Sunday, November 24, 2024

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор шийдвэрлэжээ

Date:

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд,

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр  буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Ингэхдээ:

–  Иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих

–  КОВИД-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай цогц арга хэмжээг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх /109 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх/

–  Экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх /1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх/

–  Төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилгоор цахим шилжилтийг хурдасгах

–  Гэрээ байгуулаагүй, үр ашиггүй төслийг хасах

–  Дараа он руу шилжих болон гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах зарчим баримталжээ.

Дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.

ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. 

Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

“Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна.  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас тус бүр 100 орчим сая ам.доллар орж иржээ. Төсвийн санхүүжилт хэлбэрээр авсан хөрөнгийг тухайлбал Налайхын автозам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байна. “Тухайн улс орон, банк, санхүүгийн байгууллага өөрсдийн өгсөн зээл, тусламжийн зарцуулалтад хатуу хяналт тавьж ажилладаг” гэж сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

–  БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах

–  Олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэх

–  Хилийн боомтод нуклейн хүчлийн түргэвчилсэн оношилгоо хийх, эсвэл хилийн цаана хийх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай харилцан тохиролцох

–  Газрын тосны экспортын тээвэрлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...