Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авчээ. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээжээ. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан, технологийн Сангийн дэмжлэгтэйгээр ийнхүү SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байгаа юм байна.
Уг оношлуур нь хүний цус, сийвэнд SARS-CoV2 вирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх бөгөөд дараах давуу талтай юм. Үүнд:
-SARS-CoV2 вирусийн халдварын явцыг хянах
-COVID-19 өвчний эмчилгээний үр дүнг хянах
-Дээрх вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх
-Тусгаарлалтад байх хүнийг сонгох (хэрэв уг вирусийн эсрэг дархлаатай бол тусгаарлах шаардлагагүй)
-Эмнэлгийн ажилтнууд SARS-CoV2 вирусын дархлаатай эсэхийг мэдэх, (хэрэв дархлаатай бол айх зүйлгүй өвчтөнтэй ажиллана)
-SARS-CoV2 вирусын эсрэг дархлаа тогтоцыг хянах, судлах
-Хүн амын дундах дархлаа тогтолцоо, “сүргийн” дархлааг тодорхойлох
-Хэрэглэхэд хялбар, аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох гэх мэт
Манай эрдэмтэд SARS-CoV2-ийн оношлуурыг бүтээснээрээ түүнийг гарган авах технологи, цаашид үйлдвэрлэх боломж, шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож өгч байгаа юм. Цаашдаа энэхүү оюуны бүтээлийг ашиглаж уг оношлуурыг дотооддоо олноор үйлдвэрлэж ашиглах бүрэн боломжтой. Мөн энэ нь вирусийн халдараас сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зардал, гадаадаас ийм төрлийн оношлуур худалдан авах валютыг хэмнэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.