Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2021-2024 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төсөл ирэх жилээс дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн явцад Япон улсаас мэдлэг, туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүд ирж сургалт, семинар явуулахаас гадна манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүдийг Япон, Малайзад сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Төслийн нэгдүгээр шатны “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг 2016-2020 онд амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс хоёрдугаар шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралыг нь сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
Тус төсөл 2020-2024 он буюу таван жил хугацаанд Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжих юм.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар үйл ажиллагааг хэрэгжүүлж улсын хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, дэмжих талаар олон нийтэд зориулсан мэдээллийг түгээх ажээ.
Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, НЛМ Норвегийн тусламжийн байгууллагаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төслийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Баян-Өлгий, Ховд аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар хамтран 2020-2024 он буюу таван жил хугацаанд Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжих юм байна.