ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү эмчлүүлж эдгэрсэн хүмүүсээс коронавирус дахин илэрсэн нь бидний төдийгүй дэлхий нийтэд эмч, анагаахын салбарынхны гайхашралыг төрүүлж байна хэмээлээ. Тэрбээр “Ингэж эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь анхаарал татаж байна. Коронавирусийг хүн төрөлхтөн бүрэн судалж, таньж чадаагүй байна. Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-д 100-гаад хүн эдгэрч гарсны дараа дахин шинжилгээнд хамрагдахад коронавирус илэрсэн. Үүнийг тус улсын эмч нар судалж, судалгааныхаа дүнг дэлхий нийтэд танилцуулсан. Судалгааны дүнгээс харахад эдгэрсний дараа дахин вирус илэрсэн хүмүүс бусдад халдвар тараагаагүй байгаа нь нотлогдсон. Үүнтэй яг адилхан явдал Монголд гарлаа. Эмчлэгдэж эдгэрсний дараа дахиад вирус илэрч байгаад бид гайхаж байна. Дэлхий нийтэд ч үүнийг сайтар тайлбарлаж, тогтоож чадахгүй байгаа. Тиймээс бид эдгэрээд гарч байгаа хүмүүсийн тусгаарлалтын хугацааг сунгаж байна. Энэ бол хянамгай байдлынх. Үүнд буруу байхгүй. Эмчлэгдээд эдгэрсэн хүнд вирус байна гэдэг тухайн вирус амьд уу, үхсэн үү гэдгээс эхлээд олон асуулт гарч ирж байна” гэлээ.
Өнгөрсөн нэг хоногийн мэдээгээр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 461 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тухайлбал, долоодугаар сарын 02-д Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 383 хүний давтан шинжилгээ, мөн өдөр АНУ-аас ирсэн 25 хүний гурав дахь удааггийн давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сорьцнуудаас түүврийн аргаар авсан дээжид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 287 байгаагаас 213 хүн эдгэрч гарсан бол 74 хүн эмчлүүлж байна. Үүнээс 60 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүн хүндэвтэр байгаа ажээ. Өнгөрсөн шөнө Австрали-Улаанбаатарын онгоцоор ирсэн 48 хүнээс сорьц цуглуулж шинжилгээнд өгсөн байна.