Зардал үйлдвэрлэгч захиргаа, аж ахуйг засаглал болгох шинэчлэл
Төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын зардал гэж толгой эргэм тоон дүн байдаг. Төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат сул, захиргааны зардал хэт өндөр зэргийг бүгд мэдээд байгаа хэр нь өнөөдрийг хүртэл бодит үйлдэл хийгээгүй ирсэн нь хачирхалтай . Нээлттэй нийгэм хүрээлэнгийн судалгаагаар ч төрийн өмчит компаниудын захиргааны бүтэц, зардал хэт данхайж, эдийн засагт үзүүлэх нөлөө нь өссөн атлаа төсвийн алдагдал нь хэдэн тэрбумаар тоологдож байгааг онцолжээ.
Энэ байдлыг зоригтой өөрчлөх санаачилгыг хуучнаар “Эрдэнэс Монгол” нэгдэл буюу “Чингис хаан баялгийн сан” нэгдэл эхлүүлж байгаа аж. Тус нэгдэл харьяа төрийн өмчит компаниуддаа бүтцийн болон засаглалын шинэчлэл хийж буй. Бүтцийн шинэчлэлийн нэг хэсэг нь Захиргаа, аж ахуйн газар гэж төрийн байгууллага, төрийн өмчит компани бүхэнд байдаг данхар, нүсэр тогтолцоог зардал үйлдвэрлэгч биш засаглалын уураг тархи болгон цомхотгон цэгцлэхэд чиглэжээ. Тухайлбал, өөрийн бүрэлдэхүүнд багтдаг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Эрдэнэс газ” ХХК, “Эрдэнэс Үйлдвэрлэл технологийн парк” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК зэрэг компаниудынхаа Захиргаа, аж ахуйн газруудыг нэгтгэн Дундын үйлчилгээнд шилжүүлэхээр болсон явдал.
Дундын үйлчилгээнд бичиг хэрэг, архив, хүний нөөц, санхүүгийн тайлагнал, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зэрэг чиг үүргүүдийг хамааруулах боломжтой. Ингэснээр ижил чиг үүрэг, нэг зорилготой нэгжүүдийн үйл ажиллагааны давхардлыг арилгаж, нэгдсэн үйлчилгээ, нэг стандарт, нэгдсэн системтэй болгоно. Зургаан компанийг хариуцсан нэг л Захиргаа, аж ахуйн газар байна. Зүйрлэж хэлбэл зургаан компьютер дундаа нэг принтертэй болно гэсэн үг. Ингэж таван принтерийн зардлыг хэмнэнэ.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” компанийн хувьд дээрх 6 компанид дундын үйлчилгээ нэвтрүүлснээр давхардсан орон тоо багадаа 95-аар буурна. Цалин болон оффисын түрээсийн зардалд л гэхэд жилд 6 орчим тэрбум төгрөг хэмнэх боломж гарч ирж буй юм байна. Энэ бол бодитой бас боломжтой хэмнэлт. Тус нэгдлийн энэ жишгийг төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд “копи пэст” хийчихвэл жинхэнэ чөлөөлөлт, үр дүнтэй хэмнэлт болно доо.


