2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өгчээ
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага 2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:30 цагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын анализ болон спортын биохимийн институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д амжилттай хүлээлгэн өгсөн байна.
Нийт 164 сорьцыг тээвэрлэх, лабораторид хүлээлгэн өгөх ажиллагаа нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор явагдаж, сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу ханган ажиллажээ.
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний албан ёсны хариуг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын анализ болон спортын биохимийн институтээс өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагаас эхлэн нэгэн зэрэг цахим шуудангаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага гэсэн гурван байгууллагад нэгэн зэрэг албан ёсоор ирүүлэх юм байна.


