Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 37 настай эрэгтэй, тарвага агнаж, идсэн өгүүлэмжтэй, халуурах, ханиалгах, цусаар бөөлжих, суганы булчирхай цочих шинж тэмдэг илэрч, сумын эрүүл мэндийн төвд эмчлэгдэж байгаа юм байна. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 1-р хавьтлын 22 хүнийг хяналтад авчээ. Мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй хоёр тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан. Тиймээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажилласан билээ. Түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч, нэг иргэн нас барсан юм.
Мөн дөрөв хоногийн өмнө Ховд аймагт 42 настай эрэгтэй хоёр тарвага авч, гэртээ өвчсөний улмаас тарваган тахал өвчнөөр нас барсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд тарваган тахал өвчнөөр дөрвөн хүн өвчилж, хоёр нь нас бараад байна. Тарваган тахлаар өвчилсөн иргэд эмнэлэгт дөнгөж ирээд нас барсан, зарим нь эмнэлэгт очиж чадалгүй нас барсан тохиолдол ч гарчээ. Тиймээс иргэдийг тарвагны мах идэхгүй, худалдаж авахгүй байх, тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.