Wednesday, October 28, 2026

Ургац хураалт 88.1 хувьтай үргэлжилж байна

Date:

ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН СТРАТЕГИЙН НӨӨЦӨД 109.8 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ БҮРДҮҮЛЖЭЭ

Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан  2026 оны төсвийн тодотголоор тус яамны багцад тусгагдсан 120.0 тэрбум төгрөгөөр стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад үүрэг болгов. Тус санхүүжилтийг цаашид стратегийн нөөцийг зузаатгах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд үр ашигтай зарцуулна. Засгийн газраас уг арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг 2026 оны 12 дугаар сарын 23-ны дотор эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын ургац хураалт, стратегийн нөөц бүрдүүлэх чиглэлээр танилцуулсан мэдээллийг хүргэж байна.

ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН СТРАТЕГИЙН НӨӨЦ 109.8 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ БҮРДҮҮЛЭВ

Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байгаа бөгөөд 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.

ДОТООДЫН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЗОРИУЛАН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Намрын ургацаас гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нийт 185.3 мянган тонн улаанбуудай худалдан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20.2 мянган тонн гурил, 9.5 мянган тонн хивгийн нөөцтэй байна.

Стратегийн гол хүнс болох гурилын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын гурилын хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох улаанбуудай худалдан авахад зориулан нийт 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий, нэг жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 8.5 МЯНГАН ТОНН ТӨМС, 1.6 МЯНГАН ТОНН СОНГИНО, 2.9 МЯНГАН ТОНН ШАР ЛУУВАН, 1.2 МЯНГАН ТОНН ШАР МАНЖИН НИЙЛҮҮЛЭХ ЗАХИАЛГЫГ ТУС ТУС ИРҮҮЛСЭН

Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногооны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улирлын чанартай хомсдол, үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, зах зээлийн үнийг тогтворжуулах зорилгоор 4 төрлийн ногооны нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 Үүнтэй холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн цахим системд бүртгэлтэй, гарал үүсэл нь тодорхой төмс, хүнсний ногоог тариаланчдаас шууд худалдан авах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлж, төмс, хүнсний ногоо нийлүүлэх тариалан эрхлэгчдийн хүсэлтийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ил тод нээлттэй хүлээн авч, тариалан эрхлэгчдийг тэгш оролцох боломжоор ханган ажиллаж байна.

Үүний хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдээс өнөөдрийн байдлаар 8.5 мянган тонн төмс, 1.6 мянган тонн сонгино, 2.9 мянган тонн шар лууван, 1.2 мянган тонн шар манжин нийлүүлэх захиалгыг тус тус ирүүлээд байна.

Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн нийт 3,500 тонн, орон нутагт 3 аж ахуйн нэгжийн нийт 2,200 тонн бүтээгдэхүүн хадгалах багтаамж бүхий бүрэн автомат системтэй агуулахуудыг түрээслэн ашиглаж байна. Мөн стандартын шаардлага хангасан, автомат систем бүхий төмс, хүнсний ногооны зоорь бүхийтариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх чиглэлээр тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээгдэхүүний татан авалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нөөц бүрдүүлэлтийн ажлын явц 50 хувьтай байна.

5,000 ТОНН ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Геополитикийн өрсөлдөөн, бүс нутгийн хямрал, мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсад шатах, тослох материалын хангамж, нийлүүлэлт тасалдах, улмаар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн.

Үүнтэй холбогдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийн шатахууны хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн нефтийн агуулахад байнгын нөөц бүрдүүлэхээр 5,000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх нөөцийг бүрдүүлэх хүрээнд “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 7,000 тоннын багтаамжтай нефтийн агуулахад хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТ 25 АЖ АХУЙН НЭГЖЭЭС НИЙТ 12.8 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭД БАЙНА

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан зарласан сонгон шалгаруулалтын хшрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирүүлсэн болно.

Дээрх хүсэлтүүдийг арилжааны банкууд судлан шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 11 аж ахуйн нэгжийн нийт 82.2 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэснээр 4,200 тонн нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн боломж бүрдээд байна.  Мөн өөрийн хөрөнгөөр нөөцийн мах бэлтгэх хүсэлт гаргасан 2 аж ахуйн нэгжтэй нийт 1,500 тонн мах бэлтгэх гэрээг байгуулаад байна.

Түүнчлэн 4 андеррайтер компанийн оролцоотойгоор 17 аж ахуйн нэгжийн нийт 6,100  тонн мах бэлтгэх хүсэлтийг судлан ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 15-ны өдрөөс санхүүжилт олгож эхлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд 5.0-6.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэх боломж бүрдэнэ.

Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг http://dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийг цахим системийн сургалтад хамруулж, бүртгэл үүсгэн ажилласны үр дүнд одоогийн байдлаар нийт 1,626.8 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн  мэдээллийг системд бүртгээд байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 9 дүгээр сараас эхлэн нийслэлд байрлах нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийн агуулах, цехүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Ийнхүү батлагдсан төсвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй зохион байгуулж, чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлнэ. Уг ажлын явц, үр дүнгийн талаар холбогдох тайланг нэгтгэн Засгийн газарт тайлагнаж ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар,...

ОХУ, Украин, АНУ-ын хэлэлцээг 11 дүгээр сарын 04-нд зохион байгуулахаар урьдчилан төлөвлөжээ

Гал зогсоох тухай ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээг...

2027 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, уул уурхайн орлогын эрсдэлийг хэлэлцлээ

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас “Монгол Улсын 2027 оны төсвийн...

Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Гэрээс сургууль хүрэх зам”...