МАН парламентын сонгуульд олонх болж, Засгийн газраа бүрдүүлэх эрхийг ард түмнээс авч чадсан. Тиймдээ ч ирэх жилүүдэд иргэдийнхээ итгэлийг алдахгүй ажиллах их хариуцлага тэдэнд бий.
УИХ-ын шинэ гишүүд үнэмлэхээ авч, тангарагаа өргөснөөр МАН-ын ялалтын баяр дуусч, цаг хугацааны тоолуур явж эхлэв. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа зөв бүрдүүлэх нь чухал. Ингэхдээ улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод голчлон анхаараасай гэж хүсч байна. Ялангуяа Улаанбаатар хотын ирээдүйн бодлого, төлөвлөлт, шийдвэрийг гаргадаг Хотын хөгжлийн агентлагийг юмуу түүнтэй дүйцэх хэмжээний нэгжийг УИХ, Засгийн газарт шинээр байгуулах шаардлагатай байна. УИХ, Засгийн газарт хот бие даасан ийм нэгж, агентлагтай болсноор Улаанбаатарыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг тууштай хэрэгжих боломж бүрдэнэ. Хотын зөв төлөвлөлт, хөгжлийн бодлогод нийслэлчүүд санаа зовохооргүй байж болох юм.
Өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд Хотын даргаар ажилласан С.Амарсайхан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлуулж чадсан. Мөн Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” баримт бичигт “Улаанбаатар ба дагуул хот” хэсгийг оруулж өгсөн нь өнөөдөр нийслэл хотын хөгжлийг бодлогын түвшинд авч үзэж буйг илтгэж байна.
Эдгээр баримт бичигт нийслэлийн хотын хөгжил төдийгүй дагуул хотууд, шинэ хотуудыг бий болгох асуудлыг тусгасан. Улаанбаатар өнөөдрийнх шиг дөрвөн уул дундаа байх бус тэлж хөгжих бодлогыг баримталсан ийм чухал цаг үед хотын хөгжлийн бодлогыг хариуцсан нэгжийг Засгийн газарт байгуулах шаардлагатай байгаа юм.
Түүнчлэн богино хугацаанд буюу нэг жилийн хугацаанд Хотын даргаар ажиллахдаа хийсэн ажлаараа нийслэлчүүдийн талархалыг хүртэн, нийслэлд хамгийн өндөр хувийн санал авч УИХ-ын гишүүн болсон С.Амарсайханы ажлын туршлага, хичээл зүтгэл, санал санаачилгыг энд орхиж боломгүй санагдана. Хотын даргын эхлүүлсэн ажил, шийдвэр, санаачилсан бодлогын ажлуудыг шинэ агентлаг цаашид үргэлжлүүлж, төрийн залгамж халааг авч явах нь нийслэлчүүдийн ирээдүйд тустай үлгэр болох юм. Иймээс л Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд Улаанбаатарын хөгжил хийгээд ирээдүйн төлөвлөлт, урт хугацааны бодлогыг чиглүүлж ажиллах хотын хөгжлийн бодлогыг хариуцсан салбар нэгжтэй болмоор байна гэдгийг үүгээр дахин уламжилъя.
Л.БУЯН