Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны авто зам засвар, шинэчлэлтийн ажлын хучилтын ажлыг эхлүүлж, газар дээр нь ажиллалаа. Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Замын ажил яагаад удаашралтай байгаа талаарх бодит мэдээллийг иргэдэд өгөх хэрэгтэй. Долоо хоногийн өмнө ирэхэд наймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хугацаандаа амжаагүйд иргэд бухимдаж байна. Тийм учраас ямар ажлууд хийгдэж ажил удааширч байгааг иргэддээ мэдээл. Бороо орсны улмаас замд чийг орчихоод хатааж байж хучилтаа хийх шаардлагатай болсон тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой” гээд хучилтын ажлыг хийхдээ иргэд болон ажилчдын аюулгүй байдлыг хангаж, өнөө шөнөдөө багтаан хийж дуусгахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон гүйцэтгэгч компанийн ажилчдад үүрэг болголоо.
арь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс