Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Япон Улсын Элчин сайд Кобаяаши Хироюки сайд Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд баяр хүргээд хоёр орны зам, тээврийн салбарын баялаг уламжлалтай, найрсаг харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хамрах хүрээгээ улам тэлсээр байгааг онцлоод, хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгахад тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Япон Улсын Засгийн газарт, мөн уг төслийн менежментийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулан амжилттай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр шинэ нисэх буудлын үйл ажиллагааг ирэх 10 дугаар сард эхлүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлоод дагалдах дэд бүтэц, ажилчдын орон сууц, дагуул хот байгуулах төлөвлөлтийн ажлыг яаралтай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Цаашлаад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нийслэлийн баруун захад логистикийн төв байгуулах, уг төвийг шинэ нисэх буудалтай уялдуулах, тус улсаас Монголд импортоор орж ирж буй хуучин авто машины талаарх мэдээллийн нэгдсэн санг Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжоор хангах, улмаар мэдээллиийг Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй солилцдог байх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх, Япон Улсад зам, тээврийн салбарын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, гибрид /hybrid/ машины ашиглалтаас хасагдсан зай хураагуурыг хоргүйжүүлэх, дахин боловсруулах, авто замын хураамжийн автоматжуулсан системийг монголд нэвтрүүлэх тал дээр техникийн туслалцаа үзүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлж ажиллах зэрэг өргөн хүрээнд санал солилцов.
Элчин сайд Кобаяаши Хироюки хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа ч шинэ нисэх буудлын үйл ажиллагааг аль болох хурдан хугацаанд эхлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээд агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх тал дээр үр дүнтэй хамтран ажиллахаа тэмдэглэв. Мөн тус улсаас экспортод гаргадаг хуучин машины мэдээллийн санг үнэ төлбөргүй солилцдог байх асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын журмын дагуу зохицуулах хэрэгтэй ба энэ талаар харилцан мэдээлэл солилцож ажиллахыг санал болгов. Гибрид машины ашиглалтаас гарсан зай хураагуурыг хоргүйжүүлэх, дахин боловсруулах судалгааг “Тоёота” компани судалж, шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцууллаа. Түүнчлэн авто замын хураамжийн автоматжуулсан системийг монголд нэвтрүүлэх асуудлыг олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагатай хамтран судалж үзэх, мөн дэд бүтцийн дараагийн том төсөл дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.