ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2020 оны ургацын урьдчилсан балансын дүнгийн талаар танилцуулжээ. Энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна. Энэ оны ургацын урьдчилсан балансаар,
-513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай,
-237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо,
-32.8 мянган тонн тосны ургамал, -109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв судалгаа гарчээ.
Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байна. Ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд даалгажээ. Ургацын урьдчилсан төлөв дээр эерэг мэдээтэй байгаа ч малчид, тариаланчид маань сонор сэрэмжээ алдахгүй, уужирч тайвшрахгүйгээр болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэх ёстой гэдгийг ч мөн Засгийн газрын хуралдаанаас онцолжээ.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай. Урьдчилсан балансын мэдээгээр бол 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан нөхцөлтэй байна. Ургацын урьдчилсан төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус ахиу байх таатай мэдээтэй байна.