Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр “Хан Хэнтий” чуулгын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Макс Майнд” ХХК-ийн удирдлагатай уулзаж, дулааны ажлаа хийлгүй, хоёр сар орхигдуулсан, хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарч буйг дурдаад ажлаа хариуцлагагүй гүйцэтгэж, Хан Хэнтийчүүдийг хуурч, улсад хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж гэрээгээ цуцлахаа илэрхийлэв.
Харин “Макс Майнд” ХХК-ийн төлөөлөл бидэнд 14 хоногийн хугацаа олгооч, ажлаа графикийн дагуу захиалагчийн хяналтад шалгуулна. Графикт ажлаа гүйцэтгэж чадахгүй бол татгалзахад бэлэн гэлээ. “Хан Хэнтий” чуулгын барилгыг гүйцэтгэгч компани энэ онд хүлээлгэх өгөх ёстой. Анх 2012 оноос “Хөвсгөл геологи” ХХК “Хан Хэнтий” чуулгын барилгын үндсэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн үеийн Засгийн газраас царцааж 2015 оны сонгон шалгаруулалтаар “Макс Майнд” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлсэн юм байна. Гэсэн ч барилгын ажил нь дуусаагүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тус компани 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг барилгыг барьж, 2017 онд ашиглалтад хүлээлгэн өгөх байсан боловч анх ажил гүйцэтгэсэн компани зураг төсөвгүй ажилласан, хүчитгэлүүд буруу хийгдсэн гэх алдаа дутагдал гарч, нэмэлтээр 3,1 тэрбум төгрөг энэ оны төсөвт тусгаж, нийтдээ улсын төсвөөс 11,4 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргажээ. Уулзалтын үр дүнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Макс Майнд” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч 14 хоног хянаж үзэхээр болжээ.