Friday, November 22, 2024

Хотын дарга нийтийн эзэмшлийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлана гэж мэдэгдлээ

Date:

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайгийн хэлж байгаагаар “Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн энэ газар дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 2009-2018 онд гурван нэгж талбайн газрыг олгосон байгаа юм. 2009 онд олгосон газрыг 2015 оны захирамжаар хүчингүй болгосон. Мөн “Булган гэмпил” ХХК-нд олгосон газрыг 2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан боловч компани шүүхэд хандаснаар шүүх 2016 онд газрын эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан байдаг. Газрын албаны зүгээс газрыг эрхийг нь өөрчилж, тохижилт хийх асуудлыг тухайн эзэмшигч компанид удаа дараа тавьсан. Түүнчлэн гуравдахь хэсэг газрыг “Батган импекс” компани эзэмшдэг бөгөөд уг компани газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр болоод байгаа. Энэхүү талбайн газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар бүртгэн авч, хамгаалалтад авна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Бид хорооллын орчмын олон газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлуудыг хийж байгаа. “Хашаа” арга хэмжээгээр Ахуйн үйлчилгээний ард талын 2000 гаруй метр.кв талбайг чөлөөлсөн. 28 дугаар сургуулийг тойроод гурван хашаа барьчихсан байсныг шийдвэрлэсэн. Хотын дарга өнөөдөр 14 дүгээр хорооны газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад баярлаж байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд газрыг нийтийн эзэмшилд авч, тохижуулах шаардлага бий” хэмээсэн юм.   

Баянгол дүүргийн 13 дугаар байрны оршин суугч Ч.Сэлэнгэ “Миний хувьд 13 дугаар байрандаа 30 гаруй жил амьдарч байна. 1985 онд анх нүүж ирэхэд энэ хэсэг “муурын байшин” гэсэн тохижилттой цэвэрхэн талбай байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил талбайн хэсгээс хувийн компанид өгсөн гэх асуудал их гарах боллоо. Хотын дарга иргэдийн үгийг сонсож, газар дээр нь ажиллаж, талбайг нийтийн эзэмшилд хэвээр үлдээнэ гэж хэлж байгаад талархаж байна” гэв.

Баянгол дүүргийн 17 дугаар байрны оршин суугч Б.Хорлоо “Би эндээ 40 гаруй жил амьдарч байна. Тиймээс талбай дээрээ цэцэрлэгт хүрээлэнтэй байхыг хүсч байна. Хүүхдүүд тоглож, хөгшчүүд нарлаж суух газрыг Хотын дарга хэвээр нь үлдээнэ гэж хэлсэнд баярлаж байна” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэргэжлийн байгууллагуудын тайлбар, оршин суугчдын үгийг сонссоны дараагаар “Үүсээд буй газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын дагуу газраа нийтийн эзэмшлийн талбайгаар нь ашиглана. Мөн газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэний эрхийг хөндөхгүйгээр талуудад хохиролгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэж ажиллана. Энэ талбайд ямар нэгэн барилга байшин бариулахгүй гэдгийг иргэддээ хандаж хэлье. Д.Мөнхжаргал төлөөлөгч иргэдийн саналыг нэгтгэж, уг талбайд орон нутгийн хөгжлийн сангаас тохижилт хийнэ гэж НИТХ-аар хөрөнгө батлуулсан. Нийслэлийн хэмжээнд газрын маргааны асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг мөрдүүлэх нь хамгийн чухал байна. Амьдрах орчныг сайжруулахын төлөө бид ажиллаж байна. Хотын стандартын баримт бичгүүд батлагдан гарсан. Энэ дагуу хотын стандартыг дагаж мөрдөх, стандарттай хотыг бий болгохын тулд анхаарч ажиллаж байгаа. Ногоон байгууламжид халдаж байгаа зөрчил, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр ашиглахгүй байгаа гэх зэрэг асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байлаа.

Энэ үеэр хорооны оршин суугчид орчны аюулгүй байдалд нөлөөлдөг, нийтийн эзэмшилд байшин барилга барина гэх газруудын асуудлыг Хотын даргад уламжиллаа. 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны ард орон сууц барихаар төлөвлөгдсөн газрын эрхийг олгосон баримт бичгийг холбогдох компанийнхан иргэдэд үзүүлсэн болохыг оршин суугчид хэлж байсан юм. Харин энэ асуудлыг нягталж, шалгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өглөө. III хорооллын 14, 15 дугаар хороонд нийт 4-5 хэсэг газарт олон нийтийн ая тух, аюулгүй байдалд халдан газар олгосон асуудал байгаа гэдгийг иргэд хэлж байгаа. Уг асуудлыг холбогдох мэргэжилтнүүд судалж, танилцуулах үүргийг Хотын дарга өгсөн. Мөн энэ үеэр ард иргэдийн үгийг сонсож, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр нь хадгалж, тохижуулахад анхаарч, газар дээр нь ирж ажилласан Хотын даргад тус хорооны оршин суугчид талархаж байгаагаа хэлж байлаа.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...