УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард улс орны хөгжил хоцорч, айл өрхийн амьдралд тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой гэдгийг намрын чуулганы эхэнд онцлон анхааруулсан.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Ард түмэн биднийг цалин тэтгэврээ нэмэх, түлш шатахууны дутагдал, цахилгаан, эрчим хүчний хязгаарлалтыг хэрхэн шийдэхийг нүд цавчилгүй харж байна. Ирц оролцоо, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдэл хувилбар дэвшүүлэн урагш ахиулах ёстой болохоос улдан чангааж хойш сууснаар шийдэхгүй.
Олон жил бугшсан намчирхал, талцлыг эцэс болгож, шударга ёсыг тогтоож, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, засаглалыг сайжруулах, шударга шүүхийг бэхжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад чиглэсэн хуулиудаа нэн тэргүүнд эрэмбэлэн батлах ёстой гэж үзэж байгаагаа мөн илэрхийлсэн.
Энэ намрын чуулганаар 2027 оны төсвийн тухай хуулиас гадна Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах, Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлээд байгаа юм.
Тиймээс УИХ-ын дарга “Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна” хэмээн анхааруулсан.

