлжээ.
Тодорхой бүс, орон нутагт хөгжиж буй аялал жуулчлал хүний суурь эрх болох язгуур урлаг, өв уламжлалаараа өөрийгөө илэрхийлэх орон зайг нээж өгдөг байна. Тиймээс дэлхий нийтэд соёлын биет бус өвийг ажлын байр, өрхийн үйлдвэрлэл эрхлэх арга хэрэгсэл гэж үздэг болжээ. Энэ өнцгөөс харвал Монголд аймаг орон нутаг бүрт тухайн нутагт оршин суугаа ястнууд өвөрмөц онцлог бүхий язгуур урлаг, өв соёлоороо өөрсдийгөө илэрхийлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломж бий. Тухайлбал, буриад зоны дуу хуур, өвөрмөц ахуй, цаатнуудын амьдралын хэв маяг, язгуур урлаг, баруун Монголын олон ястны өв соёл гээд энэ бүхэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт боломжууд юм.
Эцэст нь онцлоход соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын зөвлөх Том Флэмингийн “Дэлхий шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн байна. Монгол шиг улс шинэ зүйлсийг хийж чадна. Хүн ам цөөтэй хэрнээ хүн ам олонтой зах зээлд ойр байна гэдэг бол боломж. Дани, Исланд, Финланд зэрэг улсын дотоод зах зээл жижигхэн ч гэсэн газар зүйн байрлал тэдэнд давуу талыг олгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа тэргүүлсээр байна. Монголд ч гэсэн үүн шиг боломж байгаа гэж харж байна” гэсэн үгийг эш татъя.