Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё ирэх ням гаригт эхэлнэ. Энэ сард Азүмарү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар жюүрёогоос дэвшин дээд зиндаанд барилдах юм. Сүмогийн холбоо башё бүрийн өмнө онцлох гурван бөхөөс ярилцлага авдаг. Энэ уламжлалын дагуу нэгдүгээр сарын башёгийн өмнөх ярилцлагад гурван бөхийг урьсны нэгд Кирибаяма Б.Лхагвасүрэн багтжээ. Тэрээр, “Би макүүчид шинээр дэвшсэн Мичиноку дэвжээний маэгашира Кирибаяма байна. Одоо би качи-коши руу хүрэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Таны бүхний эелдэг дэмжлэгт баярлалаа” хэмээн ярьжээ.
Кирибаяма Б.Лхагвасүрэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул бөгөөд яг жилийн өмнө нэгдүгээр сарын хацү башёд амжилттай барилдсанаар тэрээр жюүрёод дэвшин сэкитори болсон юм. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард дээд зиндаанд дэвшсэн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Их баяртай байна. Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо. Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргаас их юм сурч байна. Би хоолондоо сайн биш. Харин аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” гэж ярьсан байна. Түүний багш Мичинокү ояаката “Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард манай дэвжээ ганц ч цолтой бөхгүй байлаа. Харин одоо нэг аварга, нэг маэгаширатай шинэ жилээ угтаж байна. Ёкозүнатай хамт бэлтгэл хийж байгаа бөх улам сайн барилддаг ёстой” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Кирибаяма Б.Лхагвасүрэн энэ сарын тэмцээнээс эхлэн их аварга Какүрюүгийн дохёнд гарах ёслолд оролцох юм билээ. Нутаг нэгт их аварга Харүмафи, Хакүхо нарын барилдааныг шимтэн үзэж, тэднийг биширч, даган дууриадаг гэдгээ нуудаггүй Кирибаяма Б.Лхагвасүрэн ийнхүү энэ цагийн сүмогийн манлайн нэг нутаг нэгт их аваргатайгаа нэг дэвжээнд бэлтгэл хийн чамбайрч, дээд зиндаанд хүч үзэх гэж байна.