Өрнөж буй үйл явц, улстөрчдийн тайлбар сэлтээс харахад ийм асуулт зүй ёсоор урган гарч байна. МАН-ын ээлжит наймдугаар Бага хурал процедурын алдаатай, хууль, дүрмийн зөрчилтэй болж өнгөрсөн гэдгийг хуульчид, улстөрчид төдийгүй МАН-ын Бага хурлын гишүүд нь ч хэлж байна. МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр энэ талаар өчигдөр хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байхад шинэ даргыг сонгосон нь дүрмийн зөрчил болсон гэж мэдэгдсэн. МАН-ын дүрмийн дагуу бол эхлээд намын дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүнийг нь Бага хурлаар батламжилсан тохиолдолд дараагийн даргыг сонгох үйл явц эхэлж, нэр дэвшигчдийг бүртгэж, санал хураалт явуулах ёстой. Энэ бол зөвхөн МАН-ын дүрэм ч биш. Аливаа байгууллагын удирдлагыг сонгоход ийм л процедур үйлчилдэг.
Удирдах албан тушаалтан нас барсан бол, эсвэл өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн хувьд тухайн албыг хаших боломжгүй болсон зэрэг шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял, шийтгэл сонссон гэх мэт үндэслэлээр аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн Удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөл нь байгууллагын даргыг чөлөөлдөг. Ингэж чөлөөлснөөр дараагийн хүний асуудлыг ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл дээрх үндэслэл, шалтгаануудын аль нэг бий болж, тухайн дарга албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсний дараа нэр дэвшүүлэх үйл явц, сонгууль, сунгаа эхлэх дүрмийн болоод хуулийн боломж үүснэ гэсэн үг. Гэтэл сая тийм процедур өрнөөгүй. Тодруулбал, Бага хурлаас намын даргыг сонгох ганц тохиолдол нь МАН-ын дүрмийн 20.3.7-д байгаа “Намын даргын орон гарвал” гэдэг заалт. Ийм орон гараагүй байхад даргын сонгууль явуулсан гэсэн үг.
Үүнийг нотлох мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өчигдөр хэвлэлд өгчээ. Тэрбээр “Зууны мэдээ” сонинд өгсөн тодруулгадаа “Намын дарга Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн. Миний ширээн дээр хоёр тогтоол байна. Нэг нь Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлсүгэй гэсэн, нөгөө нь тооллогын комиссын гаргаснаар Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосугай гэсэн хоёр тогтоол байна. Эхний тогтоолоор намын даргаа чөлөөлөөд, дараагийн тогтоолоор намын даргыг батламжлах нь логикийн хувьд зөв. Энд Л.Оюун-Эрдэнэ хэзээ өргөдлөө өгсөн нь төдийлөн ач холбогдолтой биш. Хамгийн гол нь өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсүгэй гэсэн тогтоол эхэнд нь, дараа нь Бага хурлын шийдвэрийн дагуу Д.Амарбаясгалан гэдэг хүнийг томилсугай гэсэн байх нь чухал. Хамгийн гол нь Дээд шүүхэд хууль эрх зүйн үндэслэлээ л бид гаргаж өгөх ёстой. Тиймээс өргөдлөө өмнө өгсөн үү, хойно нь байна уу, хэдэн цаг хуралдсан гэдэг бол асуудал биш” гэжээ.
МАН-ын Бага хурлыг даргалсан хүний энэ тайлбараас харахад Л.Оюун-Эрдэнэ намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө сүүлд өгсөн гэдэг нь шууд уншигдаж байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Л.Оюун-Эрдэнэ хэзээ өргөдлөө өгсөн нь төдийлөн ач холбогдолтой биш. Тиймээс өргөдлөө өмнө өгсөн үү, хойно нь байна уу, хэдэн цаг хуралдсан гэдэг бол асуудал биш” хэмээн дахин дахин хэлж. Мөн “Эхний тогтоолоор намын даргаа чөлөөлөөд, дараагийн тогтоолоор намын даргыг батламжлах нь логикийн хувьд зөв. Хамгийн гол нь өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлсүгэй гэсэн тогтоол эхэнд нь, дараа нь Бага хурлын шийдвэрийн дагуу Д.Амарбаясгалан гэдэг хүнийг томилсугай гэсэн байх нь чухал” гэж мөн хоёр удаа давтаж. Эцэст нь Улсын дээд шүүхэд л хууль, эрх зүйн зөв үндэслэлээ гаргаж өгөх ёстой гэдэг гол санаагаа хэлжээ. Өөрөөр хэлбэл, ямар арга замаар, процедураар Д.Амарбаясгалан ялсан нь хамаагүй. Гол нь УДШ дээр л шинэ намын даргаа бүртгүүлээд авах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна.
Эцэст нь дүгнэхэд, Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө Бага хурлын төгсгөлд нь буюу Д.Амарбаясгаланг даргаар сонгогдсоны дараа өгчээ. Хэн ялалт байгуулах нь вэ гэдгийг хүлээж байгаад намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бололтой. Хэрвээ Г.Занданшатар ялалт байгуулсан бол Л.Оюун-Эрдэнэ чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй, тэр чигтээ гүрийнэ. Адгийн зарга арав хоногтой гэгчээр намын даргын тамгаа өгөхгүй уллаж, асуудлыг сунжруулан жонхууруулах төлөвлөгөөтэй байсан байж мэднэ. “Л.Оюун-Эрдэнэ намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө хэзээ өгсөн нь чухал биш” гээд байгаагийн цаана ийм булхай нуугдаж байж гэж хардах үндэслэл хангалттай байна.
Чөлөөлөгдөөгүй байгаа даргынхаа орны хүнийг сонгохоор санал хураалт явуулсан бол МАН-ын Бага хурлын шийдвэр хууль бус, дүрмийн бус гэдэг нь нотлох шаардлагагүй үнэн буюу аксиом мөн. Өргөдлөө өгөөгүй дарга нь өөрийн хүнээ сонгуулахын тулд эрх мэдлээ ашигласан байж мэдэх үндэслэл ч эндээс гарна.

