Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавьж буй төмөр зам үерийн усанд эвдэрсэн талаар олон нийтийн сүлжээнд зурагтай мэдээлэл тарсан. Үүнтэй холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК тайлбар хийжээ. Тус компанийн мэдэгдэж байгаагаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлд тавьж буй 414.6 км төмөр замын барилгын ажил чанар стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу амжилтай явагдаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 98.29 хувийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86 хувийн гүйцэтгэлтэйгээр 58.5 км төмөр зам тавигдаад байгаа гэнэ. Төслийн хэмжээнд баригдах 27 гүүр 67.96 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барин, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан аж.
Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас түр далан үерт автсан бөгөөд шуурхай ажиллан хэвийн болгосон. Төлөвлөгөөний дагуу бүх гүүрийн ажил есдүгээр сарын 30-нд бүрэн дуусна хэмээн “Монголын төмөр зам” компанийн зүгээс мэдэгджээ. Олон нийтийн сүлжээгээр тарсан зурагт усанд эвдэрсэн түр гүүрийн цаана үндсэн төмөр зам бүрэн бүтэн байгааг харж болно. Түр далан үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө хэмээн гүйцэтгэгч компанийнхан тайлбарласан байна.
Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан дараагийн шинэ төмөр замаа тавьдаг. Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг юм байна. Учир нь гүүрийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд цаг хугацаа маш их шаардагддаг болохоор хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд “гүүр тойрох зам”-ыг барьдаг байна. Энэ бүх стандартыг баримтлан “Монголын төмөр зам” ТӨХК байгалийн гамшиг, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол ханган ажиллаж байгаа юм байна.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам үерт эвдрээгүй гэв
Date: