Улс орон эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа энэ үед банкны салбарынхан толгой эргэм ашиг олж байна. Энгийн ухаанаар бодоход ийм байх боломжгүй. Улс орны эдийн засаг, санхүүгийн салбарыг нэгэн цогц амьд махбодь гэж үзэх юм бол түүний эрүүл мэнд бүхэлдээ доройтчихоод байхад ганцхан эрхтэн нь өвдөлт, шаналлыг огт мэдэхгүй, харин ч илүү сайн ажиллаж байгаа ажээ. Мэдээж энэ бол гажиг үзэгдэл.
Монголын арилжааны банкууд яагаад ийм ер бусын ашигтай ажиллаад байна вэ. Энэ бол тогтолцооных нь гажиг гэдгийг судлаачид аль хэдийнэ оношилчихсон. Харамсалтай нь түүнийг өөрчлөх сэтгэл, зориг улстөрчдөд ч, банк санхүүгийн салбарынханд ч байдаггүй. Тийм болохоор арилжааны банкууд улс орныхоо эдийн засгийн туйлдуулан, аж ахуйн нэгж, компани, иргэдээ шулж мөлжин байж баяжиж хөлжсөөр. Улмаар Монголын арилжааны банкууд дэлхийд хаана ч байхгүй тийм их эрх мэдэлтэй болж хувирчээ.
Нэг үгээр хэлэхэд арилжааны банкуудын “таргалсан”, ард түмний турсан хоёр яг тэнцээд байна. Үүнийг ганц жишээнээс харж болно. Манай улсын арилжааны банкууд энэ оны нэгдүгээр сард 35 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж түүхэн дээд амжилт тогтоосон. Он дөнгөж гараад байхад арилжааны банкууд ингэж ашигтай ажилласан түүх өмнө нь огт байгаагүй юм. Тэд бизнесийн зээл олголтоо зогсоочихсон атлаа яаж ингэж асар өндөр ашигтай ажиллаж чадав. Хариулт нь маш энгийн. Арилжааны банкуудын ашиг орлогын алтан боломж нь өндөр хүүтэй Засгийн газрын бонд. Ийм бонд хугацаанаасаа хамаарч жилийн 17-19 орчим хувийн хүүтэй. Та бидний 13-15 хувийн хүүтэй хадгалуулсан мөнгийг л банкууд маань Засгийн газарт 18 хувийн хүүтэйгээр зээлүүлж дундаас нь ашиг олж суугаа хэрэг юм. Ерөөсөө л Монголын арилжааны банкуудын амьдарч байгаа гол арга хэлбэр нь энэ. Өндөр хүүгээр ашиг олж л байвал бусад нь тэдэнд огт хамаагүй. Нэг сард 35 тэрбум, жилд хэдэн зуун саяар хэмжигдэх цэвэр ашгийг арилжааны банкууд олж байна.
Тэдний энэ мөнгө хүүлэх бодлого нь Манжийн дарлалын үед буюу эдүгээгээс 100 гаруй жилийн тэртээ байсан данжаад Да Шен Күй гэгчийн байгуулсан пүүсийн мөнгө хүүлэлтээс ч харгис, хомхой байгаа ажээ. Даашинхүүгийн пүүс гэж нэрлэдэг уг пүүс монголчуудад өндөр хүүтэй мөнгө зээлсээр байгаад бүгдийг нь өрөнд оруулчихсан байсан гэдэг. Тэд сарын 0.5-1 хувь буюу жилийн 6-12 хувийн хүүтэй зээл олгож байсаннь тухайн үед маш өндөр хүү байж. Гэтэл өнөөдрийн манай арилжааны банкууд сарын 2-3 хувь буюу жилийн 24-36 хувийн хүүтэй зээл олгож байна. Хэрвээ зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол нэмж алданги тооцно.
Банкуудын олгож буй зээлийн хүү нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвараас хэт давсан хэмжээтэй, хэрвээ төлж чадахгүй бол барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, орон байрыг хураан авах нөхцөлтэй байгаа зэрэг нь хэрэглэгч хаан гэж өнгөн дээрээ рекламддаг өнөөгийн арилжааны банкуудын үнэн нүүр царай юм. Тиймээс монголчуудыг толгой дараалан өрөнд оруулж, мөнгө хүүлж байсан Даашинхүүгийн пүүс орчин үед зүсээ хувирган арилжааны банк гэдэг гоё нэр зүүгээд, зээлийн хүүгээ улам өсгөн, өөртөө зориулсан хуультай болчихоод сууж байна гэж хэлэхэд болох юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан арилжааны банкуудын үйл ажиллагаанд шалгалт хийгээдбанкууд иргэдийг төдийгүй, аж ахуй нэгжүүдийг өндөр хүүгээр мөлжиж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.Олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж нь 10-15 хувь байдаг. Хэрэв энэхүү өгөөж нь 10 хувиас бага бол банкуудад эрсдэлтэй харин 15 хувиас их бол үйлчлүүлэгч иргэдийг “шулж” байгаа гэж үздэг юм байна. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалтаар манай улсын зарим арилжааны банкны өөрийн хөрөнгийн өгөөж нь 25-30 хувь, жилийн ашиг орлого нь 80-100 тэрбум байгаа нь тогтоогдсон байна. Энэ бол Монголын арилжааны банкуудын ашиг орлогоолон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд хязгаарын босгоос хоёр дахин их байгааг харуулж байна.
Арилжааны банкуудын хүү тэнцвэрт зохист хэмжээнээс давж тэнгэрт хадсан гэдгийг батлахын тулд дахин баримт түшье. Дэлхийн 188 орноос банкны зээлийн хүү нь хэт өндөр буюу 20 хувиас давсан улс ердөө 12 байдгийн нэг нь Монгол.Манай улс арилжааны банкны зээлийн хүүгийн хэмжээгээр нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж ядуурал хоцрогдлын туйл болсон Мадагаскар, Малави, Гондурас Киргиз улсуудтай адил түвшинд байна гээд бодоод үз дээ.
Тэднийг ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг 1997 онд батлагдсан Банкны тухай болон Арилжааны тухай хуулиуд олгожээ. Энэ хоёр хууль Монгол Улсыг хорлосон гэж эдийн засагч Т.Баярхүү зэрэг судлаачид шуудхан хэлдэг. Үнэхээр ч уг хуулиудын цоорхойгоор арилжааны банкууд хөлжиж, эдийн засгаа мөлжсөөр ирсний үр дагавар нь 20 жилийн дараахь өнөөгийн хямрал хүндрэл. Арилжааны банкууд иргэдийг хэрхэн мөлждөгийн хамгийн энгийн жишээ л гэхэд зээл олгохдоо шимтгэл нэрээр 0,25-4 хувь хүртэл хэмжээний төлбөрийг авдаг. Түүнчлэн 1000-40 мянган төгрөгийн хураамж авдаг явдал. Ийнхүү зээл олголтын зардал гэх зээлийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг боловч хураамж гэх зээл олголтын зардлыг дахин давхардуулан авч байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгааг хууль хяналтын байгууллага тогтоосон.
Өнөөдөр ганц монголчууд ч биш дэлхий нийтээр арилжааны банкуудын энэ мэт мөлжлөгийг санхүүгийн имперализм хэмээн нэрлэж, түүний хор уршгийг ойлгож, үүнээс яаж гарах вэ гэдэг арга замыг эрэлхийлж байгаа ажээ. Харамсалтай нь манайд ийм оролдлого алга. Мөнгө, санхүүгийн тогтолцоогоо шинэчлэхгүйгээр цааш явах аргагүй болсон гэдгийг уг нь бизнесийн бүх салбарынхан яс, махандаа тултал мэдэрч байгаа.
Арилжааны банкуудын зээлийн дарамт, мөлжлөгөөс залхсан иргэд арай амар хялбар зээл авах гээд илүү дордуулсан нөхцөлд өөрсдийгөө оруулсан харамсалтай явдлууд олон арваар гарч байна. Өдрийн зээл гэгч бол үүний тод жишээ юм. Томоохон зах, худалдааны төвүүд дээр үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид мөнгө хүүлэгчдээс нэг өдрийн зээл аваад түүнийгээ эргүүлж төлж чадахгүйд хүрч ихээхэн хэмжээний өрөнд унаж, эцэстээ орон байр, лангуу гээд амьжиргааны бүх эх үүсвэрээ барьцаанд алдаж хохирох болжээ. Энэ бол арилжааны банкууд санхүүгийн зах зээл дээр хэт ноёрхол тогтоон, мөнгө хүүлэх болсны сүүдэр. Банкны тогтолцоо буруу байгаагийн илрэл. Арилжааны банкууд амьдралд нийцсэн зээлийн хүү санал болгодог, улс орныхоо эдийн засагт тохирсон алсын хараатай бодлого явуулдаг бол иргэд ингэж зальжин мөнгө хүүлэгчдэд луйвардуулахгүй байх байсан.
Нөгөө талаар арилжааны банкууд өөрсдөө тэрхүү хууль бус мөнгө хүүлэгчдээс ялгагдах юмгүй болсон тул иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, дэргэд банкны өр, хүү дийлдэшгүй болчихоод байгаа юм. Наад зах нь гэхэд арилжааны банкууд иргэдийн эд хөрөнгө, байшин сав, унаа, газар, эрдэс баялгийн ордууд бүгдийг барьцаанд аваад үл маргах журмаар өмчлөлдөө шууд авна гэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа нь Монголын төр засаг, монголчууд үндсэндээ банкуудын эрхшээлд байгааг харуулж байна. Манай улсын эдийн засгийн эргэлт 20 гаруй их наяд төгрөг буюу 10-аад миллиард доллар. Үүний 75 хувийг гуравхан том банк эзэмшиж, хянадаг. Гэтэл энэ гурван том банкийг хууль эрх зүйн хувьд, нийгэмд тарьж байгаа хор уршиг, сайн, муу нөлөөллийн хувьд, эсвэл ёс суртахууных нь хувьд шалгах тогтолцоо алга.
Хамгийн аюултай нь Монголын зах зээлд ноёрхдог банкууд болон Монголын санхүүгийн систем үндсэндээ гадныхны мэдэлд байдаг. Арилжааны банкууд мөнгө санхүүгийн бодлогоороо дамжуулаад Монголын эдийн засгийг атгаж, төр, засгийн бодлогод хэт их нөлөөтэй болсон. Энэ нөлөөгөө ашиглаад арилжааны банкууд зах зээлийн зарчмаар ажиллахаасааилүүтэй Засгийн газраар тэжээлгэж, иргэд, татвар төлөгчдийн мөнгийг хадгалж байгаа нэрээр өндөр хүүгээс ашиг унаган баяжиж байна. Засгийн газрын, өөрөөр хэлбэл ард түмний татварын мөнгийг өөрсдөд нь эргүүлэн өндөр хүүтэй зээлж байгаа нь арилжааны банкуудын увайгүй үйлдэл юм.
Засгийн газар өөрийнхөө хадгалуулсан мөнгийг арилжааны банкуудаас буцаан өндөр хүүтэй зээлж авсаар, эцэстээ хүүгийн дарамтад орох эрсдэл сүүлийн жилүүдэд гарах болсон. Тухайлбал Ч.Сайханбилэгийн Засгийн газар нийгмийн даатгалын сангийн мөнгөө арилжааны банкуудад 12 хувийн хүүтэй байршуулж, буцаагаад 15-16 хувийн хүүтэйгээр зээлж цалин, тэтгэврээ тавьж байсан юм. Үүнээсээ болж зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрч байв. Эндээс л арилжааны банкууд нийгмийн даатгалын мөнгийг Монголбанкны бодлогын хүү буюу хадгаламжийн хүүгийн хамгийн доод хэмжээгээр өөртөө байршуулчихаад Засгийн газарт ашгаа нэмж хүүлж өгснөөр асар их ашиг унагаж байгааг харж болно. Түүнчлэн гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн мөнгийг төсөл хэрэгжүүлэгчид, зохицуулагчид нь арилжааны банкуудад байршуулан өөрсдийнхөө дансанд оруулж гаргах замаар хүүгийнх нь ашгаас хүртдэг байна.
Тиймээс зээл, тусламжаар хэрэгжиж буй төслийн мөнгийг арилжааны банкинд байршуулахыг хориглох шийдвэрийг Сангийн сайд гаргаад байна. Энэ тушаалын дагуу Төрийн сангийн нэгдсэн дансанд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн дансыг шилжүүлсэн бөгөөд нийт 220 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлжээ.Сангийн сайдын дээрх тушаалаар энэ сарын 15 буюу өнгөрсөн баасан гаригаас эхлэн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн мөнгө бүгд Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжих болж байгаа юм. Энэ бол төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудын савраас салгаж авч буй хэрэг юм.
Арилжааны банкууд улс орны эдийн засгийг хэрхэн “хоролж” буйн жишээ нь тэдний охин компаниудын үйл ажиллагаа. Банкны тухай хуульд арилжааны банкууд охин компани байгуулах боломжийг нээж өгсөн нь олон сөрөг үр дагавар бий болгожээ.Тухайлбал, банкуудөөрсдөө барилгын охин компанитай байхаас гадна монополь барилгын компанийн хувьцаа эзэмших, хувьцаагаа эзэмшүүлэх зэрэг байдлаар хамтран ажилладаг байна. Энэ мэтээр арилжааны банкууд ил, далд байдлаар бүх салбар руу орсон нь эдийн засгийн өсөлтгүй, тэлэлтгүй болгодог сөрөг талтай гэдгийг эдийн засагчидонцолж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Банкны тухай хуульд охин компанитай холбоотой ганцхан заалт бий. Энэ заалтыг хуулиас хасах хэрэгтэй.Арилжааны банкууд маш олон хуурамч компани байгуулчихаад улсын өмчийг зувчуулах арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Худалдаа хөгжлийн банк л гэхэд “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ээс гадна гурав болон дөрөвдүгээр станц, Багануурыг авахаар бүх бэлтгэлээ базаачихсан байсан.Энэ бүх үйлдлийг охин компаниар дамжуулж хийгээд байгаа юм” хэмээн хэлж байв.
Арилжааны банкууд охин компанитай байж болно гэдэг дээрх хуулийн заалтаар дулдуйдаж оюуны өмчид ч ноцтой халддаг байна. Тэд хүмүүсийн сэдсэн бизнесийн санаа болон иргэдийн хадгалуулсан мөнгөний тусламжтайгаар охин компани байгуулан хөрөнгийн зах зээлд хүч үздэг аж. Шинэ бизнестээ хөрөнгө оруулалт хүссэн иргэнд татгалзсан хариу өгсөн атлаа тухайн арилжааны банк бизнесийнх нь санааг хулгайлан яг адилхан компани байгуулсан тохиолдол ч гарч байв. Арилжааны банкуудын энэ мэт хууль бус үйл ажиллагааны заримыг дурдъя.
Баримт-1. Ипотекийн зээлээс хэн хожив
Арилжааны зарим банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ өөр зээлд зарцуулж байгааг өнгөрсөн 2016 оны наймдугаар сард Монголбанкнаас хийсэн шалгалтаар илрүүлж байв.2013 оноос хэрэгжсэн ипотекийн зээлийг тухайн үед шинэ санаа, шинэ арга хэмжээ, эрэлтэд тулгуурласан нийлүүлэлт хэмээн олон нийт хүлээн авсан.Гэвч үр дүнг нь одоо харахад цаг үеэ төдийлөн сайн олоогүй, нийгмийн гэхээсээ тодорхой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн тусын тулд хийсэн бодлого гэж харагдахаар байна гэж эдийн засагчид дүгнэх болжээ. Орон сууц худалдан авагчид гэхээсээ илүүтэй арилжааны банкууд, Монголын ипотекийн корпорац, мөн эдийн засгийн тооцоолол муутай их хэмжээний барилга барьсан барилгын компаниуд энэхүү зээлийн системийн ашгийг хамгийн их хүртэж байгаа нь ингэж хэлэхэд хүргэж байгаа юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд арилжааны томоохон банкуудын цэвэр ашиг гэхэд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж байгаа. Зөвхөн зээлийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа МИК л гэхэд жилийн 30 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байгааг харахад энэхүү системээс хэн илүү хожиж байна вэ гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Баримт-2. Нийгмийн даатгалын мөнгө ба ашиг сонирхол
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын санд хийсэн шалгалтаар банкуудын өрсөлдөөнийг хязгаарлан, зарим банканд давуу байдал олгосон гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тухайлбал, нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо банкуудад чөлөөтэй өрсөлдөх нөхцөлөөр хангаагүй, өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкинд давуу байдал олгосон байжээ.Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгох үйлчилгээний 45 хувийг дангаар гүйцэтгэдэг “Хаан” банкинд нийт хадгаламжийн 2.3 хувийг байршуулсан байхад “Капитал” банкинд 35.7 хувийг байршуулсан байжээ. “Капитал” банкинд ийнхүү давуу тал олгосон нь уг банкны эзэмшигчид нь улс төртэй холбоотойнх гэж болно.
Хэн юу хэлэв
Эдийн засагч, доктор Т.Баярхүү: Бүгд арилжааны банкуудад барьцаалагдсан
-Арилжааны банкууд бол тийм сайхан буянтай байгууллага биш ээ. Тэдэнд ард түмэнд, төр засагт хийж байгаа буян байхгүй. Харин аюултай нь хэнд зээл өгөх вэ гэдгээ арилжааны банкуудын эзэд шийдээд байгаа. Тэд аль улстөрийн нам, аль компанид зээл өгөх вэ гэдгээ мэддэг. Цагдаа, хууль, шүүхийнхэнд зээл яажөгөх вэ гэдгээ мэддэг. Бүгд барьцаанд нь орчихсон.Улс төрийн намууд нь арилжааны банкуудаас хандив маягаар санхүүжилт авдаг. Улстөрчдийн ар гэр, хамаатан садан нь бизнесийн зээл аваад банкуудад барьцаалагдсан. Тэгэхээр аль нэг намаас шалгаалахгүйгээр тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй болсон.
/Фэйсбүүкээр хийсэн шууд ярилцлагаас нь/
Эдийн засагч Х.Батсуурь: Манайд банк, санхүүгийн мөлжлөгийн систем үйлчилж байна
-Монгол Улс өдийг болтол хоцронгуй хөгжилтэй байгаагийн нэг үндсэн шалтгаан нь манайд банк санхүүгийн мөлжлөгийн чанартай систем үйлчилж байна. Хэдийгээр бид хөрөнгөт ертөнцөд амьдарч байгаа ч гэсэн улс орны хөгжлийн бодлогын хувьд зах зээл, капитализм гэж худал хийрхэх биш харин улсынхаа онцлогт нийцсэн эдийн засгийн бодлогыг удирдлага болгох ёстой. Үүнд нэн тэргүүнд банкны систем дан ашгийн төлөө бус харин бизнес, эдийн засгаа дэмжсэн ажиллагаатай байх шаардлагатай. Мухардмал байдлаас гарах гараа магадгүй үүнээс эхэлнэ.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин. 2016 оны гуравдугаар сарын 19